Мөнх хөх тэнгэрийн үр сад
Ниснэ гэдэг хүн төрөлхтний мөнхийн хүсэл байсаар ирсэн. Барууныхан энэхүү хүслээ шүүр унан нисдэг, шидтэнүүдээр төлөөлүүлдэг. Харин монголчууд нисдэг морь хөлөглөдөг баатар эрсийн дүрээр энэхүү хүслээ илэрхийлдэг байж. Хүсэл мөрөөдлөө бодитоор туршиж үзсэн анхны монгол хүн нь бидний сайн мэдэх Шүхэрчин хүү Буниа. Билгүүн номч Б.Ринчингийн туужид гардаг үйл явдал Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар онд бодитоор тохиосон гэдэг. Энэхүү зохиолын гол баатар Буниагийн бодит дүр нь Халхын нэгэн буддын сүмийн шавь Гэлэнхүү байсан аж. Тэр бол бидний өвөг дээдэс, талын нүүдэлчин ард түмэн зөвхөн оюун санаагаараа бус биеэрээ сансар огторгуйг танин мэдэж, түүнтэй харьцах арга замыг эрэлхийлж байсны хамгийн үнэн бодит жишээ юм.
 
Гэлэнхүүгийн оролдлогоос 100 гаруй жилийн дараа Монгол хүн, тэр тусмаа талын малчин ардын хүү Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисэгч В.Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансар огторгуйд бүтэн долоо хоног аялсан билээ. Шүхэрч Буниагийн мөрөөдөл, сансар огторгуйг танин мэдэх гэсэн нүүдэлчин ард түмний аугаа их хүсэл ингэж биелсэн. Тэр цагаас хойш 33 жил өнгөрчээ.
 
НҮБ-ын чуулганы танхимд болсон монголчуудын язгуур урлагийн тоглолтыг үзсэн америк сансрын нисгэгч “Задгай сансар огторгуйд аялж явахдаа бичиж авсан, өнөө хэр тайлж чадахгүй яваа дуу авиаг эндээс, Монголын морин хуурын аялгуунаас дахин сонслоо” гэж дуу алдсан гэдэг. Тийнхүү сансрын уудамд хүслээрээ, оюун санаагаараа, өв уламжлалаараа, урлаг соёлоороо дүүлж явсан бид өдгөө хязгааргүй хөх огторгуйд шувуу мэт эрх чөлөөтэй нисэж, хэний ч хүрч зүрхлээгүй тэрхүү хилгүй орон зайг эзэгнэж байна.
 
Энэ бүхнээр юу хэлэх гэсэн юм бэ гэвэл Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойтой холбогдуулан “Нисэх хүчин-90” үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейд дэлгэлээ. Гадаа хурц наран ээж, сэрүүн салхин сэвэлзэн байсан учир Түүхийн музейд ороход тун сэрүүхэн орчин угтсан. Гэвч үзэсгэлэнгийн танхимын үүднээс Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнууд халуун дулаан сэтгэлээрээ тэврэн дулаацуулсан юм.
 
Уг үзэсгэлэнд Монголын анхны нисгэгчид болох агаарын зоригт баатар Ч.Дэмбэрэл, БНМАУ-ын баатар Ч.Шагдарсүрэн, БНМАУ болон ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа нарын өмсөж, эдэлж байсан зүйлсийг дэлгэн тавьжээ. Мөн нисэх онгоцны түүхэн хөгжлийг үзүүлсэн онгоцны загварууд олны анхаарлыг ихэд татаж байлаа.
Түүнчлэн нисэх хүчний ойд зориулан зарласан шилдэг бүтээлийн уралдааны шагналт сийлбэрүүд өөрийн эрхгүй хараа булаав. Шүхэрч Буниа болон нисдэг хүлгүүдийг уран чадварлагаар дүрсэлсэн дээрх бүтээлүүд монголчуудын нисэх хүсэл эрт дээрээс эхэлснийг ярих мэт хүүрнэж байлаа. Мөн уран зураачдын шилдэг бүтээлүүд ч үг хэлэхгүй боловч хүмүүний сэтгэлийг хөвсөлзтөл гэгэлзүүлсэн. Тэр дундаа “Нисэх хүсэл” зурагт бяцхан хөвүүний хүслээр хүн төрөлхтөн хүүхэд ахуй наснаасаа л нисэхийг мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө чадах бүхнээ хийсээр ирснийг бүрэн төгс өгүүлж чадсан байна. Ийнхүү Монголын Нисэх хүчний түүхэн хөгжлийг гэрэл зураг, уран зураг, эд өлгий, нисэх онгоцны загвар гэх мэт илэрхийлж болох бүхий л зүйлээр цогц үзүүлж чадсан нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог байлаа.
Үзэсгэлэнд дэлгэсэн зүйлүүдээр Монголын нисэх хүчний түүхэн замнал төгс илэрхийлэгдэж байсан бөгөөд энэ талаар уншигч тантай ч бас хуваалцах нь зүйтэй болов уу. ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа  тээврийн Ю-13 онгоц 1925 оны тавдугаар сарын 25- ны өдөр Монголд анх удаа газардсанаар Монгол Улсын Нисэх хүчний түүх эхэлжээ.
 
Хожим 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй. 1958 оны байдлаар Монгол Улс 14 ширхэг Ан-2 онгоц, Долоон Ил-14, нийт 21 онгоцтой болсон байлаа.
 
1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлдэг байсан гэдэг. Улмаар 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсноор илүү дэвшилтэт техник технологиудыг хилийн чанадаас авч ирж, нисэх хүчний цоо шинэ түүхийг бүтээж эхэлсэн юм. 2000 оны  үеэс иргэний агаарын тээвэрт хувийн компаниуд хүч түрэн орж иржээ. Ингэснээр нисэх хүчний салбарт бодит өрсөлдөөн бий болж, тэр чинээгээр тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлж, шинээс шинэ рүү дэвшин ажиллаж эхэлсэн байна. Энэ бүхний үр дүнд өнөөдөр үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ" ХК болон агаарын тээврийн бусад компаниуд орчин үеийн хүчирхэг хөлгүүдийг ашиглаж байна.
 
Мөн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үндсэн зарчмуудын нэг болох харж удирдах зарчимд шилжсэн нь энэ салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн олон жилийн хүсэл мөрөөдөл байсан юм. ИНЕГ-ын үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлээр энэхүү мөрөөдөл бодит биеллээ олсноор өдгөө Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн 80 орчим хувийг харж удирдах боломжтой болоод байна. Монголчууд  бид тэртээ XIII дугаар зуунд мөнх хөх тэнгэрийн үр сад хэмээн өөрсдийгөө зарласан. Тэгвэл найман зууны дараа бид хязгааргүй хөх огторгуйг зөвхөн хүслээрээ, сэтгэлээрээ эзэгнэх бус хилгүй цэнхэр тэнгэр, хөвөн цагаан үүлстэй ханьсан нисэж байна. Тийм ээ, бид бол мөнх хөх тэнгэрийн үр сад.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • joool 2015-05-21 14:02:33
    ogtorguin ur sad
  • 1958.mn 2015-05-21 03:41:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!