Б.Болор: Олонхи болоогүй энэ үед гаднаас сайд томилох нь хэцүү
УИХ-ын гишүүн Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Сүүлийн үед бие даагч гишүүдийн зөвлөл албан бус бүлэг байгуулах тухай ярих болсон. Тус бүлэгт AH, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгээс 10 гаруй хүн орно гэсэн. Харин АН-аас тус бүлэгт орох хүнийг таныг гэх юм. Энэ үнэн үү?
 
-“Албан бус бүлэг байгуулж байгаа, та орооч ээ” гэсэн албан ёсны санал надад ирээгүй. Өөрийгөө албан бус бүлгийн гишүүн болно гэж бодохгүй байна. Харин Ж.Батзандан гишүүнтэй “Өглөөний цай” клуб байгуулах талаар санал солилцсон. Өөрөөр хэлбэл, залуучуудыг дэмжих лобби бүлэг гэдэг утгаараа энэ клубт оролцоод явах боломжтой.
 
-Клуб цаашид ямар зарчмаар ажиллах бол. УИХ-д суудалтай намын бүлгүүдийн төлөөлөл бий гэсэн сураг байсан. Хэн, хэн байгаа вэ?
 
-Энэ клуб маань тодорхой улс төрийн акц хийхгүй. Өөрөөр хэлбэл, фракци маягаар ажиллахгүй. УИХ-д анх сонгогдсон залуу гишүүд долоо хоногт нэг удаа ч юм уу уулзаж санал бодлоо хуваалцах юм. Аль нэг нь хууль са­наачилсан бол тэр талаар саналаа хуваалцаж, нэг нэгнийгээ дэмжинэ. Түүнээс биш улс төрийн зорилготой клуб биш. Клуб одоо байгуулагдах шатандаа явж бай­гаа. Миний хувьд энэ клубыг дэмжиж байна. Хууль батлагдаж гарах гэдэг нь нэлээд асуудалтай. Тиймээс нэг, нэгнийгээ дэмжиж улстөржилтгүй клуб байх нь зүйтэй гэдэг бодолтой байгаа.
 
-УИХ дахь гишүүд бүгд нэг бүлэгт харьяалагддаг. Гэтэл хажуугаар нь клуб байгуулж, нэг нэгнийгээ дэмжинэ гэдэг нь ямар учиртай юм бэ. Гишүүний санаачилсан төслийг бүлгээс дэмжиж явдаг биз дээ?
 
-Гишүүдийн санаачилж байгаа хууль бүр бүлгээр дэмжигдэхгүй шүү дээ. УИХ-ын даргын зөвлөлөөр орж, хэлэлцэгдэнэ гэсэн хуульд залуусын санаачилсан хууль цөөхөн. Энэ асуудлыг сөрөг хүчний зүгээс ч гэсэн тавьдаг. Тиймээс клубт бүх улс төрийн хүчнээс байх зорилттой. Дээр хэлсэнчлэн бид улстөржихгүй. Улс эх оронд ашигтай залууст тулгамдсан, малчдын талаарх хуулийг санаа­чилсан тохиолдолд нэг нэгнийгээ дэмжээд явах үүднээс л клуб байгуулахаар болсон юм.
 
-Улс төрийн хүрээнд өрнөж байгаа нэг асуудал нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал. МАН-ын зүгээс өргөн барьсан тогтоолын төс­лийг та хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ?
 
-Сөрөг хүчин болох МАН сүү­лийн 24 жилд УИХ-д олонхи болж ирсэн. Бүр цаашлаад 90 жил засаг барьсан гэж ярих дуртай. Тийм ч учраас энэ нам маань асуудалд тулхтай хандаасай гэж хүсдэг. МАН сөрөг хүчин байгаагүй гэдэг утгаараа ч юм уу эдийн засгийн байдал дээр дүн анализ хийхдээ буруу, болохгүй талаас нь хийгээд байна гэж харж байгаа. Яах вэ, нэг талаас болохгүй зүйлийг ярих нь зөв. Ер нь эдийн засаг хүндэрсэн шалтгаан нь тодорхой байгаа шүү дээ. Өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлын үр дагавар одоо болтол арилаагүй. Хоёрдугаарт, эдийн засгийн гол хөшүүрэг бол­сон зэс нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээлд унасан энэ үед эдийн засаг хүндрэх зүйл ажиглагдана.
 
