Гэрлэн дохиогоо "ухаалаг" болгоё

Гэрлэн дохио бол замын хөдөлгөөний дэвшилтэд технологи юм. Хүн замын гол зогсоод зохицуулалт хийдэг байсныг халсан болохоор л дэвшилтэд хэмээн нэрлэсэн. Түүнээс гэрлэн дохио аль 1868 онд Лондон хотноо үүсчихсэн түүхтэй. Одоогийн бидний хэрэглэдэг гэрлэн дохионы хувьд АНУ-ын иргэн Гарет Морганы бүтээл бөгөөд 1914 онд анхны туршилтаа хийж байж. Энэ цаг үеэс хойш гэрлэн дохио улам л шинэчлэгдэн сайжирч, дэвшилтэд гэх бүхий л шинэчлэлийг агуулсаар л байгаа.

Улаан гэрэл зогсох, ногоон гэрэл явах, шар гэрэл анхааруулах дохио гэдгийг 5 настай балчираас дээшх оюун ухаант хүн бүр л мэддэг. Гэвч санаатай болон санаандгүй байдлаар гэрлэн дохиог зөрчиж, замын хөдөлгөөний эсрэг хууль бус үйлдэл гаргасаар л байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 51 автозамын уулзварт гэрлэн дохио байрлуулсан байдаг гэх тоо байна. Гэхдээ автомашин нэмэгдэж, зам дээрх ачаалал улам нэмэгдсээр байгаа учраас гэрлэн дохионы тоо ч нэмэгдэх нь ойлгомжтой юм. Гэвч манайд хэрэглэгдэж буй ихэнх гэрлэн дохио ОХУ-д, хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн үеэ өнгөрөөсөн гэрлэн дохионууд байдаг байх юм.  Тиймээс ч эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд сэлбэг хэрэгсэл нь олдоц бага байдаг гэж мэргэжилтнүүд нь шүүмжилдэг байна.

Сүүлийн үед манайх дотооддоо үйлдвэрлэсэн гэрлэн дохиог турших болсон. Тодруулбал, бидний хэлж нэрлэдгээр “4 дүгээр дэлгүүр”-ийн уулзвар дээр ШУТИС-ийн багш, оюутнуудын хамтын бүтээл болох гэрлэн дохиог байршуулсан байдаг.

Ер нь автозамын нэг уулзварт иж бүрэн гэрлэн дохио суурилуулахад найман мянган ам.доллар шаардлагатай байдаг байна. Тэгэхээр хуучны гэрлэн дохиог шинэчлэхэд хөрөнгө мөнгөний асуудал учирна гэж ойлгож болно. Одоо зүгээр ажиллаж байгаа гэрлэн дохиог яагаад шинэчлэх шаардлагатай болов оо гэж үү. Энэ шинэчлэл төв болон хөдөлгөөний нягтрал ихтэй хэсгүүдэд хамааралгүй. Харин захын болон хороолол дундах хэсэгт хамааралтай.



Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хүрээ” дээд сургууль, Ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль хоёрын голын зам дээрх гэрлэн дохиог шинэчлэх шаардлагатай байна. Яг ийм гэрлэн дохио, Хан-Уул дүүргийн МИС-ийн хажуугийн зам дээр бий. Мөн нэгдүгээр хорооллын арын зам, Яармагийн зам гээд олон газар ийм гэрлэн дохио байдаг.

Энэ гэрлэн дохио нь хэвийн л ажилладаг. Гэвч энэхүү хэвийн ажиллагаа нь жолооч нарыг дүрэм зөрчихөд хүргэж байна. Яагаад гэвэл, дээрх дурдагдсан замууд сийрэг, заримдаа хүнгүй байх тохиолдол ч бий. Өөрөөр хэлбэл гарцаар гарах хүн байхгүй байхад улаан гэрэл асчихдаг учраас л зарим жолооч нар тэсэлгүй уулзвар нэвтэрч замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь бий.

