Я.Содбаатар: Монголын ард түмний 24 жилийн хөдөлмөрийг хоёрхон жилийн дотор унагачихлаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаярыг огцруулах санал хүр­гүүлсэн. Энэ асуудал юу болж байгаа бол. Ер нь эдийн засаг уналтад ороод байгаа энэ үед салбарын сайдыг нь огцруулж байгаа нь зөв алхам мөн үү?

-УИХ, Засгийн газрын тухай хуулиар аливаа Зас­гийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш ажлын до­лоо хоногт хэлэлцэх ёстой. Тиймээс энэ долоо хоногт сайдын асуудлыг байнгын хороодоор хэлэлцэж эхлэх байх. Ер нь өнөөдөр хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн байдал, төсөв сан­хүү, ялангуяа төсвийн хө­рөнгө оруулалтын орчин эрс муудчихлаа. Тодорхой тоо хэлбэл га­даадын хөрөнгө оруулалт 75, үн­дэсний мөнгөн тэм­дэгтийн ханш 30 гаруй хувиар буурч, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувиас нэг оронтой тоо руу унасан. Дээрээс нь 22 мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, Монголын эдийн засаг хямралын байдалд орж байна. Үүний хариуцлагыг тодорхой ал­бан тушаалтан, тодорхой хүмүүс хүлээх ёстой.

Тиймээс бид эдийн зас­гийг эрчимжүүлж, сайж­­руулах чиг­лэлээр арга хэм­жээ авахдаа ха­риуц­лага алдсан хүмүүстэй ха­риуцлага тооцож байж энэ ажил үр дүнтэй болно гэж бодож байна.

Магадгүй Эдийн засгийн хөгжлийн сай­дын асуудлыг хөндөж, шийд­вэрлэж чадвал хөрөнгө оруулагчдын хүрээнд ч, Монголын эдийн засгийн сал­барынханд ч итгэл бий болох хандлага байна. Тий­мээс УИХ дахь МАН-ын бү­лэг энэ асуудалд хатуу, нэгд­мэл байх суурьтай байгаа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчихлөө. Үр дүнг нь юу гэж харж байна вэ?
-Ер нь Монгол Улсын эдийн засгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байж болох хамгийн дээд хэмжээгээр нь унагалаа шүү дээ. Тэгсэн мөртлөө түүнийгээ 100 хоногт засчихна гэж байхгүй. Тиймээс энэ 100 хоног бол ха­риуцлагаас зугтаж, цаг хожих гэсэн улстөрийн нүүдэл. УИХ-аас эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр авах ёстой ажлуудын тогтоолын төслийн хүрээнд хийг­дэх ажлуудыг яаралтай хийх юм бол энэ уналтыг одоогийн түвшинд нь зогсоож чадна.

Эхний ээлжинд бид тасралтгүй унаж байгаа эдийн засгийн хүнд­рэлийг зогсоох хэрэгтэй. Харин түүний дараа өсөлтийн асуудлыг ярих ёстой. Хэрвээ Засгийн газар улс орны амьдрал, эдийн засгийг 100 хоногт шийдчихдэг бол 100, 100-н хоногоор нь хийгээд явчих хэрэгтэй. Харамсалтай нь тийм биш байдаг. Аливаа зүй­лийг бүтээж босгоход уйгагүй хөдөлмөр, цаг зав, нерв шаарддаг. Харин унагахад амархан байдаг юм байна. Монголын ард түмний өнгөрсөн 24 жил хөдөлмөрлөж босгосон эдийн засгийг хоёрхон жилийн дотор унагачихлаа. Тэгэ­хээр энд бодлогын том алдаа гарсан.

Эдийн засаг, гадаад бодлого, улстөрийн намуудын хоорондын зөвшилцөл талд ч тэр томоохон дүгнэлт хийж, өнөөгийн нөхцөл байдлаас хэрхэн хохирол багатай гарах вэ гэдгийг шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ асуудалд бүх улстөрийн намууд ялангуяа эрх баригч бүлэглэлийн зүгээс санал, санаачлагатай ажиллаж, ард түм­ний амьдрал болоод Монгол Улсыг хүнд байдалд оруулж байгаа тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой. Цаашид Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгахын тулд эрс шийдэмгий алхмууд хийх ёстой.

-Ажлын 100 хоног гээд байгаа шүү дээ. Төлөвлөсөн ажлууд нь хугацаандаа багтах болов уу?

