"Сохор" хуулийг сохроор дагасаар байх уу
УИХ-ын ээлжит чуулганы өнгөрсөн сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Хууль Зүйн яамнаас санаачлан оруулж ирсэн гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Энэхүү хуулийн үзэл санаа нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн, Зөрчлийн гэж хоёр салган тодорхой хэргүүдэд ноогдох ялыг хөнгөрүүлэх /зарим хэрэгт ялыг нь илүү шударгаар онооно гэвэл илүү зохих байх/, ялихгүй зөрчлийг тэмээ болгож хувиргадаг одоогийн эрхзүйн орчныг өөрчлөх, давхардлыг үгүй болгох явдал гэж ойлгогдож байгаа. Энэ хууль батлагдсанаар хоригдлуудын тоо 40 хувиар буурна гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ярьсан байсан. Мөн “Эрүүгийн хуульд “баримт бичгийг хуурамчаар үйлдвэл гурван жил хорино” гэсэн заалттай. Гэтэл Боловсролын тухай хуульд “Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан. Ийм тохиолдолд хуулийн биш хувь хүний хоорондын яриа өрнөнө, тохирч чадсан нь 50000 төгрөгөөр торгуулиад, чадаагүй нь ял аваад явдаг. Шинэ хууль батлагдсанаар хуулийн салбарынхныг өөхшүүлж буй энэ мэт давхардлууд үгүй болно” гэснээс харахад бид энэ хуулиа бушуухан шиг батлаад цаашдаа засч сайжруулаад явах хэрэгтэй гэд­гийг илэрхийлж байна.
 
Нэрнээс нь Эрүүгийн гэдэг үгийг хассанаас нь ч харсан энэ бол эрүүдэн шүүх, бусдыг тарчлааж хэрэг хүлээлгэдэг байдлаас татгалзах эхлэл болсон хууль гэдэг нь харагдаж байгаа юм. Гэтэл нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байсан энэ хуулийн төсөл Хууль зүйн байнгын хорооны энэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөнд багтаагүйг мэдээд харамсав. Парла­ментын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, Хууль зүйн байнгын хорооны энэ долоо хоногийн төлөвлөгдсөн ажлын жагсаалтад татвартай холбоотой гэмт хэргийн талаар, ма­лын хулгайн гэмт хэргийн талаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр асуудал багтсан байна. Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудал гэдэг нь бүхэлдээ иргэдээ шоронд суулгах, хариуцлага хүлээлгэхийг эрмэлзсэн утгатай. Үзэл баримтлал нь “Малын ашиг шим нь малчдын амьдралын эх үүсвэр болдог онщюгийг харгалзан мал хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс тусад нь бие даасан зүйл хэсэг бол­гон Эрүүгийн хуулийн тусгай ангид зүйлчилж хариуцлагын хэмжээг нийгмийн аюулын шинж чанар, үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэргээс нь шалтгаалан эрүүгийн хариуцлагыг гарцаагүй байлгах хэрэгцээ шаардлагатай байна” гэж эхэлж байх жишээтэй.
 
Мөхөс миний ойлгосноор, мал сүрэг нь төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан байдаг учраас иргэдийн өмчийн хулгайгаас тусгаарлаж, илүү хүнд ял шийтгэдэг болох гэж байгаа юм байна. Малын хулгай бол маш их гардаг гэмт хэрэг, ял шийтгэл нь нэмэгдчихвэл хөдөөний залуус хөөрхий болно. Тэр жил хөдөө явахдаа залуус “хазаар гүйлгэх” гэж ирээд ярьцгаадгийг мэдэж авсан. Шилийн сайн эрсийн суу тасраагүй л байгаа юм билээ. Ийм нөхцөлд залуучууд алдаж онохыг хэн байг гэх юм бэ.
 
Ё.Отгонбаяр гшпүүний санаачилсан энэ хуулийн төслийн танилцуулга дээр бас “Хуулийн төсөлд гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүү­гийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн болно” гэжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол хүн гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тэгвэл нэмэлт өөрчлөлт орсноор хамаатан садан найз нөхөд нь ч байсан гэмт хэргийг нуун дарагдуулсан л бол хариуцлага хүлээлгэх нь байна.

