О.Гонсон: Ойн ажилд мэргэжлийн хүн, сэтгэл, зүтгэл гурав хэрэгтэй байдаг
Ой модны салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохионо. Түүх өгүүлэх энэхүү хугацаанд тус салбарт олон жил ажилласан Ойн салбарын гавьяат ажилтан, ойн ахмад инженер О.Гонсонтой ярилцлаа.

-Мэргэжлийн анхны ойн мэргэжилтэнүүдийн нэг, залуу инженер ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?

-Би сургуулиа 1961 онд төгсөж ирээд Хөдөө аж ахуйн яаманд хуваарилагдаж анхныхаа цалинг авч байлаа. 1962-1968 онд Ойн экспедицид инженер, салбарын дарга хийлээ. 1968 онд Ойн аж ахуй мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий га­зарт шилжиж, ойжуулалт ой нө­хөн сэргээх ажлыг хариуцан ажил­лалаа.  Дараа нь улс төрийн ажил хий­сэн,  гэхдээ яг улс төр биш л дээ. МАХН-ын Төв хороонд  Ой мод­ны асуудал хариуцсан албыг гүй­цэтгэж байсан. Энд 10 гаруй жил ажиллаад 1985 онд буцаад Ой модны аж үйлдвэрийн яамандаа ирж газрын дарга болсон. 1987 онд бүтцийн өөрчлөлт хийж Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдсан.  2003 он хүртэл яаманд ажиллаж байгаад Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллаж 2004 онд тэндээсээ өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Улсад 42 жил хоёр сар ажилласан байдаг юм.

-Таныг бүх зүйл ойтой хол­боотой байх. Тэтгэвэртээ гар­сан ч “Ойн булаг” гэдэг газар амьдраад,  мэргэжлийнхээ аж­­лыг үргэлжлүүлэн хийгээд л явж байгаа гэсэн?

-Тэтгэвэртээ гараад зүгээр суусангүй төсөл хөтөлбөрт хам­рагдаж Байгаль орчны ажилтан, бай­галь хамгаалагч  бэлтгэх сур­гуульд багшилж байлаа. 1962 онд ХААДС анхныхаа элсэлтийг авч байсан. Тэнд цагийн багш хийдэг байлаа. 1967 онд Монголд анх удаа ойн инженер гэдэг мэргэж­лээр төгсөлт болж байлаа. Ту­хайн үед суралцаж байсан хүмүү­сээс н.Алагаа гэдэг хүн Аж үйлд­вэ­рийн гавьяат ажилтан бол­сон. Эд нар төрөл бүрийн сал­барт хөдөө орон нутгаар аймаг хо­тоор ажиллацгаасан.  Геоэколо­гийн хүрээлэнтэй  хамтарч Бай­галь орчны мастер төлөвлөгөө хий­гээд агаар судлах, цас усны дээж өгөх зэргээр ажил мундахгүй  бай­даг. Эхнэр маань энд мөн их ажил­тай, ойг нөхөн сэргээх ажил хий­нэ гэж их тэмцэнэ, шигүү урга­сан модыг шилжүүлж суулгана, энд мод бэлтгэж байгаа хүмүүстэй мөнхийн дайн дажинтай ер нь амаргүй дээ. Бид харин түлээ түлшинд зориулаад хатсан, өмхөрсөн ойгоос цэвэрлэх ёстой модыг ашигладаг.

-Та өнгөрсөн хугацаанд сал­барынхантайгаа хэрхэн хол­боо­той ажиллаж ирэв?

-Хэнтий аймгийн Дадал сумын гурван нуурын төсөл дээр нэг жил ажилласан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэг компанид ажиллаж үзлээ. Одоохондоо гэвэл БОНХЯ дээр Сэлэнгэ аймагт алт бэлтгэж байсан газрыг нөхөн сэргээнэ гэсэн төсөлд хамтран ажиллахаар болсон байгаа. Яамны зүгээс энэ ажлаа эхлүүлчихвэл миний зүгээс очиж мэргэжлийн зүгээс нь заавар зөвлөгөө өгөөд хамтраад ажиллахад татгалзаад байх юм алга.

-90 жилийн түүхтэй энэ салбарт таны санаанд үлдсэн том ажлууд олон байдаг байх?