-УИХ-аас Засгийн газарт тог­тоолоор өгөгдсөн тодорхой аж­луудыг яаралтай л хийх хэрэгтэй. Ялангуяа татварын шинэчлэл, гадаадаас валютын урсгалыг нээх, хоёр хөрштэйгөө харилцан ойл­­голцлоо нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх, дотоодын үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих асуудал, мөн аж ахуйн нэгжүүд дээр явж байгаа то­моохон төсөл хөтөлбөрүүдийг саад бэрхшээл багатайгаар эдийн зас­гийн эргэлтэд оруулах чиглэлээр яаралтай дэмжлэг үзүүлэх то­дор­хой санал санаачлагатай ажил хийх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр төрийн захир­гааны байгууллага, түшмэдийн зүгээс үзүүлдэг хүнд суртлыг багасгах ажлуудыг яаралтай хийх шаардлагатай. Заримдаа гашуун эм ууж байж өвчин эдгэдэг шүү дээ. Тиймээс нэгэнт хүнд байдалд орчихсон байгаа эдийн засгийг сэргээхийн тулд гашуун ч гэсэн хүнд арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байна.

-Таны хувьд ашигт малт­малын тухай хуулийн ажлын хэсэгт байгаа. Энэ хууль ер нь ямар түв­шинд яваа бол. Ямар өөрч­лөлтүүд хийгдэж байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд яагаад өөрчлөлт оруулах бол­сон бэ гэвэл гурван шалт­гааныг хэлэх байна. Нэгдүгээрт төрөөс эрдэс баялгийн салбарт ба­римт­лах бодлогын баримт би­чиг гэж томоохон баримт бичиг намрын чуулганаар өргөн барьсан. Тэгэхээр үүнтэй уялдуулж эрх зүйн за­рим өөрчлөлт хийх зайлш­гүй шаардлага байна.

Хоёрдугаарт хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн зүгээс энэ салбарт хайгуулын лиценз буюу тусгай зөвшөөрлийг цуцалчихсан байгаа хоригоо болих гэсэн хү­лээлт байгаа. Энэ хориг цуц­лагд­санаар геологийн салбар эрчим­жиж, эргэлтэд орох юм. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын зүгээс эрх зүйн болоод бодлогын тогтвортой орчныг биднээс хүсээд байгаа юм. Тиймээс хуулийн бусад олон заалт руу орж, хамаагүй бужиг­нуулахаас илүүтэйгээр тусгай зөв­шөөрлийн хоригийг цуцалж, геологи хайгуулын ажлыг эрчим­жүүлэх боломж, нөхцлийг нь та­виад өгчих хэрэгтэй. Түүнээс биш хуулийн өөрчлөлт нэрээр хүнд суртал бий болгох асуудал нь ойл­гомжгүй байдлыг бий болгож, эргээд эрх зүйн тогтворгүй байдал үүсгэнэ.

Гуравдугаарт энэ салбарын бодлоготойгоо уялдуулаад олон улсын жишигт нийцсэн зарим өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна. Тухайлбал нөөцийг олон улсын жишгээр хүлээж авдаг. Баялгаа олон улсын жишгээр үнэлдэг. Ийм хэлбэр рүү оруулах хуулийн зохицуулалтуудыг хийх хэрэгтэй гэж харж байгаа. Ер нь энэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс хэлж байгаа нийгмийн хүлээлт болсон асуудлуудыг хөн­дөхөөс биш бусад зүйлсээр нь оролдохгүй.

-Стратегийн ач холбогдолтой газрын болоод тусгай зөвшөөр­лийн асуудлууд олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ асуудлууд яаж шийдэгдэх вэ?

-Засгийн газраас өргөн барь­чихсан байгаа хуулийн төслөөс бид дөрвөн асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа. Тодруулбал стратегийн ач холбогдолтой орд газрын асуудлыг хөндөж тавьсан байсан. Өмнө нь тухайн орд дээр байгуулагдсан хуулийн этгээдийн 34-50 хүртэлх хувийг Монголын төр эзэмшихээр байсан. Гэтэл одоо тухайн ордын эдийн засгийн үр өгөөж, ашигт түвшингийн 34-50 хувь гэж өөрчилсөн нь то­дор­хойгүй байдал руу оруулж байна гэж ойлгож байгаа. Тиймээс 2006 онд батлагдсан стратегийн ач холбогдолтой орд газруудтай хол­боотой заалтыг яаран өөрчлөх шаардлагатай байна уу гэдгийг эргэж харах ёстой.
Мөн энэ хуулиар хайгуулын лиценз авах үйл явцыг концес­соор буюу төр, хувийн хэвшлийн түншлэлээр, дуудлага худалдаа, өргөдлөөр болон сонгон шалга­руулалтаар гэж дөрвөн хэлбэртэй оруулж ирж байна. Бид үүн дээр мөн эсрэг байр суурьтай байгаа. Болж өгвөл иргэдэд ойл­гомжтой байх үүднээс өргөдөл, сонгон шалгаруулалт гэсэн хоёр хэлбэрээрээ байя гэсэн саналтай байгаа. Лиценз, тусгай зөвшөөрөл олгох, уул уурхайн салбарын хөг­жилд төрийн захиргааны орол­цоог аль болох багасгах асууд­­лыг авч үзэх ёстой.

