Хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Өнөөдөр нийт 8 асуудал хэлэлцэх аж. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төслийг боловсруулахдаа Хүүхдийн эрхийн тухай Конвенц, дэлхийн 68 орны 130 хуулийг судалж шилдэг туршлагыг нэгтгэн боловсруулсан олон улсын Хүүхдийн хамгааллын загвар хуулийг харгалзан үзжээ.
Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн төслийг 5 бүлэг 42 зүйлтэйгээр боловсруулсан байна.

Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс  урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах гэнэ.
Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ бага орлоготой иргэдийн  амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байна.
Гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрхи таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлдсэн байна. Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид байна. Бага насны охид ураг төрлийн хүчингийн золиос болсон гэмт хэргийн 88 хувь нь шүүхийн өмнөх шатанд хэрэгсэхгүй болсон байна гэсэн судалгаа байдаг ажээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.