Шүүхийн эцсийн шийдвэр, “Саусгоби Сэнд” компани 35.2 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой

-Шүүх “Саусгоби Сэнд” компанийг Монгол Улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой гэж эцсийн байдлаар шийдвэрлэлээ -


2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улсын Дээд шүүх “Саусгоби Сэндс” компанийн гомдлыг хэлэлцэж, хариу мэдэгдлээ. Хариу мэдэгдэлд “Иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй” гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээдийг субъектээр нь нэрлэн заасан бөгөөд иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд биш байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт уучлал үзүүлж хууль зөрчсөн тухай гомдол нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд тус тус хамаарахгүй болно. Ийнхүү гомдол гаргах эрхгүй этгээдүүдийн гомдлыг үндэслэн дээрх эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй байгааг гомдол гаргагч нарт мэдэгдье.” гэжээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүх “Саусгоби Сэндс” компанийг гомдол гаргах эрхгүй мэдэгдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гаргасан “Саусгоби сэндс” компани татвараас зайлсхийж, нуун дарагдуулсан гэх 35.2 тэрбумын хохирлыг улсад нөхөн төлөх ёстой гэсэн шийдвэр хэвээр үлдлээ. 
 

-“Саусгоби Сэндс” компани Монгол Улсад яагаад 35.2 тэрбум төгрөгийн татварын хохирлыг төлөхөөр болов -


Ямар шалтгааны улмаас энэхүү төлбөрийг төлөхөөр болсон талаар сайн мэдэх байх. Гэхдээ дахин нэг сануулья.

2014 оны 6 дугаар сард Авлигатай тэмцэх газраас шалгаж буй хэргүүдийнхээ талаар мэдээлэл хийв. Энэ үед “Саусгоби Сэндс” компанийг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа тухай мэдээлэл албан ёсных болсон юм. Өөрөөр хэлбэл АТГ-аас тус хэргийг шалгаж байгаад 2014 оны 6 дугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын газарт шилжүүлсэн тухай мэдээлсэн юм. Тухайн үед “Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох Жастин Капла, Хиларион В.Кажуком, Кристобол Ж.Дэвид нарыг Монгол Улсын татварын тухай хуулийг зөрчиж, 2007-2011 онуудад татварын тайлангаа буруу мэдүүлж, 84.900.263.900 төгрөг буюу 85 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж мэдэгдэж байлаа.

Тэгвэл энэ хэргийн анхан шатны шүүх 2015 нэгдүгээр сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болж Монгол Улсын холбогдох хуулийг зөрчсөн хэмээн үзэж, “Саусгоби сэндс” Гүйцэтгэх захирал асан Жастин Каплад таван жил 10 сар, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5жил 6 сар, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд таван жил 10 сарын хорих ял оноосон. Ялыг чанга дэглэмтэй ангид хорих эдлүүлэх, мөн шүүгдэгч тус бүрийг нэг сая төгрөгөөр торгож, улсын орлого болгохоор болох, харин шүүгдэгчдийн улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийг “Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй ч “Саусгоби Сэндс” компанийн зүгээс 35.2 тэрбум төгрөгийг төлөхгүй гэсэн байр суурьтайгаар давж заалдах шатанд гомдол гаргасан юм.

Харин Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх 2015 оны 3 дугаар сард тэдний гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Гэвч давж заалдах шатны шүүх хурлаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Кадла нарт “уучлал үзүүлсэн” байсан учраас, тэдэнд энэ удаагийн шүүхийн тогтоол нөлөөлөхгүй болов. Харин Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн асуудал хэвээр үлдсэн юм.

Гэсэн ч “Саусгоби Сэндс” компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт буруу байсан хэмээн дараагийн шатанд давж заалдав.

-Шүүхийн шийдвэрт өөрчлөлт гарсангүй ...-


Хоёр ч шатны шүүхээс “Саусгоби Сэндс” компанийг 35.2 тэрбум төгрөгийн татварын торгуулийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Тэгвэл тус компанийн зүгээс татварын торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Улсын Дээд шүүхэд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр дамжуулсан хандсан байна. Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 4 дүгээр сарын 29-ний өдөр “компани нь Дээд шүүхэд давж заалдах эрхгүй” гэсэн тайлбартай хариултыг өгчээ.

Харин “Саусгоби Сэндс” компаниас “анхан шатны хоёрдугаар шүүх эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Дээд шүүх л хариу мэдэгдэх ёстой гэж үзэж 29-ний өдрийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдэж, бие төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд дахин хандсан юм. Гэвч Улсын Дээд шүүх тэдний гомдлыг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариултыг өглөө.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхийн эцсийн шийдвэр “Саусгоби Сэндс” компанийг 35.2 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэж гарлаа. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шүүгчдийн зөвлөл хуралдаж болно. Гэхдээ хэргийг гурван ч шатны шүүхээр шийдвэрлэлээ. “Саусгоби Сэндс” компани “Хэрвээ Улсын Дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр үлдээвэл дараагийн шатанд давж заалдана хэмээн төлөвлөсөн. Ингэсэн ч шүүхийн шийдвэрт өөрчлөлт гарахгүй бол татварын торгуулийг төлөх үүргээ хүлээнэ” хэмээн компанийн тайланд дурьдсан талаар эх сурвалж мэдээлж байсан.

Тэгэхээр “Саусгоби Сэндс” компани хувьд дахин нэг удаа гомдол гаргаад үзэх замыг сонгох төлөвлөгөөтэй байгаа бололтой юм. Эсвэл цаг хожиж, зарим нэг хууль батлагдаж, өршөөлд хамрагдах боломжийг ч эрэлхийлж байгаа байж болох л юм. Ямартай ч Монгол Улсын шүүх “Саусгоби Сэндс” компанийг 35.2 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн эцсийн шийдвэрээ гаргачихлаа.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мими 2015-05-21 08:33:20
    Одоо татварын өршөөлийн хууль гарах гээд дуншиж байна. Үүгээр энэ өр хүчингүй болохуу?
  • Мими 2015-05-21 08:29:55
    Элбэгээ одоо нөгөө өршөөсөн гадаадын 4 хүнээ буцаагаад шоронд нь оруулах уу яахуу?
  • иргэн 2015-05-21 07:36:29
    хүмүүсийг нь өршөөгөөд явуулна. татварыг хууль гаргаад төлөхөөс нь булттуулна тэгээд л боллоо