"Оюутолгой" төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа
Арабын нэгдсэн Эмират улсад өнгөрсөн даваа гарагаас пүрэв гараг хүртэл ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубай хотод хүрэлцэн очсон даруйдаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд  оролцжээ.
 
Ерөнхий сайдыг дагалдан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хүрэлцэн очсон манай сонины төлөөлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс дараах тодруулгыг авсан байна.
 
-Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдвэрлэгдэж байгаад таны сэтгэл их хөдөлж байх шиг байна?
 
-Сүүлийн гурван жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон байсан. Ойрын гурван сар гэрээ хэлцлийг маш идэвхтэй хийлээ. Хэлэлцээг энэ шатанд хүргэхийн төлөө маш олон хүн хүчин чармайлт гаргасан. Энэ багт орж ажилласан бүх хүнд баярлалаа гэдгээ дамжуулъя.
 
Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчиллаа. Монгол Улстай хамтран ажиллах салбараа тогтож, хөрөнгө оруулалт хийж зээл олгохоор болсон. Энэ сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират Улсад хийх айлчлалын анхны өдрөө Дубай хотноо хөрөнгө оруулагчидтай хоёр талаасаа цуглаад хамгийн сүүлийнхээ хэлэлцээг амжилттай хийж дуусгалаа. Монголчуудын түүхэнд орох сайхан өдөр боллоо. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлүүлэх том шийдвэрээ гаргалаа. Далд уурхайн бүтээн байгуулалт нийтдээ зургаан тэрбум ам доллар. Оюутолгой гэдэг нэг төслийн зургаан тэрбум долларын асуудал ч биш, Монгол руу урсах гадаадын хөрөнгө оруулалтад эерэг дохио өглөө. Яагаад гэвэл гадаадын бүх хөрөнгө оруулалт энэ төслийг хараад зогсонги байдалтай байсан. Бид маш том гарцаа нээлээ, том бөглөөгөө авч чадлаа. Урагшаа хараад ажиллах цаг ирлээ. Шийдлийн Засгийн газар том шийдвэрүүдийнхээ нэгийг гаргалаа.
 
Оюутолгойгоор бидний хийх ажил зогсохгүй, үргэлжлээд Тавантолгой төсөл биднийг хүлээж байна. Энэ шийдвэр ойрын хугацаанд, удахгүй гарна байх.Эдийн засаг, хөгжлийн төв болсон Дубайгаас  монголчууд хөгжлийн их хаалгыг нээлээ. Хэзээ нэгэн цагт энэ газар шиг ийм хөгжилтэй болно. Үүний тулд Оюутолгой шиг төслүүдээ хөдөлгөж байна. Энэ эерэг мессеж дэлхий даяар түгэх байх. Энэ олж авсан уур амьсгалаа бид хадгалах ёстой, дараа дараагийн төслүүдээ явуулах ёстой. Энэ жил Ерөнхий сайдын хувиар очих ёстой бүх газраар очно. Монгол руу орж ирэх ёстой бүх хөрөнгө оруулалтыг авчрахын төлөө ажиллах болно.
 
-Рио Тинто манай Засгийн газарт өнгөрсөн аравдугаар сард Санамж бичгийн төсөл ирүүлсэн. Энэ төслийг батлахгүй бол далд уурхайн санхүүжилт хийгдэхгүй гэж байсан. Энэ санамж бичгийн төсөл хэлэлцээний ямар шатанд яваа вэ?
 
-Далд уурхайн санхүүжилтээ шийдлээ, ойрын өдрүүдэд төлөвлөгөөгөө батална. Хоёр тал нэгдсэн нэг ойлголтод хүрлээ гэж ойлгож болно.

-Хөрөнгө оруулалтын гэрээнд байсан зарим нэгэн маргаантай зүйлийг эцэслэлээ гэж Д.Ганболд захирал хэлж байна. Энэ маргаантай зүйл гэдэг нь юу вэ?
 
