Орон нутагт шилжүүлэх төлбөрийн орлогын дүнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр болов

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.21.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 38 минутад 51.30 хувийн ирцтэй эхлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “эрчим хүч, төмөр зам” гэж нэмэх гэснийг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “уул уурхай” гэснийг тус тус хасах санал гаргасан ч олонхын дэмжлэг аваагүй тул тэд энэ асуудлаар цөөнх болжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж тодруулан байнгын хорооны хуралдаанд цөөнх болсон Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын үндэслэлээ тайлбарлаж үг хэлсэн юм.

Ингээд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулсан юм.

Одоо мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Иймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг байнгын хороо, чуулгаын нэгдсэн хуралдаанаас дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7-68.9 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.

Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-нд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болоод байгаа. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлагын дагуу энэ хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас олгох 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашигласнаар нийгэм, эдийн засагт учирч болзошгүй аливаа сөрөг үр дагаврыг арилгах, эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны горимын саналыг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжсэн юм. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

Дараа нь “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч байнгын хорооны санал, дүгнэлт тараагдаагүй тул энэ асуудлыг чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТӨРИЙН БАНК 2015-05-21 03:27:58
    ЗӨВ ШҮҮ
  • 1958.mn 2015-05-21 03:24:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.148
    Мэдэгдсэн Хариулах