Гэхдээ энэ шалтгаан нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах үндэслэл гэж харахгүй байгаа. Учир нь өнөөдөр Засгийн газар байгуулагдаад 1.8 жил болж байна. Энэ хугацаанд тодорхой амжилт олсон ч гэсэн цаашид хийх ажил их бий. Энэ бүгдийг хийлгэх нь зүйтэй. Өнөөдөр сайдыг огцруулснаар байдал дээрдэнэ гэж байхгүй. Хаврын чуулган эхэлснээр дан, давхар дээл ярьсаар байгаад хаврын чуулган талдаа орлоо. Үүнээс гадна сөрөг хүчинд ам.долларын ханш өсч байвал сайхан санагдаад алга ташаад, цалин нэм гэж өдөр шөнөгүй хэлснээс болж ам.доллар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа. Үүнийг тэд маш сайн мэднэ. Сүүлийн үед өрийн дээд хэмжээ нэмэгдэх нь гэсэн “Өр” гэсэн үгэн дээр маш сайн тоглож байна. Эдийн засгаа тэлэхийн тулд мөнгө босгох жу- рамтай шүү дээ. Та ч гэсэн биз­нес хийхдээ банкнаас зээл авдаг. Үүний нэгэн адилаар эдийн засгаа тэлэхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Гэтэл энэ асуудал нь сөрөг хүчинд сайхан байгаа юм болов уу. Н.Батбаяр сайдыг ажлаас нь буулгах ямар ч үндэслэл байхгүй. Тэртээ, тэргүй 2016 онд иргэд түүнд дүнгээ тавиад өгнө.
 
-Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд “Эзэн 100” хөтөлбөрийг Засгийн газраас хэрэг­жүүлж байгаа. Үр дүн гарах болов уу?
 
-Энд нэг зүйлийг хэлэхэд манай танай гэлтгүй УИХ-ын гишүүд маань нэг л их юм ойлгохгүй бай­гаа юм уу даа. Ойлгохыг хүсэхгүй байна гэж харагдаад байна. 100 хоногийн дотор бүх зүйл сайжирна гэж байхгүй. Үүнийг хүн бүхэн мэднэ. Гэтэл сөрөг хүчин 100 хоногт ямар ч асуудал шийдэгдэхгүй, дээрдэхгүй гэж бай­гаа нь эргээд эдийн засагт хор хөнөөл болж байна. Засгийн газраас 100 хоногт эдийн засгаа сэргээх эрхзүйн орчныг сайжруулах, шинэ хууль гаргасны үр дүнд эдийн засаг сэргэнэ гэсэн зүйл рүү явсан. Гэтэл үүнийг мушгиж заавал улстөржүүлээд байна. Тогтоолд маш тодорхой заалтууд орсон. Үүнийгээ л сайн хэрэгжүүлж, шийдвэрлэх ёстой.
 
-Таны хувьд царцаасан барилгуудын ажлын хэсгийг ахалж байсан. Гэтэл удахгүй дахин төсвиин тодотголыг өр­гөн барина. Яг хэзээ өргөн барих вэ?
 
-Төсвийн тодотголыг тогтоолын дагуу өргөн барина. Царцаасан объектууд дээр би ажлын хэсэг ахалж ажилласан. Гэтэл улстөржилт явагдсаар байгаад саяхан баталлаа. Барилгын сизон эхэлсэн энэ үед улстөржиж, завсарлага авч, хойшлуулсаар ийм байдалд хүрлээ. Энэ асуудал дээр МАН завсарлага авах ямар ч шаардлага байгаагүй. Улс орны эрх ашгийн төлөө хэрэгтэй зүйл ярих гэхээр ямар ч хэрэггүй зүйл дээр олуулаа асуулт асууж, санал хэлдэг. Гэтэл үүний дараа хэлэлцэх чухал асуудал нь долоо хоногоор хойшилж байх жишээний. Энэ бол сөрөг хүчний буруу тактик л гэж хэлмээр байна.
 
-Давхар дээл их ярьж байна гэж танай нам ярьсан атлаа дахиад л давхар дээлтэй сайдыг оруулж ирэх гэж ярьж байна шүү дээ. Ш.Түвдэндорж гишүүнийг Ерөнхийлөгч дэмжихгүй гэсэн. АН-ын дотоод зөрчил улам л ил тод болоод байх юм?
 
-“Давхар дээл”-ийн хууль 2016 оноос хэрэгжих нь зүйтэй. Өнөөдрийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашч болж байгаа юм. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ш.Түвдэндоржийг сайдад нэр дэвшүүлж, олонхи дэмжсэн. Миний хувьд олонхи болоогүй энэ үед гаднаас сайд томилох хэцүү гэсэн байр сууринаас хандсан. Түүхээ эргээд сөхвөл, өнөөдөр олон юм яриад байгаа хүмүүс өнгөрсөн Засгийн газарт давхар дээлтэй суусан хү­мүүс шүү дээ. Үүнийгээ бүгдээрээ ойлгож, Засгийн газраа тогтвортой байлгаж, эдийн засгаа сэргээх хэрэгтэй. Харин 2016 оноос тоглоомын дүрэм нэгэнт тодорхйй  болно. Ш.Түвдэндорж гишүүний хувьд сайдын ажлыг хийх бүрэн боломжтой гэж бодож байна.
Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-04 02:45:13
    Энэ нэг аврага дандаа л халах солих болохгүй талаас нь ярьсан нөхөр байх юм ёстой сохор нохой дүүвээнээр соотон халтар чимээнээр гэдэг шиг л хүн байгаа юм да. Сая Архангай явсан байна тэнд хүндэт зочин шиг л байсан бололтой Болорыг дагалдан яваа хүмүүси
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2014-06-04 02:03:08
    учираа мэдэхгүй сохор нохой дүйвээнээр гэдэг шиг "хуцах" юм
    203.194.113.54
    Мэдэгдсэн Хариулах