Би анх ээж болоод...
“Хүүхдийг төрмөгц эхийнх нь гэдсэн дээр тавьдаг. Учир нь хүүхэд тэгж л ээжийнхээ зүрхний лугшилтаар хайрыг мэдэрдэг юм” гэсэн үг яагаад ч юм, миний чихэнд ихэд хоногшжээ. Хачирхалтай нь, тэр өдөр эмч нар миний охиныг гэдсэн дээр минь тавьсангүй. Часхийтэл уйлахыг нь чих тавин чагнасан ч охин минь уйлсангүй. Сэтгэл дотор элдвийн бодол эргэлдэж, сайн нь муугаа цааш түлхэн, өөр хоорондоо байраа булаацалдсаар сүүлдээ бүр тэрхүү олон бодлын дунд би өөрөө төөрч будилах нь холгүй тэвдэж, зүрх минь хэтэрхий хүчтэй цохилж байлаа.

Миний энэхүү айдсыг үргээж асрагч эгч “Ямар тайван хүүхэд вэ. Огт уйлахгүй юм” гэх нь тэр. Гүнзгий амьсгаа авлаа. Гэвч элдвийг бодож, хийсвэрлэн сэтгэхдээ гаргууд зан минь надад тийм ч амар бууж өгсөнгүй. “Энд гурван ч хүүхэд байна. Хэнийг нь ч хэлж байгаа юм билээ. Миний охин биш байвал яана” гэхээс тайван хэвтэж ч чадсангүй. Асрагч бүсгүй “Та охинтой болсон.

Гэрийнхэндээ дуулгаарай” гээд гар утсыг минь авч ирж өглөө. “Би охиноо хараагүй байж яаж гэрийнхэндээ дуулгах юм бэ. Долоо, найман сувилагч хажуугаар чөлөө завгүй холхилдож, хоёр ч эмч орж гаран гүйгээд байгаа хэрнээ охиныг минь надад харуулалгүй ямар их уддаг юм бэ” гэж бодохоос цухалдмаар ч санагдах шиг. Нэлээд удаан хүлээлгэсний эцэст сувилагч бүсгүй охиныг минь авч ирж, хүйсийг нь харуулав. Үнсэх гээд духанд нь уруул шүргэхийн төдийд аваад явчих нь тэр. Яасан гачлантай юм бэ. Дахиад л хүлээлт...

Хэсэг хугацааны дараа асрагч бүсгүй “Ямар том тас хар нүдтэй охин бэ” гэсээр охиныг минь авч ирж, ангир уургыг нь амлуулав. Бяцхан охин минь мөөмөө бувар бувар хөхөх тэр л агшинд есөн сарын туршид намайг сүүдэр мэт дагасан өнөөх их зовинол, сүүлийн арав гаруй хоногийн дутуу нойр, төрөхийн өмнөх аймшигт өвдөлт, ядрал... бүгд намайг орхин, хаашаа ч юм ор мөргүй хийсэн одсон юм. Гэтэл бас л охин минь ангир уургаа удаан хөхөх зураг төөрөггүй байсан бололтой. Хөхөө амлаад хоёр минут ч болоогүй байтал дараагийн ээж төрөхөөр болж, биднийг төрөхийн дараах өрөө рүү аваачихаар боллоо. Төрөх өрөөнөөс төрөхийн дараах эхчүүдийн байр руу хэрхэн хүрснээ сайн санахгүй байна. Ямартаа ч нүдээ нээхэд минь мойлон хар нүдтэй жаахан амьтан над руу цоо ширтээд хэвтэж байсан. Тэр нүдийг хараад “Төрчихөөд л нэг сайхан унтаж амаръя” гэж хязгааргүй ихээр хүсч байснаа ч умартсан.

Бид биесийнхээ зүс царайг сайн тогтоож авах гэсэн мэт удаан ширтэлцлээ. Ширтэх тусам сэтгэлээс хайр ундарч, зүрх хүчтэй цохилно. Охин минь ээжийгээ сайн таньж аваад санаа амарсан уу, намайг хэтэрхий удаан ширтсэндээ ч ядарсан уу, унтаад өгөх нь тэр. Өрөөнд хүүхдүүд уйлалдаж, ээжүүд завсар зайгүй хууч хөөрцгөөж байгааг би сая л мэдрэв. Гэвч харцыг минь булаасан тэр гоёмсог цэцэгнээс хормын төдий ч хараа салгамааргүй байлаа. Би ширтсээр л байв. Ээжүүд завсар зайгүй юм идэж, саван дээрээ хүйтэн жин тавьцгааж, хэрэндээ л завгүй байцгаана. Харин би үзэсгэлэнт цэцгээ ширтээд завгүй. Түүнийг харахын төдийд л асар их амар амгаланг мэдэрч, гэдэс болоод сэтгэл минь хүртэл бүрэн цадчихна. Ээж хүн ядардаггүй, даардаггүй, өлсдөггүй бүр өвддөг ч үгүй юм байна.

Өмнө нь би ямар их зовлон тоочдог байгаа вэ. Ээжийгээ ч бас их зовж байгаа болов уу гэж боддог байлаа. Гэтэл үртэй хүн зовдоггүй юм байна. 25 жилийн өмнө ээж минь ч ийнхүү хамгийн том тайтгаралаа энгэртээ тэврэн мишээж суусан биз ээ. Охин минь одоо нэг нас 9 сартай. Гэвч би энэхүү үзэсгэлэнт цэцэгнээс хараагаа салгаж чадалгүй ширтсээр л байна. Энэ хорвоогийн түм буман биелшгүй хүслийн биелэл болж, өвчин шаналал, уйтгар гунигийг үргээж, үүрдийн аз жаргал, хайр авч ирсэн, тэвэрт багтдаг тайтгарал минь. Ээж нь хорвоогийн амьдралаас хагацан хагацталаа чамайгаа л ширтэж, ер бусын амар амгаланг мэдэрсээр байх болно оо.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.