-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү бид огт ороогүй, орох шаардлага ч байхгүй. Энэ удаа Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр далд уурхайгаа эхлүүлье гэдэгт санал нэгдсэн. Хэлэлцээ энэ хүрээнд өрнөсөн. Хоорондоо ярилцаад үл ойлголцож байсан, санал зөрөлдөж байсан зүйлүүдээрээ нэгдсэн ойлголтонд хүрч чадлаа.
 
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Оюутолгой бол Монголын гайхамшиг
 
-Та сая ямар төлөв­лөгөөнд гарын үсэг зурав?
 
-Оюутолгойг Монголын эдийн засгийн гайхамшиг гэж хэлж болно. Энэ төслөөр дамжуулаад хамгийн түрүүнд олон ажлын байр бий болж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд 2000-3000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Зургаан тэрбум ам.долларыг капитал болгох замыг өнөөдөр бид нээлээ. Далд уурхай гэдэг маань маш өндөр технологи шаардагддаг. Энэ бүхэн орж ирнэ. Үүнийг нь Монгол хүн ажиллуулна. Оюутолгойд ажиллаж байгаа 6000 орчим хүний 95 хувь нь монголчууд. Нарийн мэргэжлийн далд уурхайн мэргэжилтнүүд монголд бий болно.

-Эхний хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх бол?
 
-Энэ онд багтаагаад Олон улсын 15 банктай төслийн санхүүжилтийн гэрээг гүйцэтгэж дуусна. Тэгснээр энэ онд багтаад бүтээн байгуулалтын ажил эхлэнэ.
 
-Далд уурхайг эхлүүлэх гэж нэлээд хугацаа алдсан л даа. Ямар тохиролцоонд хүрсэн болоод энэ гэрээнд гарын үсэг зурагдав аа?
 
-2009 оны гэрээн дээр байгаа зарим заалтаа хоёр талдаа нэгдсэн ойлголтоор дагаж мөрдөх ойлголцолд хүрсэн байгаа. Дээрээс нь далд уурхайн бүтээн байгуулалтыг долоон жилийн турш хийнэ. Энэ долоон жилийн турш юуг хэрхэн яаж хийх вэ, хаана ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаад дагаж мөрдөхөөр болсон.
 
-Яагаад заавал Дубайд ирж далд уурхайн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм бэ. Улаанбаатарт зурж болоогүй юм уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирэх байх л даа?
 
-Дөнгөж сая бид хэлэлцээгээ дууслаа. Гурван жил хэлэлцээ явагдлаа, сүүлийн гурван сард нь Улаанбаатар,  Лондон, Сингапурт хэлэлцээ хийж байсан. Энэ хүрээнд хэлэлцээ Дубайд үргэлжилсэн. Асуудлаа шийдээд дууссан учир өнөөдөр (өчигдөр) Дубайд хэлэлцээ явагдаж дуусаад гарын үсэг зурлаа.
 
“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Г анболд:Татварын маргааныг шийдэх нөхцөл бүрдсэн
 
-Сая гарын үсэг зурсан төлөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?
 
-Хэлэлцээний явцад Оюутолгойн уурхайн  ач холбогдлыг хоёр талаасаа ярьж байсан. Манай нийгэмд ч гэсэн маш том хүлээлт байдгийг бид бүгдээрээ мэднэ. Харамсалтай нь манай улсад ийм том хөрөнгө оруулалтыг урьд өмнө нь иж бүрнээр нь шийдэж байсан туршлага байсангүй. Үүнээс болоод бид Хөрөнгө оруулалтын гэрээгээ хоёр талаас зөрүүтэй маягаар тайлбарлаж маргаантай асуудал үүсч, саатал гарч байсан. Саатал гарч байсан учраас Монгол Улсад ач тусаа өгч болох байсан, шийдвэрлэж болох байсан олон асуудлыг шийдэхгүй хойш тавиад байсан удаатай. Жишээ нь Монгол Улсад цоо шинээр үүсч байгаа салбарын бүтээгдэхүүн болон уурхайг нийлүүлэх бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломжийг алдсан. Ийм боломж байсан. Тоон үзүүлэлтээрээ энэ уурхайд ажиллаж байгаа монгол хүмүүс 90 гаруй хувийг эзэлдэг боловч зарим албан тушаал дээр маш олон хүнийг шинээр нэмж авах боломж байсан уу гэвэл байсан.