Аливаа биз­несийн салбар руу төрийн захир­гаа, түш­мэдийн оролцоо их­сээд ирэхээр л хээл ха­хууль, хүнд суртал үүрлэх, үүд хаалга нээгддэг.

Түүнчлэн хуулийн хүрээнд үүсч буй нэг асуудал нь хувь хү­ний өмч рүү халдах асуудал орж байна. Тодруулбал миний нээсэн үйлдвэр, уурхай дээр ямар нэг осол аваар гарч, зогсолт хийхээр бол заавал яаманд мэдэгдэнэ, тэгэхгүй бол 39 сая төгрөгөөр торгуулна гээд ороод ирж байна. Тэгэхээр өмчийн эрх рүү халдсан аливаа заалтуудыг бид эсэргүүцэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар бол хувийн өмч, аливаа төрлийн өмчийн эрх халдашгүй, дархан байх ёстой. Гэтэл сүүлийн үед АН тэргүүтэй эрх баригч бүлэглэл хүний өмч рүү халдах хандлага түгээмэл болчихлоо. Хүний ха­шаа, хороо, газрыг хураагаад авчихдаг. Айлын байшинг ямар нэг шалтаг хэлж нураадаг. Эсвэл хүний өмч хөрөнгө болсон телевиз, радиог хаадаг болж.

Ер нь энэ өмчийн эрхийн хам­гаалалтыг сайжруулахгүй бол бидний яриад байгаа ардчилал, зах зээлийн нийгэм байгуулах асуудал байхгүй болно. Энэ нийгэм нь өөрөө өмчийн харилцаа, өмчийн эрхийн хамгаалалтад багт­даг нийгэм шүү дээ. Гэтэл 24 жил явж ирсэн энэ харилцааныхаа суурь харилцааг эвдэх хандлагатай бай­­на. Тодруулбал хотыг дахин төлөвлөх тухай, газрыг албадан чөлөөлөх тухай хууль гээд л ороод ирсэн сая УИХ дээр буцаалаа.

-НББСШУ-ны байнгын хороонд цалин, тэтгэмжийн асуудлаар ажлын хэсэг ахалж байгаагийн хувьд хийгдэх ажлуудаас дурьдахгүй юу?

-Монгол Улсад тэтгэврийн тогтолцоог шинэчлэх асуудал зайлш­гүй тулгарч байгаа. 1990 оны дундуур эв санааны гэж нэрлэгддэг байсан тогтолцооноос хагас хуримтлалын буюу нэрийн данс руу шилжих ажлыг эхлүүлсэн.

Харамсалтай нь 20 жил бо­лоход энэ тогтолцоо руу шилжиж чадаагүй байна. Тиймээс нийг­мийн даатгал дээр олон жил хуримтлагдсан өр үүсчихлээ. Нэг ёсондоо нийгмийн даатгалыг мөнгөжүүлэх зайлшгүй шаардлага байна. Хэрвээ мөнгөжүүлэхгүй бол 2017 оноос хүндрэл үүсэх хандлагатай байна. Нөгөө талаас тэтгэврийн тогтолцооны хүрээнд бид цаашид олон давхраат тогтолцоо руу шилжүүлэх асуудлыг ярилцаж байна.

Өнөөдөр бол бид нийгмийн даатгал төлөх гэдэг нэг л зарчмаар явж байна. Бид шинэчлэл хийж, төсвөөс олгодог цаашид баталгаат буюу суурь тэтгэвэртэй болъё гэж байгаа. Ингэхлээр ямар ч байсан Монгол хүн болсныхоо хувьд тэтгэврийн насанд хүрэхдээ тодорхой хэм­жээний тэтгэвэр авдаг болно.

