Польш шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
Польшийн улс төрд шинэ хүн гэж тооцогдож байсан, олны танил болж амжаагүй байсан Анжей Дуде Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын 53 хувийн санал авч ялалт байгуулжээ. Цөөн хэдэн хүн мэддэг байсан Дудег сонгуульд ялахад залуу сонгогчид шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж шинжээчид үзэж байна. Залуусын дунд ажилгүйдэл өндөр байгаа, цаашид өсөн дэгжих ирээдүйгүй байгаа явдалд сэтгэл дундуур яваагаа илэрхийлэн хуучин Ерөнхийлөгч Коморовскийн төлөө, түүний төлөөлсөн “дээдсийн хүрээний” төлөө бус харин “ард түмний” дундаас гарч ирсэн, “хэний ч мэдэхгүй” 43 настай залуу хүнийг сонгосон аж.
 
Ялалтдаа итгэлтэй байсан Коморовский болон түүний талынханд энэ явдал нэлээд том цохилт, ноцтой анхааруулга боллоо. Учир нь, 2015 оны намар Польшид парламентын сонгууль болох бөгөөд түүнд Коморовскийн талынхан бус харин Дудегийн талынхан ялах магадлал эрс нэмэгдэж байгаа хэрэг юм. Хэрэв ингэвэл Польшийн дотоод болон гадаад бодлогод нэлээдгүй өөрчлөлт орох нь гарцаагүй болж ирэв.
 
Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг. Анжей Дудегийн ялалт польш залуучуудын хувьд ихээхэн итгэл найдвар төрүүлж байж болох ч Европ, түүний дотор Польш ба Герман хоорондын харилцаанд нэлээд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг зарим шинжээч анхааруулж байна. Юуны өмнө хэн ч танихгүй шахуу Дудег одоогийн сөрөг хүчний үндсэрхэг консерватив үзэлт “Хууль ба шударга ёс” намын тэргүүн Ярослав Качиньский Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өмнө Дуде нь Европын парламентад “Хууль ба шударга ёс” намыг төлөөлөн сууж байсан. Харин Дудег “өөд нь татсан” Ярослав Качиньскийг 2005-2007 онуудад Ерөнхий сайд хийж байх үеийг хүйтэн дайнаас хойших Польш ба Герман харилцааны хамгийн хүнд үе гэж тооцох болсон. Качиньский нь Европын холбооны явуулж байгаа бодлогын талаар ямар ч буулт, зөвшилцөл хийдэггүй хатуу байр суурь баримталдаг, Оросыг зүйл бүрээр эрс ширүүн шүүмжилдэг байдал нь олон ээдрээ үүсгэж яваандаа Польшийг олон улсын тавцан дээрх “ааштай хүүхэд” гэж үзэх болсон.  Тэгэхээр одоо Дуде өөрийг нь дэвшүүлсэн хүний үгийг цаашид сонсох уу эсвэл өөрийн гэсэн бодлого явуулж эхлэх үү гэдгээс олон зүйл хамаарах болоод байна.
 
Польшийн Ерөнхийлөгч нь зөвхөн төлөөлөл, бэлэг тэмдэг төдий биш. Юуны өмнө тэрээр гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод бодитоор нөлөөлж чадах эрхтэй, хуулинд хориг тавих эрхтэй байдаг. Ийм нөхцөлд  гадаад ба дотоод бодлогодоо олон зөрчил, ээдрээтэй Польш нь тэртээ тэргүй ээдрээтэй байдаг олон улсын нөхцөл байдлыг улам ээдрээтэй, хурцадмал, таах аргагүй болгож чадахаар байна. Гэхдээ одоо энэ талаар тодорхой баримжаа гаргахад эрт байгаа бөгөөд бүгд парламентын сонгуулийг хүлээж байна.
 
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.