Гэсэн ч үүнийг ойлголтын зөрүүгээс болоод хийхгүй л байсан. Өнөөдөр энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар, дараагийн шатны ажлын эхлэлээ тавьснаараа харилцан итгэлцлийн төвшин эрс нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл маргаантай асуудлуудаар хоёр тал нэг нэгнийгээ хүндэтгэж шийдэж чаддаг юм байна гэсэн ойлголтыг харуулж чадлаа. Харилцан итгэлцэж чадсан учраас техник технологийн, боловсон хүчний, монголын аж ахуйн нэгжүүдтэй харилцан ажиллах маш том ахиц гарлаа. Дээрээс нь Монголын хуульд нийцэхгүй байсан олон асуудлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад нийцүүллээ.         
 
Татварын маргаантай асуудлуудыг яг өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Дээрээс нь Оюутолгойн баялгийн 80 гаруй хувь нь газар доор байгаа. Энэ газар доор байгаа 80 гаруй хувийн олборлолтыг эхлүүлэхгүйгээр Монгол Улсын эдийн засагт эерэг боломж авчрахгүй. Дэлхийд данстай энэ том компани орж ирснээр  Монгол өөрөө хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлж чаддаг улс орон гэдэг нэр төрийг дэлхийн тавцан дээр гаргаж ирлээ.

-Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санамж бичгийн төсөл хүчинтэй хэвээр байгаа юу?
 
-Тийм зүйл хийх шаардлагагүй болсон. Яагаад гэвэл татвартай холбоотой маргаан олон явж байсан. Зарим нь бол Монгол Улсын хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тухайлбал хоёр үзүүрээр ойлгогдож болох  маргаантай асуудлыг илүү тодорхой болгосон. Энэ хуулийн өөрчлөлт нь гадаад дотоодын, том жижиг гэлтгүй бүх компаниудад ашигтай. Яг Оюутолгой компанийн өөртэй нь холбоотой байсан татварын маргааныг манай Татварын газартай харилцан ойлголцон лавлагаанууд авч, тэр лавлагаагаараа Татварын ерөнхий газар өөрийн байр суурийг илүү тодорхой ойлгуулж, цаашид маргаангүйгээр явах бололцоо нээгдсэн.
 
-2024 оны зургадугаар сард Татварын ерөнхий газраас тавьсан акт байдаг л даа. Тэр асуудлууд шийдэгдсэн үү?
 
-Нөхцөл нь бол бүрдчихсэн байгаа. Татварын маргаан таслах зөвлөл олон талаас нь авч үзээд Оюутолгой компани 30 сая долларын төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюутолгой компани ямар нэгэн сөрөг гомдолгүй, шүүх заргагүйгээр 30 сая долларын торгуулийг, Монгол Улсад төлөхөөр болж байгаа.
 
-Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах асуудалд манай ТУЗ-ийн гишүүд санал нэгтэй байгаа юу. Зарим асуудал дээр дуу нэгтэй байж чаддаггүй гээд ТУЗ-ийн гишүүдийг шүүмжилдэг л дээ?
 
- Санал зөрөлдөхдөө стратегийн чанартай тийм асуудал дээр санал зөрж байсныг би санахгүй байна. Ямар ч байгууллага дээр санал зөрөлдөх тохиолдол гардаг. Тийм тохиолдол бол гарна шүү дээ.Түүнээс биш Монголын талд хохиролтой, нөгөө талдаа ашигтай байдлаар санал зөрсөн тохиолдол гарч байгаагүй. Санаанд орж байгаа санал зөрөлдөж байсан асуудал нь нэгэнт л хоёр тал маргалдаад байгаа учир хөндлөнгийн байгууллагаар маргаанаа  таслуулъя.