Түүн дээрээ нэмээд олон давх­раат тогтолцооны дагуу ажил хийж байх үедээ төлсөн нийг­мийн даатгалаасаа тэтгэврээ бас авах юм. Мөн хувиараа тодорхой шимтгэл төлсөн бол түүнээсээ бас тэтгэвэр авах юм. Мөн сайн дурын буюу ажил олгогч, ажилтан хоёрын хамтын гэрээн дээр хийгдсэн нийгмийн даатгал нэмж төлдөг хэлбэрийг бий болгох. Түүнчлэн байгалийн баялгийн тодорхой ашгийг нийгмийн даатгал дээр нэмэх зэрэг олон давхраат нийгмийн даатгалын тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр тэтгэврийн гол параметрүүдийг өөрчлөх асуудлыг бас тавьж байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг уртасгая. Мөн тэтгэврийн нэрийн дансны насыг өөрчилье. Тэтгвэрийн шимтгэлийн асуудлыг уян хатан болгоё зэрэг асуудлыг УИХ-аар яаралтай оруулах цаг нь болсон гэж бодож байна. Ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэтгэврийн дундаж насыг аваад үзвэл эрчүүд тэтгэвэрт гарснаасаа хойш дунджаар 10-аад жил тэтгэвэр авч байна. Гэтэл эмэгтэйчүүд 19.1 жил авч байна. Ийм хол зөрүүтэй байгаа учраас эмэгтэйчүүдийнхээ насыг 55-аас дээшлүүлэх асуудлыг үе шаттай хийж эхлэх гэж байна. Ингэх цаг нь ч болсон.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2014-06-04 07:00:23
    МАН-ыхан АН-ын хийсэн бүгдийг харлуулах, хийх гэсэн бүхнийг улдан хойш нь чангааж байгаад дараа сонгуульд ялна гэж тооцож байгаа юм байх даа. Өөрөөр хэлбэл хорлон сүйтгэж байгаад, Та нарт өөр чадах юм байхгүй дээ. Буруу бодол, сэтгэлтэй улсууд даа та нар.
  • ЗОЧИН ЖС ЖС 2014-06-04 06:04:05
    ХУЛГАЙГАА ХЭТРҮҮЛЭЭГҮЙ БОЛ ИНГЭЖ 5 ДАРААЛАН СОНГУУЛЬД ЯЛАГДАХГҮЙ Л БАЙСАН .ЦӨЛМӨСӨӨР БАЙЖ БАЙГААД ЦӨӨНХ БОЛЧИХООД АРГАА БАРЧИХААД АН ДАЙРАХ Л ҮЛДЭЭД БАЙГАА ЮМ
  • зочин 2014-06-04 06:02:45
    МАН-ынханы өмнөх жилүүдэд хийсэн үйл лайг чинь засах гэж мөн ч их зовж байна даа. Чамд нэр заачих хийж бүтээсэн юм монголд лав байхгүй. Монгол орны нутаг дэвсгэрээс лиценц нэрээр гадныханд зарж хувьдаа цуглуулсан мөнгө чамд харин хангалттай байгаа. Чи Өвө
  • yang 2014-06-04 04:56:12
    ongorson ye ryygee bitgii myy myyhaigaa chiheech.......er ni l evtei l bai.
  • энэ биш ээ 2014-06-04 03:33:23
    24 жил хийсэн үйл лайг чинь засах гэж мөн ч их зовж байна даа. чиний хийж бүтээсэн юм монголд лав байхгүй өвөрхангайд бүр байхгүй, хийсэн эвэдэрхий замаа улсын төсвөөр засуулаа биз дээ. улсаа тонон дээрэмдэх үйл ажиллагаа явуулдаг МАН-ын залуус одоо боль
  • МУРУЙ МУРУЙ 2014-06-04 01:20:47
    царай нь муруй үг нь муруй санаа нь муруй үйлс нь муруй
  • huu 2014-06-04 01:03:23
    za medrelteed bn, tomor zam l geed bdag bodlogiin bichigiig ni tanai nam ih hurlaas batlaa biz dee? harin ganhuyag saidiig ogtsruulah deer bol sanal neg bn. namuud jhn urtiin bodlogoor uls tor hiimeer bn.
  • Enkhee 2014-06-04 00:49:22
    HU namiin 24 jild tarisan balagiig AN zasah geed baigaa yum bishuu? Chi ch bas neleed hussan daa, zuv shingeegeerei!