Долоо хоногийн тойм
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” гэж хэллээ.

Мөн УИХ-ын чуулганд Оюутолгойн асуудлаар “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх  асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа.
 Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 тэрбум ам. долларын  санхүүжилтийг татах болно. Оюутолгой компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэж, үйл ажиллагаандаа байнга мөрдөн ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялагийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгойн төслийн ТЭЗҮ-д туссан өгөөжийн харьцаа манай талд 53 хувиас дээш хадгалахыг албажууллаа.

 Төлөвлөгөөний эхийг монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачлага нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн талд байсан. Боловсруулах шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийг татан оролцуулсан. Төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан” гэдгийг хэлсэн юм.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад ажлын айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийхээр Япон улсын зорьсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөөндөө угтан авахад Японы хүндэт харуулын цэргүүд жагсч, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Японы талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга К.Като, Эдийн засаг, үйлдвэрийн яамны дэд сайд Н.Ишигүро,Сангийн яамны Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд сайд Т.Ямазаки болон албаны хүмүүс оролцлоо.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.

Хэлэлцээгээр хоёр орны харилцааны талаар илэн далангүй саналаа солилцсондоо баяртай байна. Монгол Улс ардчилал,эрх чөлөө, хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэг. Тиймээс бид Монгол Улстай цаашид ч дотно түншлэх хүсэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны парламентаар соёрхон батлагдаад байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж эрх тэгш харилцан ашигтай,нэг нэгнийгээ нөхөж ажиллах талаар хоёр тал санал нэгдлээ. Хоёр орны иргэд хоорондын харилцаа сайн байна. Харилцан итгэлцэл бол хоёр талын сайн харилцааны суурь юм.
Харилцааг улам хөгжүүлэх үүднээс  Монгол Улсын дипломат пасспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн пасспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ.

Хорин нэгдүгээр зууны Зүүн хойд Азийн хүүхэд залуусын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилд Монгол Улсаас 300 хүүхэд залуусыг урьж айлчлуулсан бол энэ санхүүгийн жилд нэмээд 200-г урих бодолтой байна. Цаашид ч харилцаа, солилцоог өргөтгөх болно.  Япон Улс Монголын эдийн засгаа тэтгэх хүчин чармайлтыг эксперт, мэргэжилтэн илгээх замаар дэмжиж ажиллах болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт гадаад харилцаа, эдийн засаг, соёл, хүмүүний харилцааг гол тулгуур болгон бүх салбарт  Монгол Улстай хамтран ажиллах саналтай байна” гэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ  "Эрхэмсэг Ерөнхий сайд, Япон анд нарынхаа оройн амгаланг айлтгая. 2013 оноос хойш ноён Ерөнхий сайдтай долоо дахь удаагаа уулзаж байна. Хоёр жил хоёр сарын дотор ингэж олон уулзсан нь хоёр орны харилцаа ямар хурдтай урагшилж буйг харуулж байгаа зүйл гэж бодож байна. Сая эрхэмсэг ноён Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны  өргөн хүрээтэй асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон Улс Зүүн Хойд Азид хамгийн ойр түншүүд болж чадсан. Хоёр талын харилцааг богино хугацаанд эрчимжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Шинзо Абэ гуайн дэвшүүлсэн “Эрч, Эрч нэмэх” гэсэн санаачилга шийдвэрлэх үүрэгтэй байсныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдаж, Монгол Японы парламентаар батлагдсанд монголчууд бид баяртай байгаа" гэсэн юм.
 
Наадам зохион байгуулах хороо хуралдлаа

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.
Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 4-15-нд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөө БСШУЯ-ны дэд сайд, Соёл урлагийн салбар хорооны дарга Я.Төмөрбаатар танилцууллаа.
Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулна. Концерт Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр болох ажээ. Баяр наадмын өдрүүдэд тус талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Монгол туургатны бүжгийн их наадам,  “Дээлтэй монгол” наадам, урлагийн шоу, гадаадын алдартай хамтлагуудын тоглолт, морин хуурын фестиваль, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Хүй долоон худагт “Адуучин” наадам болно.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн уламжлалт их баяр наадмаа төгөлдөр сайхан хийж, чанартай зохион байгуулах нь Үндэсний хорооны үүрэг. Үндэсний их баяр наадам бол Монгол Улсаа дэлхийд сурталчлах том арга хэмжээ. Тиймээс Соёл урлагийн салбар хороо болон Үндэсний бөх, морь, сур, шагайн салбар хорооноос зохион байгуулж буй ажил, арга хэмжээг дэмжиж, салбар хорооны ажлаа уялдуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.
Баяр наадам болоход 52 хоног үлдээд байна. Ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор салбар хороод тус бүр төлөвлөсөн ажлаа чанартай сайн гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг  хангаж ажиллахыг тэрээр анхаарууллаа.

Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар нийтдээ 2 тэрбум 947 сая 747 мянга 100  төгрөг зарцуулахаар төсөвлөгджээ. 

 
Төрийн ордонд түймэр гарав

Төрийн ордоны баруун жигүүр буюу Засгийн газрын хуралдааны танхимд гал гарч, багагүй сандаргаад авлаа. Галын дуудлага албаныханд очсоноос 3-4 минутын дараа НОБГ-ын Аврах гал унтраах 10 дугаар ангиас бүрэлдэхүүн ирж шуурхай унтраасан билээ. 

