Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг энэ сарын 19, 20 – ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.     

Сургалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулав.

УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд Аюулгүй, эрүүл, ногоон хот, амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот, Сайн засаглалтай, дэвшилтэт хууль эрх зүйн орчин бүхий хот, Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан хот, Азийн аялал жуулчлалын нэг төв хот, Дэлхийн хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын жишигт хүрсэн хот болох зорилтыг тусгасан. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 16 тэрбум ам.доллар шаардлагатай юм. Санхүүжилтийн эх үүсвэрийг Улсын төсөв, нийслэлийн төсөв, хувийн салбараас санхүүжүүлж байна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 8 дэд төвийг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг Азийн хөгжлийн банктай хамтран байгуулж байна.  

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Японы “Жайко” олон улсын байгууллагатай хамтран метро байгуулах төсөл, Япон Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд олон улсын нисэх буудлыг өргөтгөн шинэчилж, Амгалан дулааны цахилгаан станц, 5 дугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн “Найрсаг Улаанбаатар”, “Ухаалаг Улаанбаатар”, “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх ажлын талаар танилцуулж, санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.