Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийв
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Хуралд тус зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Шүүхийн эерэг сөрөг мэдээлэл” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.

Тэд хэлэхдээ “Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн нэгдүгээрсарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёрдахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6,11 дэхь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг боловс­­руулж, Засгийн газар­­тай зөвшилцөн энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан билээ.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулж, хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор ийнхүү хэвлэлийн бага хурал зарласан юм” гэв. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө зайлшгүй батлах шаардлагатай гэдгийг тэд онцоллоо.

Тухайлбал, Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж дараах таван чиглэлээр өөрчлөлт оруулахаар тусгажээ. Уг төсөлд давж заалдах шатны шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд тоогоор дугаарлаж байсан нэршлийг өөрчилж, тухайн шүүхийн байрших газрын нэрээр нэрлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, дээрх аймгуудын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” гэх мэт. Хуулийн төсөлд давж заалдах шатны шүүх нь харьяалж буй бүх аймагт байрлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан аймаг бүрт шүүх хуралдаан хийх боломжтой. Энэ нь аймаг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа юм. Түүнчлэн Сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан юм. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг нийт 21 аймаг, нийслэлд байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Тухайлбал Булган, Сэлэнгэ аймагт шинээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах юм. Ингэснээр энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд заасан зөрчил арилна. Харин Дүүргийн шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх гэж нэрлэснийг өөрчилнө. “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэж, Улаанбаатар хотод байгуулна. Ингэснээр дүүрэг тус бүр харьяалах шүүхтэй болох юм.

Энэ хууль батлагдсанаар шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй бөгөөд шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асууда гарахгүй, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн зэрэгцээ их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй байхаар боловсруулсан талаар онцлож байсан юм. Харин Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон хоёр ерөнхий шүүгч, зургаан шүүгч тус тус нэмэгдэж байгаа боловч энэ тоо нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол “Шүүгчийн орон тоог батлах тухай”-гаар баталсан орон тооны хязгаарт багтаж байгаа болно.

Давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүгч томилолтоор ажиллахтай холбог­­дон нэмэлт зардал гарах боловч эдгээр нь энэ онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардлагагүй юм байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.