Галын урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд хоёр давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимд цахилгааны гэмтлээс болж дээрх нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэх яриа байгаа юм. Онцгой байдлын албаныхны хэлснээр галын дүгнэлт долоо хоногт багтаж гарах аж. 
 
Монголын чөлөөт бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв
 
Хэвлэлийн бага хуралд холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх Ц.Сэрээтэр, хуульч Батмөнх, нягтлан бодогч Бямбадулам нарын хүмүүс оролцлоо.
 
Хэвлэлийн бага хурлын үеэр дүрэм, санхүү тайлан, ёс зүй, хөрөнгө оруулалт гэсэн дөрвөн сэдвээр багцалж Түр хорооноос тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө.
 
Д.Дагвадорж  “Яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсан талаараа тайлбар хийе. Маш ноцтой асуудлыг хөндсөн. Дагвадорж болон Удирдах зөвлөл юу хийсэн вэ гэдгээ эхлээд шалгаад та бүхэнд нэгдсэн мэдээлэл хүргэлээ. 2009 оноос хойш гурван тэрбум төгрөгийн ажил хийжээ. Би бичлэг энэ тэр үзээгүй. Очиж байгаад л учраа олъё гээд. Азийн аваргын визний асуудлын тухайд холбооны зүгээс мэдүүлгийн хуудсанд алдаа гаргасан нь үнэн. Үүнд холбоо арга хэмжээгээ авна, хариуцлагаа хүлээнэ. Би тамирчдыг ганц ч удаа айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны супер лигийн үеэр финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүйгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гээд байдаг юм. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон УЗ-ийн эрхэм зорилго бол амжилт гаргах, төрийн дуулалаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина” гэв.  
 
Азийн аваргад визний улмаас оролцож чадаагүй Д.Хүдэрбулга, Н.Золбоо, Д.Гомбодорж нарыг дэлхийн аваргад оролцуулна гэдгийг Д.Дагвадорж ерөнхийлөгч хэллээ.
 
Мөн Азийн аваргаар Монголын багийн мөнгөн цомыг гадны хүн, Казахстан хүн шагналын тавцанд гарч авсан асуудлаар “Казахстан гэж хүн байхгүй ээ. Сырымбек гэж Баян-Өлгийд төрсөн Монгол Улсын иргэн хүн. Төв Азид Монголыг төлөөлж суугаа Монголын казах хүнийг яагаад Казахстан хүн гээд байгаа юм. Цөөнхийг, Өлгийчүүд ээ бид дэмжих ёстой. Тэр хүн МЧБХ-ны Баян-Өлгийг хариуцсан болон Төв Азийг хариуцсан албан ёсны дэд ерөнхийлөгч хүн. Тэр тэмцээний албан бланк дээр МЧБХ-ны эрэгтэй багийн ахлах гэж бичигдсэн. Пүрэвбаатар багш үгээ бодож хэлэх хэрэгтэй. Улсынхаа цөөнхүүдийг ингэж болохгүй биз дээ. Өөрөө ч бас их эмзэглэсэн байна лээ. Бид цөөнхөө дэмжих ёстой” гэж мэдэгдсэн юм.
 
Монгол цэргийн сүр жавхааг харууллаа

Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ - аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагаа өнөөдөр(V.23) Чингисийн талбайд иргэдэд нээлттэй болоо. Уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, алба хаагчид, иргэд, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, байгууллагын алба хаагчид, цэргийн алба хаасан иргэд, ОХУ-ын Москва хотод болсон Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн, ОХУ-ын Анкарск хотод болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ёслолын парадад оролцсон Батлан Хамгаалах Их Сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдрийг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол цэргийн жавхаа уралдааныг анх цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн алба хаасан залуучуудад хүндэтгэл үзүүлж зохион байгуулж байсан. Зэвсэгт хүчин, нийслэлийн зүгээс цэргийн алба хаасан залуучуудаа хүндлэн өргөмжилж, цэрэг эрсийн сүр жавхааг илтгэн харуулахад чиглэгдсэн арга хэмжээ юм. “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдаанд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж байгаа Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэлээ.

“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны 2 сарын турш 2 үе шаттайгаар зохион байгуулав. Уралдааныг дүгнэхдээ 2013 онд цэргийн ажиллагааны жагсаалч байдал, 2014 онд цэргийн анги байгууллагуудын тохижилт эрүүл аюулгүй байдлыг харгалзан дүгнэж байсан бол энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэлд цогц хэлбэрээр дүгнэсэн нь энэ жилийн онцлог байлаа.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын жагсаалч ажиллагаа, алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл дээшилж, уралдаанд амжилттай оролцсон 6 ангийн захирагчийг орон сууцаар шагнаж, урамшуулсан.

 “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шилдгүүдээр дараахь ангиуд шаргарлаа. Үүнд:  
 Тэргүүн байр – Хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар анги “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Дэд байр –  Бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэл
Гутгаар байр – Хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Тусгай байр – Дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги  “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнаж урамшууллаа.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.