Сонгуулийн санхүүжилтийг буруугаар ашиглавал авлигын нэг хэлбэр болдог

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол” төвтэй хамтран “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын зарим удирдах албан тушаалтнууд, улс төрийн нам, иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөллүүд оролцсон байна.

“Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагуудын хүрээн дэх авлига буюу “өндөр” түвшний авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн 2014 оны үнэлгээ 3.58 гэсэн үзүүлэлттэй гарсан нь манай улсад “өндөр” түвшний авлига түгээмэл байгааг илэрхийлж байна. Түүнчлэн судалгаанд оролцсон шинжээчид манай улсад албан ёсны бүртгэлтэй улс төрийн намуудаас парламентад суудалтай намууд авлигад хамгийн ихээр автсан гэсэн үнэлгээ өгсөн нь улс төрийн хүрээнийхний үйл ажиллагаа хувийн эрх ашгаа улс төрийн намын ашиг сонирхлын дор далдсан нэг нам, эсхүл намууд дамнасан бүлэглэл, хүрээллүүдийн үйл ажиллагаа болж хувирсантай холбоотой гэж дүгнэж болохоор. Тиймээс сонгуулийн санхүүжилтийг буруугаар ашиглавал авлигын нэг хэлбэр болдгийг анхаарч, энэ асуудлыг нухацтай авч үзэж улс төрийн намуудыг хариуцлагажуулах, сонгуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхаарч үзэх шаардлагатай” гэдгийг  Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны ахлах ажилтан Ц.Шинэбаяр хэлэлцүүлгийн үеэр дурьдлаа.

Харин “Сонгогчдын боловсрол” төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Сонгуулийн санхүүжилтийн асуудлыг “улс төрийн санхүүжилт” гэсэн ойлголтын нэг бүрдэл хэсэг гэж иж бүрэн хандлага талаас нь хардаг. Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой одоогийн сонгуулийн хууль тогтоомжоор бус харин тусдаа улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн асуудлыг хамтад нь багтаасан Улс төрийн санхүүжилтийн хуулиар зохицуулах хэрэгтэй. Мөн сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийг нэр дэвшин оролцож буй субъектуудын улс төрийн тэгш бололцоог хангах, ингэхдээ хориглож, хязгаарлахаас илүүтэй ил тод, нээлттэй, тайлагнах суурь зарчмын хүрээнд, улс төрийн санхүүжилтийн эх үүсвэр, төрөл, хэмжээ зэргийг авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх асуудалтай хослуулан авч үзэх, сонгуулийн санхүүжилтийн зардлыг бууруулахад чиглэсэн шинэчлэлийг авч хэрэгжүүлэх, одоогийн олон эх үүсвэрт санхүүжилтийн хэлбэрийг хадгалж зохицуулалтыг сайжруулах, төрөөс өгч байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авахыг зөвлөмж болгох хэрэгтэй байна. Түүнчлэн сонгуулийн зардлын дээд хэмжээг сонгогчдын тоо, тухайн сонгуулийн газар нутгийн хэмжээ, онцлогийг харгалзан тогтоох нарийн шалгуур журмыг хуульд тусгах, үүнийг санхүүгийн мэргэжлийн байгууллага, эсвэл Үндэсний аудитын газрын чиг үүрэгт хамааруулах нь зүйтэй” гэж мэдэгдэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа “Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд 10 удаа хэлэлцүүлэг зохион байгуулан 700 гаруй иргэн, байгууллагын төлөөллөөс 20 гаруй багц асуудлаар 600 гаруй санал авч хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллаж байна. Тэр дундаа судалгааны байгууллагуудаас гаргасан дүгнэлт, зөвлөмжид анхааралтай авч үзэж, хуулийн төсөлд тусгахыг хичээж байгаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлаар ажлын хэсгийн гишүүд үндсэндээ санал нэгдээд байгаа” гэв.

Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар бэлтгэж буй энэ үед судалгааны үр дүн, зөвлөмжтэй танилцаж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн үгийг сонсохоор хэлэлцүүлэг зохиож байгаа нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг хааж “Энэ удаагийн хэлэлцүүлэг нь үр дүнтэй боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан санал, судалгааны байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгахад анхаарах болно. Сонгуулийн хуулийн төсөлд анхаарах зайлшгүй шаардлагатай нэг асуудал нь цахим сурталчилгааны тухай асуудал учраас дараагийн хэлэлцүүлгийг энэ сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж хэлэв.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.