-1970 -аад оноос энэ ой тэм­дэг­лэх тухай асуудлыг үүсгэсэн байдаг . 1973 онд Төв хороонд очиж ажиллахдаа ойн салбарынхаа ажлыг дүгнэдэг тэмдэглэлт арга хэмжээг хийж байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. н.Майдар даргын өгсөн үүргийн дагуу 1974 онд ойн салбарын 50 жилийг анх тэмдэглэх шийдвэр гаргуулаад анх энэ арга хэмжээг зохион байгуулсан. Урд талынх нь эх сурвалжаас үзэхэд 1924 онд тэр үеийн Засгийн газрын шийд­вэ­рийн дагуу Аж ахуйн явдлын яам гэдэг газар байгуулагдсан бай­даг юм. Тэр яаманд Ой модны хэл­тэс байгуулж даргаар н.Рэнцэн гэдэг хүн томилогдсон байдаг. Тэр үед болсон  Улсын анхдугаар хурлаас ойн ангиудыг байгуулах шийд­вэрээр Улаанбаатар, Ерөө, Онон, Хөвсгөл гэсэн дөрвөн га­зарт ойн ан­гиу­дыг бай­гуул­сан бай­даг. Анх­ны эх үүс­вэр нь эн­дээс эхэлж цаа­шид өр­гө­жин нэмэгд­сээр ир­сэн түүх­тэй. Сал­ба­рын ажлаа дүгнэж тэргүүний хүмүүсийг тодруулж, Ойн салбараас зарласан уралдаанд  Б.Лхагвасүрэнгийн шүлэг, Ц.Чинзоригийн хөгжим  “Үүлэн цэнхэр хангай” гэдэг дуу тэргүүн байр эзэлж, шагнаж урамшуулсан хүмүүс сэтгэл нь сэргэж баярын уур амьсгал бүрдэж их л сайхан мэдрэмж бий болдог юм билээ. Энэ арга хэмжээний хүрээнд салбарын гавьяат гэдэг цолыг бий болгосон юм. Энэ үеэр салбарынхан үнэхээр их баярлацгаадаг, ажил төрөл нэгтэй хүмүүс уулзаж, ажлаа дүгнэдэг, ярилцдаг  болсон нь  ач холбогдолтой болсон. Энэ үеэр ойн гавьяат ажилтан бий болгосон. 1950-иад оны дундуур Украины Четомир хотод гурван хүн төгсч ирсэн.  Манай орлогч сайд байсан Н.Гомбожав, хотын дендрологич байсан н.Бадамжав, мөн н.Юндэн гэж байсан.  Энэ гурвыгаа ярьж байгаад н.Гомбожавт анхны гавьяат ажилтан цол олгож байж билээ. Түүнээс гадна бас гавьяат болсон хэд хэдэн хүн бий. н.Жангас, н.Дамдинжав, хамгийн сүүлд н.Жамсран ойн гавьяат болоод түүнээс  хойш  энэ салбарын гавьяатууд маань “Байгаль орчны ажилтан” гэдэг цолтой болсон.

-Ойн салбарын өнөөгийн боловсон хүчний байдал та­ны бодлоор  ямар байна вэ?

-Боловсон хүчний хувьд 1962 оноос мэргэжлийн хүнийг бэлтгэсэн одоо МУИС, ШУТИС бэлтгэж байна. Түүнээс өмнө нэг хэсэг техникумд бэлтгэж байсан байх. 1970 оны үед Хялганатын техникум гэж байсан. Анхны захирал нь н.Санжмятав байлаа. Хөвсгөл, Сэлэнгэд Ойн ТМС байгуулагдсан.  1968 оноос модны үр бэлтгэх ажил хийгээд нарсны боргоцой бэлтгэж үрийг салгадаг аж ахуй байгуулсан.

-Хүн бүр байгалийн хиш­гийг хүртэн амьдардаг. Ха­рин түүний хариуд бай­га­лиа хайрлаж, хамгаалж байх хү­мүүс цөөрөөд байх шиг?

-Байгаль орчин, ойн баялгийг хамгаалахад иргэдийн нөхөрлөл ТББ чухал үүрэгтэй. Гэхдээ иргэн нэг бүрийн амьдарч байгаа орч­ныхоо байгалийн баялгаа хам­гаалах ёстой. Минийх, манайх, улсынх, ирээдүй хойч үеийнхний өмч гэсэн сайхан сэтгэлээр эзний ёсоор  хандах хэрэгтэй. Бүрэн бүтэн үлдээх үүргээ ухамсарлах хэрэгтэй. Иргэн хүний сэтгэл гэдэг зүйл дутагдаж байна.

-Байгаль хамгаалагчийн аж­лын нөхцөл хэцүү гэдэг. Ер нь тэдэнд туслах сайн дурын идэвх­тэн зэрэг хүмүүс байдаг уу?

