Улаанбурханы дэгдэлт намжих болоогүй юу
1958 онд анх манай улсад бүртгэгдэж байсан Улаанбурхан өвчин өнөөдөр Улсын хэмжээнд дэгдэлтийн байдалтай байна. Өнгөрсөн гурван сараас эхлэн гарсан эл өвчин өнөөдөр тавдугаар сар дуусаж байхад дэгдэлтийн байдалтай байна. Тодруулбал, Улаанбурхан өвчний 8247 сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагдаад байна. Тэгэхээр өнөөдөр манай улсад нийт 1714 хүн эл өвчнөөр өвдсөн байна. Харин бусад нь улаанбурханаар өвчилсөн байх магадлалтай гэсэн үг юм.

Гэтэл манай улс өнгөрсөн 2014 онд манай улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан улс хэмээх нэр хүндийг ДЭМБ-аас хүртсэн. Өөрөөр хэлбэл, Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны дөрвөн орны нэгээр тодорч, ДЭМБ-аас улаанбурхангүй орон болохыг баталсан батламжаа гардаад байсан юм. Учир нь энэ өвчин манай улсад сүүлийн 4-5 жил халдварын дэгдэлт гараагүй учир ийн улаанбурхангүй орон гэсэн батламжийг гардсан. Гэтэл  батламжаа аваад удаагүй байтал бага насны хүүхдүүдээс эхлээд насанд хүрэгчид хүртэл энэ өвчнөөр өвчилж байгаа нь  харамсалтай, бас ичмээр. Гэхдээ өвчин гэдэг хийсэж ирдэггүй болохоор үүнд ичээд байх зүйл үгүй гэж зарим нэгэн хэлэх байх. Гэхдээ олон улсын байгууллагаас ийм нэртэй батламж авчихаад түүнээ биелүүлж чадахгүй байна гэхээр яалт ч үгүй санаа зовох асуудлын нэг юм.

 Дэгдэлтийн орчин
Энэ өвчнөөр хүн нэг л удаа өвчилдөг. Харин дээрх өвчин илэрсэн хүүхдүүдийн дийлэнх нь вакцинд хамрагдах наснаас өмнөх буюу 9 сараас бага сартай хүүхдүүд байгаа юм. Мөн цөөн тохиолдолд вакцинд хамрагдсан хүүхдүүд, том хүмүүс өвчилсөн байна. Эдгээр хүүхэд томчуудын дийлэнх нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Үүнээс гадна нийслэлийн хамгийн их оюутан суурьшдаг их сургуулиудын оюутны байруудад энэ өвчин дэгдээд байгаа юм. Тиймээс оюутнуудыг халдвараас сэргийлэх үүдээс хичээл сургуульд нь масктай явуулж байна. Гэхдээ хөл хорио тогтоогоогүй. Тэгэхээр энэ өвчинг хурдхан л дарж авахгүй бол газар авах аюул манай улсад аль хэдийн нүүрлээд байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа хүүхэд багачуудын маань дуртай Олон Улсын хүүхдийн баяр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөгөөнүүдийг ЭМЯ-аас гаргасаар байгаа билээ.

Улаанбурхан хаанаас ирэв
Энэ өвчин зөвхөн манай улсад ч бус ОХУ, Хятад, Казакстан зэрэг улсад нэлээд дэгдээд байгаа ажээ. Харин манай улсад гарсан өвчин нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж гэсэн гэх судалгааг, ХӨСҮТ-ээм хийжээ. Хятадад Улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн байна. Эдгээрийн вирус нь манай улсад бүртгэгдсэн вирустэй ижил төрлийнх байгаа юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноор вакцинд хамрагдах хүүхдийн тоо буурсан. Үүнээс болж вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Дашрамд хэлэхэд, хүн ам нь тэрбумаар хэмжигддэг Хятад улсад 2000 гэдэг тоо бол бага. Харин манай улс шиг цөөн хүн амтай оронд бол их тохиолдол юм. Иймээс манай улс эрсдэлтэй иргэдээ вакцинд хамруулж, эл өвчний дэгдэлтийг яаралтай зогсоох хэрэгтэй байгаа юм. Иймээс дүүрэг бүрт дархлаажуулалтын аян эхлээд байна.

Улаанбурханы халдварын эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд энэ сарын 15-наас хийж эхэлсэн. Дархлаажуулалтад зургаан сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах бөгөөд энэ сарын 26-ны байдлаар нийт хүүхдийн 80 хувь нь хамрагдаад байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Дархлаажуулалтыг арав хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ч хүүхдүүд бүрэн хамрагдаагүй учир 100 хувь хамруулахаар дархлаажуулалт хийх хугацааг сунгажээ. Улсын хэмжээнд ийм насны 370 мянган хүүхэд байгаа юм. Мөн оюутнуудыг ч дархлаажуулалтад хамруулж байгаа юм байна.

Шинж тэмдгээр нь таньсан бол эмчид ханд
Хүүхэд ханиаж, өндөр халуурах, нүд нь нуухтах, хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрвэл яаралтай харъяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй. Энэ нь Улаанбурхан өвчний эхний шинж тэмдэг юм. Түүнчлэн завьжны дотор талд улаан хүрээтэй цагаан тууралт гардаг. Мөн биеийн толгой хэсгээс эхлэн гүвдрүүт толбон тууралт гарч их бие, хөл хэсгээр туурч эдгэрдэг. Өвчин хөнгөн хэлбэрээр тусвал гурав хоног үргэлжилдэг.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.