Тэгвэл бидний өндөр хөгжилтэй гэгдэж гайхан биширдэг орнууд болон манай хоёр хөршид яг иймэрхүү уулзвар замууд дээр гэрлэн дохион дэвшилтэд технологийг ашигладаг болжээ. Дэвшилтэд ч гэж дээ. Манай улсын хувьд л дэвшилтэд санагдаад байгаа юм. Юу вэ гэвэл, хөдөлгөөн сийрэг энэ төрлийн замын гэрлэн дохио нь үргэлж ногоон асч байдаг. Харин хүн уулзвар нэвтэрч, зам хөндлөн гаргах гэж байгаа бол гэрлэн дохионы орчимд байрлах кнопыг дарснаар ногоон гэрэл улаанаар солигдож, автомашинууд зогсч, уулзвар нэвтрэх боломжтой болдог байна. Бусад үед буюу хүн байхгүй үед автомашинууд гэрлэн дохионы урьд зогсч, цаг хугацаа алдахгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд байх боломжтой байдаг байна.




Гэрлэн дохиог иргэд удирдах боломжтой товчлууртай болгох саналыг фейсбүүк дэх paparazzi traffic группийн гишүүд ч мөн адил дэвшүүлж байгаа. Гэвч үүнийг далимдуулж “мөнгө идэх” арга заль сэдэх вий гэсэн болгоомжлол ч бас байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас гэрлэн дохиог өөрчлөх нь зөв үү гэсэн асуултаар тодруулга авлаа.

Г.Батболд : Өөрчлөх эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ улаан гэрлээр жолооч нар гарч, дүрэм зөрчөөд байгааг харахаар өөрчилмөөр ч юм шиг санагдах юм. Наад асуудал чинь томчуудын мөнгө идэх арга заль байх вий дээ. Одоогийн гэрлэн дохио болж л байна. Манай жолооч нар болон явган зорчигчид дүрмээ баримтлаад замын хөдөлгөөнд оролцоод сурчихмаар байна.

н.Гэрэлмаа: Би гадаадад олон жил амьдарсан. Гэрлэн дохиог энэ тохиолдолд иргэд нь зохицуулаад явчихаж болдог. Тэгэхээр замын хөдөлгөөн ч саадгүй болдог. Бичил хорооллын энэ гэрлэн дохио яах гээд байгаа нь мэдэгдэхгүй их удаан асдаг. Замаар гарах хүн байхгүй байхад л улаан гэрэл асаад л байдаг. Манай зарим жолооч угс хийгээд л гараад явчихдаг юм. Ер нь гэрлэн дохиогоо шинэчлэх хэрэгтэй байх.

Т.Баяр: Сайн мэдэхгүй байна. Шинэчлэл хийгдэх боломжтой бол дэмжинэ. Гэхдээ гэрлэн дохио гэхээсээ илүүтэйгээр гүүрэн гарц хийчихвэл энэ асуудал шийдэгдэх юм шиг санагддаг. Даанч манайд хийж байгаа гүүрэн гарцууд нь хэтэрхий өндөр хүн гарч, буухад төвөгшөөмөөр харагддаг.



Тэгвэл “Хүрээ” ДС-ийн оюутнуудаас уг асуудлаар тодруулахад “Манай жолооч нар улаан байсан ч, ногоон байсан ч дайрчих гээд л давхиад байдаг. Бид бүр сургуулийн бага ангийн хүүхдүүдийг зам гаргах гэж аян хүртэл зохион байгуулж үзсэн. Манай жолооч нар бас явган зорчигчид бүгд бие, биедээ хүндлэлтэй хандаж, замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох хэрэгтэй байх. Тэгвэл илүү мөнгө гарздаж, гэрлэн дохио шинэчлэх шаардлагагүй “ гэсэн байр суурийг илэрхийлэв.

Гэрлэн дохиог шинэчлэх, дэвшилтэд үетэй нь нийцүүлэх цаг болсон. Гэхдээ энэ нь хэн нэгний бизнес бүү болоосой гэдгийг ярилцсан хүн бүр л хэлж байна.  Замын цагдаагийн эх сурвалж яригдаж буй уулзварууд дээр камер байршуулчихвал асуудлыг шийдвэрлэж, алсаас гэрлэн дохиог удирдаад байх боломжтой гэсэн тайлбарыг өгөв.

Ер нь эдгээр яригдсан бүхий л асуудлууд санхүүтэй холбоотой. Харин аль нь бага төсвөөр босох ажил вэ гэдгийг нь судалж, үхмэл гэрлэн дохионуудаа амь оруулах, ухаалаг болгох цаг болсон гэж бодож байна.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уян байг! 2015-05-22 03:19:05
    Эхний ээлжинд одоо байгаа дохионуудын ажиллах давтамжийг өглөө, өдөр, оройн цагийн хөдөлгөөний нягтралд нь тохируулан уян хатан ажиллаадаг болгох нь чухал.