Таван орны төлөөлөгчид Монголд ирлээ
Нисэх хүчин үүсэн байгуулагдсан 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойн баярыг угтаж, өнгөрсөн бямба гарагт иргэний агаарын тээвэрчид баярын хурлаа хийж, салбартаа гавьяа байгуулсан эрхэмүүдэд шагналын хур буулаа.
 
“Нисэх хүчин-90 жил" хүндэтгэлийн арга хэмжээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төвийн захирал Арун Мишра, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Хойд азийн төвийн дарга Баожин Занг төлөөлөгчдийн хамт, ОХУ- ын Холбооны агаарын тээврийн агентлагийн дарга А.В.Нерадко мөн Ялон улсын төлөөлөгчид оролцсон юм.
 
Хурлын үеэр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төвийн захирал Арун Мишра “Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнөөс та бүхэнд Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны баярын мэнд хүргэе. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд иргэний агаарын тээвэр чухал нөлөө үзүүлж байгаа гэсэн судалгаа байдгийг би сонсож байсан. Монгол Улс газар нутаг өргөн уудам, автомашинаар зорчиход бартаатай учраас нисэхийн салбар хөгжих бүрэн боломжтой. Шинэ нисэх буудал барьж байна гээд нисэхийн салбар хөгжиж байгаа нь харагдаж байна. Мөн энэ салбарыг улам илүү хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эрхзүйн орчин ч хангалттай сайн байх ёстой” гэлээ.
 
Энэ үеэр нисэхийн салбарынхан зөвхөн баярлаж хөөрөх бус 90 жилийн алдаа, оноогоо дүгнэн  цэгнэж, цаашид хийж бүтээх зүйлсээ хэлэлцэж байлаа. Түүнчлэн ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэг “Иргэний нисэхийн салбарт нэлээд хэдэн зарчмын өөрчлөлтүүдийг хийж байна. Иргэний нисэхийн агентлагийн төрийн үйл ажиллагаа зохицуулалт, аж ахуйн үйл ажиллагааг тусад нь болгож байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарч зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөлтүүдийг их хийж  байна. Мөн агаарын тээврийн транзит монгол болгох тал дээр анхаарч ажиллана’’ гэдгийг онцолсон.
 
Түүнчлэн энэ өдөр Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, ИНЕГ- аас салбартаа манлайлж, идэвхи зүтгэл гаргасан 700- аад хүнийг хүндэт тэмдэг, ойн одон медалиар шагнаж урамшууллаа. Дашрамд дуулгахад, иргэний нисэх хүчинд өдгөө 2057 хүн ажиллаж, 29 агаарын хөлөг бүхий 10 агаарын тээвэрлэгчтэй хамтран ажиллаж буй. ИНЕГ нь 1989 онд Олон улсын Иргэнийн нисэхийн байгууллагад гишүүнээр элсэн олон улсын стандартад нийцэхүйц ажиллаж байгаа энэ байгууллага дотоодын гурав, гадаадын дөрвөн компанитай агаарын тээврийн харилцаатай байна. Одоогоор манай агаарын замын нийт урт 43508 км бөгөөд дээд агаарын зам 22168 км урт, доод агаарын зам 21340 км урт юм байна. Агаарын 15 хаалгаар нислэг хийдэг аж. 191 орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад манай улс 1989 онд гишүүнээр элссэн бөгөөд тус байгууллагаас хамгийн сүүлд хийсэн “Нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ”-ний шалгалтад амжилт үзүүлж дэлхийд эхний 15-д багтжээ. Мөн энэхүү үзүүлэлтээрээ Ази Номхон далайн бүсийн орнууд дунд тавдугаарт жагссан байна.
 
 ИНЕГ-аас 90 жилийн ойгоо угтаж “Нисэх хүчин 90 жил” үзэсгэлэн, салбарын хөгжил дэвшлийг тодорхойлж, асуудал дэвшүүлсэн онол практикийн бага хурлыг зохион байгуулсан. Үзэсгэлэнгийн үеэр Нисэх хүчний тулгын чулуу тавигдсан 1925 оноос хойшхи гэрэл зураг, ажилтнуудад холбогдох эдлэл хэрэгслүүд, нисэх хүчний чухал баримт бичиг тушаал шийдэр гээд энэ салбарын анхны гэх тодотголтой бүхнийг Нисэхийн түүхийн музейгээс Үндэсний түүхийн музейд шилжүүлэн авч ирж, ирэх сарын 2-ныг хүртэл олны хүртээл болгож байгаа.
 
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар болон "Чингис хаан” олон улсын нисэх буудлын хамт олон хамтран баяр ёслолыг сүр дуулиантай тэмдэглэлгүйгээр бүтээн байгуулалт болоод бүтээлч ажлуудад анхаарлаа хандуулж байгаа аж. Тухайлбал, Аюулгүй байдлын хамгаалалтын албаны санаачлагаар Хан- Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 63 дугаар тусгай сургууль дээр хүмүүнлэгийн аян зохион байгуулж зургаан сая төгрөг хандивлаж, 200 гаруй ном гардуулжээ.
 
Түүнчлэн  Иргэний  нисэхийн ерөнхий газраас тусгай комисс томилон, өнгөрсөн оноос тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, агаарын навигац, агаарын замын сүлжилт, агаарын хаалга, агаарын зайн зохион байгуулалтын талаар  багагүй ажил хийжээ. Агаарын хөлөг хоорондын зайчлал 90 км байсныг 30 км болгон багасгаж, олон улсын нисэхийн байгууллагаас тавьсан шаардлага зөвлөмжийн дагуу өөрчилжээ. Энэхүү шинэчлэлд манай агаарын замын  хөрш орнууд тун таатай байгаа талаар ч дурьдсан юм. Ийнхүү цаашид Засгийн газрын тогтоолын дагуу агаарын хөлөг хоорондын хэмжих нэгжийг метр байсныг нь витийн системд оруулан хэмжих зорилт тавиад байгаа аж.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.