Л.Гантөмөр: Мэдлэгийн эдийн засгийг өргөжүүлэхэд бидний давтагдашгүй өв, соёл өндөр үр нөлөөтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Соёл урлагийн менежмент, бүтээлч үйлдвэрлэл” соёл урлагийн удирдах ажилтны сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Монголд анх удаа зохиогдож байгаа энэхүү сургалтад нийслэл, 21 аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Салбарын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын байгууллагын менежментийг сайжруулах тал дээр салбар байгууллагууддаа зөвлөгөө өгч байгаа нь энэ юм.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ “Монголын соёл урлагийн салбарыг нуруундаа үүрч, нийгэмд үргэлж гэрэл тусгаж явдаг нийт уран бүтээлч та бүхэнд талархаж явдгаа илэрхийлье. Бид өнөөдөр соёлын бүтээл, үйлчилгээндээ цоо шинэ менежмент хийхийг зах зээл шаардаж байна.

Өөрсдийн зах зээлийг тэлэх боломжийг хайх цаг ирсэн. Жишээ нь Сүхбаатар аймгийн театр зөвхөн Сүхбаатартаа л тоглож, тасалбараа 5000 төгрөгөөр борлуулж, төлөвлөгөө биелүүлнэ гэх биш яавал бусад аймгуудад бидний тоглолтыг түүнээс илүү үнээр үзэх вэ гэдгийг бодож, хийх цаг ирсэн. Таны мэдлэг шингэсэн бүтээл зах зээлд өндөр үнээр борлуулагдаж байх ёстой. Монгол улс цаашдаа байгалийн баялгийг биш мэдлэгийг түшсэн эдийн засагтай орон болно. Монголд мэдлэгийн эдийн засаг улам бүр хөгжихөд бидэнд байгаа давтагдашгүй өв, соёл, та бүхний ур ухаан шингэсэн бүтээл, үйлчилгээ үнэхээр өндөр нөлөө үзүүлнэ.” Хэмээн онцлон хэлсэн юм.

Мөн сургалтын үеэр Дорноговь аймгийн музейн захирал Д.Цагаандарьтай уулзаж, ярилцлаа.

Салбарынхнаа цуглуулаад, онол, арга зүйн зөвлөгөө өгч байгаад баяртай байна

-Хоёр өдрийн сургалтаас та юу хүлээж байна вэ?
-Манай соёлын бодлого өнөөдрийг хүртэл үүлэн чөлөөний нар туссан юм шиг явдаг байсан. Нэг нар гараад л, нэг сүүдэр тусаад л. Хэдийгээр яам нь бутарч нийлсээр явсан ч хуучин бодлогоо нэг их эвдэлгүй явсаар ирсэн. Энэ удаагийн сургалт бол харин гаргасан бодлогоо нэгж дээрээ хэрхэн авч явах вэ гэдэг зөвлөгөөг аймаг орон нутаг гэлтгүй соёлын салбарт чөмгөө дундартал ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ өгсөн, их үр дүнтэй ажил болж байна.

-Ерөнхийдөө соёл урлагийн менежментийг сайжруулъя. Бүтээлч үйлдвэрлэлийг идэвхжүүлье л гэж яамны зүгээс сургалт зохион байгуулж байгаа юм байна. Та эндээс юу тусгаж авав?
-Ер нь бол салбарын яамнаас түүхэндээ анх удаа ийм сургалт зохион байгуулж байна. Соёл урлагийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж байсныг би л хувьдаа мэдэхгүй байна. Менежмент гэдэг бол үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах вэ л гэсэн үг шүү дээ. Эхний хичээлүүдийг сонсч байхад үнэхээр бодох ёстой зүйлийг бид боддоггүй байжээ гэх сонирхолтой зүйлсийг их хэллээ. Бид өөрсдөө хийж байгаа ажлаа мэдэж байгаа л гээд байдаг болохоос биш яг ийм нүд, чих сэргээсэн сургалтад суухаар бас дутуу л байдаг юм байна.

-Тэгэхээр энэ сургалт та бүхний байнгын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авч ирэх бол?
-Мэдээж ямар нэг өөрчлөлт гарна. Гэхдээ тэнгэр онгойсон мэт гэнэт л гэрэлтээд эхлэхгүй л дээ. Мэдээж ямар бүтээл гаргах вэ гэдгээсээ эхлээд нарийн төлөвлөнө. Гол өөрчлөлт бидний бүтээл дээр л гарна. Ер нь ингэж гал тогоонд нь, жинхэнэ хөрсөн дээр ажилладаг хүмүүсээ ингэж цуглуулж, онолын, арга зүйн зөвлөгөө өгч байгаад их баяртай байна. Энд надтай мөр зэрэгцээд сууж байгаа манай соёл урлагийн салбарынхан маань сургалтаас олж мэдсэнээ хэрэгжүүлэх дүүрэн хүсэлтэй байгаа гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2015-05-23 01:15:07
    Tiim uchraas l shariin shasin, mongol bichig hoyoroo ariunaar sergeen hugjuuleh heregtei baigaashd