-1809 оноос Байгаль хамгаалах хөдөлгөөн анхны гишүүд Богд ууланд бий болсон гэдэг юм. Тэр уламжлал уг нь байх ёстой. Байгаль хамгаалагч гэдэг их чухал хүн . 1985 оны үед байгаль хамгаалагчдын хариуцах талбайн норматив гэж байхад байгаль хамгаалагчдын тоо 1000 хүрч байсан.  Одоогийн байгаль хамгаалагчдыг харж байхад техникийн хөгжил өндөр болсон учраас утсаар яриад суухаас биеэрээ очиж шалгаж барихаа больчихож дээ. Уг нь байгаль, ан амьтнаа маш сайн мэддэг өөриймсөг байх  хэрэгтэй. Иргэдээс тусламж авахдаа тэдэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээ больчихож. Энэ нь байгаль, ой, ан амьтнаа гэсэн сэтгэл дутагдаад байгаа юмуу гэж харагдаж байгаа юм. Хүмүүсийн ухамсар нь байгалаа хамгаалж хойч үедээ бүрэн бүтэн үлдээнэ гэхээсээ илүү би ашиглах ёстой, үр шимийг нь хүртэх  ёстой гэж ойлгох нь давуу болсон санагддаг. Гэхдээ нөхөн сэргээгдэхгүй бая­лаг гэж байна. Алт нүүрс жонш гэх мэт ашигт малтмал голдуу. Тэрний хувьд бол өөр асуудал яригдана. Нөхөн сэргээгдэх баялаг буюу ой, ан, ус зэргийг хүн бүгд анхаарч хайрлаж сурах хэрэгтэй. Нөхөрлөл байгуулж байгаа хүн хоёр янз байна. Нэг хэсэг нь ашиглахын төлөө байхад нөгөө нэг нь хамгаалж тордож байж ашгийг нь хүртэх гэдэг зорилготой. Ашиглана гэдэг бол их  чухал асуудал. Нөхөн сэргээх гэж байгаа ААН, иргэдийг сайн дэмжих хэрэгтэй.  Зах зээлийн энэ  үед зөрчил илрүүлсэн, санаа зовсон, тэмцсэн иргэнд их бага гэлтгүйгээр таарсан урамшуулал зайлшгүй байх ёстой.

-Ой угтсан олон ажлууд хийгээд эхэлсэн, энэ бүхэнд та оролцож байгаа биз дээ?

-90 жилийн ойгоор 90000 мод суулгана гэж байсан. Гэхдээ радиогоор суулгац гэж яриад байгаа. Уг нь хотын ногоон тохижилтыг суулгацаар хийдэг, харин ойг тарьцаар хийдэг юм. Энэ мэтээс эхлээд энэ талын зөвлөмжийг зөв сурталчилах хэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд, улс төрийн товчооны гишүүн н.Майдар гуайн санаачлагаар 1974 онд 50 жилийн ойгоор Яармагийн наад талын аманд 50-ийн тоог мод шилжүүлж суулгах аргаар тарьж ургуулж байлаа. Одоо хүнд үзүүлж харуулаад байдаг Хүүшийн амны хэсгийг бид нар 1963-1964 оны хавар хийсэн юм. Маш сайхан ургасан, дараа нь жаахан доошлуулаад тарих гэтэл сайн болоогүй. Ойжуулалтын ажилд ойн орчин их чухал. Өөрөөр хэлбэл газар сонгох гэсэн үг. Ойг ургуулах ойжуулах ажлыг мэргэжлийн хүн л хийнэ. Энэ бол бас тийм санаан дураар болчихдог  ажил биш. Манай олон сайхан алдартай туршлагатай ойн инженерүүд бий. 1974 онд төгссөн Дундговийн н.Бямбаа гэж бий. Дундговь аймагт нилээд их юм хийсэн хүн. Бугантад  н.Алтанцэцэг, Хэнтийн Биндэрт н.Мөнхбаяр гээд хийсэн бүтээсэн, байгуулсан гавьяатай инженерүүд бий. Ялангуяа Ховдын н.Цэндсүрэн бол гавьяат цолтой олон улсын шагналтай сайн инженер. А.Цэндсүрэн аймгийн төв нисэх буудлын хоорондох билүү газрыг аваад маш сайхан болгосон байдаг юм. Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол энэ ажилд яалт ч үгүй мэргэжлийн хүн, сэтгэл, зүтгэл гурав хэрэгтэй гэдгийг л төр, иргэдгүй ойлгох хэрэгтэй гэсэн үг юм. Урд нь ядаж дамжаа курсээр ойн мэргэжилтнүүдийг бэлддэг байсан бол одоо бараг байхгүй болж.
Монголын мэдээ
О.Өөдлөн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.