Монгол улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй
“АСЕМ-ын Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал”  энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны 100 гаруй зочид оролцов. Энэ удаагийн олон улсын хурал “АСЕМ: МонголУлс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” нэрийн дор Улаанбаатар хотноо боллоо. Хурлаар гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, туршлагаасаа солилцлоо.Мөн Ази Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм. Түүнчлэн Ази Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай энэ салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох асуудлыг мөн хэлэлцсэн. Эдгээрээс гадна хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, зөвлөмж гаргасан юм. 

Хурлын үеэр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар “Монгол Улс нар, салхи, усны эрчим хүчний сэргээгдэх арвин их нөөцтэй. Нарны нөөцийг агаар мандал дахь тунгалаг шүлтийг хэмжиж тогтоодог. Энэ үзүүлэлт далайгаар хүрээлэгдсэн орнуудад их бага байдаг юм. Харин манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар, тэр дундаа говийн аймгуудад нарны эрчим хүчний нөөц асар их”  гэсэн юм. Түүний энэ үгнээс үзвэл манайх   дээрхээс эрчим хүч гарган авах хангалттай боломжтой гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар манай улс нийт эрчим хүчнийхээ найман хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм.Сүүлийн  жилүүдэд дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах болсон. АНУ гэхэд эрчим хүчний 80 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах талаар уриалга гаргаад байгаа. Харин манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо хангадаг болох арга замыг эрэлхийлсээр байна.

Өнөөдөр Монгол улсын эрчим хүчний 60 хувийг 4-р дулааны цахилгаан станц хангаж байна. Үлдсэн 40 хувийг 2, 3-р ДЦС болон орон нутгийн станцууд хангадаг. Эдгээр станцуудын турбин, генераторууд 24 цаг тасралгүй бүрэн хэмжээгээрээ ажиллаж байж өнөөдрийн та бидний хэрэгцээг чүү чамай хангаж байгаа юм. Жил бүр 10 гаруй хувиар өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Монголчуудад зайлшгүй  эрүүл аюулгүй, дэлхийн стандартад нийцсэн том хэмжээний эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй болоод байна. Өнөөдөр дэлхий дахин эрчим хүчний хэрэглээгээр хөгжил, дэвшлээ тодорхойлж байна. Хаана эрчим хүч, хэрэглээ, нөөц байна, тэнд хөгжил, дэвшил байна. Монгол улс 2014 онд “Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Үүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ  20 хувийг хангана гэж тусгасан байна. 

Өнөөдрийн байдлаар манай улс сэргээгдэх эрчим хүчний суурьлагдсан хүчин чадал нь найман хувь байна. Үүнд оруулж тооцоогүй хүчин зүйл нь малчдын ахуйн зориулалтаар хэрэглэж байгаа нар салхин эрчим хүч юм. Үндсэндээ нийт хүн амын 20 гаруй хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдаж байгаа гэж ойлгож болно. Учир нь 170 гаруй мянган малчин өрхийн 90 орчим хувь нь нарны самбар ашиглан эрчим хүчээ хангаж байна. Тиймээс суурьлагдсан эрчим хүч нь бага хэдий ч нийт хүн амын хувьд авч үзвэл 20 гаруй хувь нь ашиглаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.