Байнгын хороогоор хэлэлцэгдэхээр болсон бас нэг асуудал нь татвартай холбоотой хэргээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Энгийнээр хэлбэл, татвар нуун дарагдуулсан гэмт хэргийн тухай заалтад “Их хэмжээний татвар нуун дарагдуулсан бол” гээд тодорхой тоо заагаагүй байдаг аж. Тэрийг л то­дорхой тоо зааж 30 сая, эсвэл 300 сая гэж зааж өгье, өөр хууль байгаа давхардлыг арилгая гэсэн утгатай. Хэрэгтэй бол шууд аваад, хэрэггүй бол хаячихаад явах тийм асуудал байхад 2012 оны арваннэгдүгээр сараас хойш хэлэлцэх эсэх асуудал дээрээ гацаж байдаг байх юм. Энэ төслийг Засгийн газраас оруулж ирсэн байна. Батлагдсан тохиолдолд өөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй ийм асуудлыг хоёр жил шахам хэлэлцэж байгаа нь О.Баасанхүү гишүүн “Хууль зүйн сайдыг огцруулна” гэж УИХ-ын ажлыг нэг cap “алсан” гэдэгтэй адил хэрэг. Үүний оронд Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуульдаа илүү их хүч хаяж ажилламаар байна.
 
УИХ хэлэлцэхийг дэмжлээ гээд энэ хууль цаашид батлагдана гэсэн үг биш. Гэхдээ одоо мөрдөж байгаа Эрүүгийн “сохор” хуулийг сохроор дагаж мөрдөх нь буруу, энэрэнгүй тал руу өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж олон нийт шааардаж байна. Өлсөхийн эрхэнд хүний түрийвч суйлаад 11 жилийн ял авсан хүү “Би хохирлоо барагдуулчихаад байхад надад 11 жилийн ял өгөөд хүн амины хэрэг хийсэн хүнд 10 жилийн ял өгчихлөө” хэмээн уйлан ярьж байхыг сонсоход ингэж л бодогддог юм билээ. Бас мөнгөний төлөө хүний хувь заяагаар тоглодог хуулийн байгууллагын “хачиг”, “хувалз”-нуудыг хатуухан гараар захирах, хяналттай ажиллуулах, тангаргаа зөрчсөн тохиолдолд хатуу харицлага хүлээлгэдэг байх ёстой.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-04 06:40:32
    Болж байна. Хуулийн давхардал, завхралыг арилгах хэрэгтэй. "Онц аюултай гэмт хэрэгтэн" гэдгийг маш сайн томёолж оруулах хэрэгтэй. Үл ялих зүйл хийчихээд түүнийг нь давтан гэмт хэрэг гээд олон жилийн ял өгдөг байдлыг халж байгаа гэж ойлгож байна. Гэр бүл,
  • захиалга 2014-06-04 05:59:11
    Сэтгүүлчээ чи захилгаар бичсэн бна даа. 2 хуулиа харьцуулж судлаад дараа нь PR хий. Одоо батлах гэж бгаа хууль монголын хөрсөн дээр буухгүй эсрэгэээрээ бүүр шоронжсон хууль болно. Хэрэгжээд ирэхээр нь Та мэднэ. Аливаа нийгэмд өгөх гэж бгаа мессижээ зөв т
  • хуульч Р.Нямцэрэн 2014-06-04 03:04:09
    Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийг УИХ хэлэлцэж эхэлсэнд их баяртай байна. Энэ хуулийн ач холбогдлын талаар Х.Тэмүүжин, МУЕП-ын орлогч Эрдэнэбат нар ярилцлага өгснийг уншиж зав муутай, эрх зүйн боловсрол багатай УИХ-ын гишүүд зөв төсөөлөл аваасай.
  • ЯА ЯА 2014-06-04 01:37:09
    хулгайч хулгайчдаа дургүй гэж энэ дээ
  • сэтгүүлч 2014-06-04 01:21:56
    сэтгүүлч ид сэтгэнээ. та зөрчил л гаргавал жижиг гэхгүй эрүүгийн хэрэгтэнд тооцогдоод ирэхлээрээ нэг юм бодноо гайгүй