Хөндлөнгийн хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч ажиллуулъя гэдэг дээр санал зөрөлдөж байсан. Ийм компанийг авах нь зүйтэй юу, зардлыг нь санхүүжүүлэх зөв үү буруу юу гэдгийг ТУЗ-ийн гишүүд өөр өөр байр сууриас харж байсан. Өнөөдрийн энэ гарын үсэг зурсан төлөвлөгөөн дээр бол нэгдсэн байр суурьтай байгаа.
 
-Далд уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батласан уу?
 
-Хэлэлцэх шатандаа явж байгаа. Цаг хугацааны хувьд арай болоогүй байгаа.
 
-Далд уурхайн ТЭЗҮ- ийг баталсан тохиолдолд далд уурхайг хөдөлгөх боломжтой гэдгээ Рио Тинто Санамж бичгийн төсөл дээрээ илэрхийлсэн байсан. Энэ нь сая гарын үсэг зурахад нөлөөлөөгүй юу?
 
-Нэр томъёог тодорхойлоход зөрүү үүсээд байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол аливаа уурхайн ТЭЗҮ- ийг баталдаггүй. Харин хуулийн шаардлага хангасан тохиолдолд энэ бичиг баримтыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авдаг байх ёстой. Хүлээж авсан бол тухайн компани өөрийн ТЭЗҮ-ийн дагуу үл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Далд уурхайн ТЭЗҮ-ийг харин нэлээд оройтож өргөн барьсан.
 
-ТЭЗҮ-ийг үе шатлалтай өргөн барих нь хэр оновчтой вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед өргөн бариад баталсан ТЭЗҮ- ээрээ л явах ёстой биш үү. Ийм шүүмжлэл нэлээд явдаг. Энэ асуудалд таны байр суурь ямар байдаг вэ?
 
-Миний хатуу итгэл үнэмшил байдаг. Жишээ нь 100 гаруй жил ажиллах гэж байгаа орд газрыг ганцхан ТЭЗҮ-ээр явуулна гэхэд хүндрэлтэй. Ийм уурхайн бүх зүйлийг зуун жилээр урьдчилан таамаглана гэдэг боломжгүй зүйл. Зэсийн салбарт ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийг харахад 35 жил ажилласан боловч зогсоо зайгүй хайгуулын ажил хийж байна. 70-аад оны дундуур энэ уурхайг ашиглалтад оруулж байхад уурхайг 30-40 жил ашиглана гэж байсан. Хайгуулын ажлыг үргэлжлүүлснээр дахиад 30 гаруй жил ажиллуулах боломжтой гэдгийг сая тодруулж байна шүү дээ. Хайгуулын явцад тогтоогдсон нөөц дээрээ тухайн цаг хугацааны зурвас цаг үеийг хамарсан ТЭЗҮ оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа.
 
Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: Бүгдээрээ маш их хичээлээ
 
Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэ шийдвэр Оюутолгойтой хамаатай бүх талуудад нэн таатай үйл явдал боллоо. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээний багууд мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл     үзүүлснээр энэхүү шийдвэрийг гаргаж чадлаа. Бүгдэд нь талархал илэрхийлье.
 
Тоон мэдээ
 
Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ.
 
-Далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажил 2013 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс түр зогсчээ.
 
-Оюутолгой ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд байдаг.
 
-2015 он гарсаар Оюутолгой ХХК 78.5 сая ам долларын татвар хураамж, нөөц ашигласны төлбөрт төлжээ.
 
-Оюутолгой компани анхны зэсийн баяжмалаа 2013 оны долоодугаар сард экпортолж байв.
 
-Оюутолгой компани 30 сая долларын торгуулийг үл маргах зарчмаар Монголд улсад төлөхөөр болжээ.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • frf 2015-05-20 11:59:29
    hulgaich luibarchidiin hurungu zuzaarhan eeeeeeee yadarsan irgeded neg uruu bairnii mungu ugchigdugch boloosoo ..........
  • зочин 2015-05-20 07:56:08
    ямарч эз ийн нөхцөл гэрээний гол нөхцөлгүй нууцаар гарын үсэг зурдаг тэнэг мантуу вэ НӨХЦӨЛӨӨ АРД ТҮМЭНЛ ТАНИЛЦУУЛААЧ мангар ХӨӨРЦӨГИЙН найз мөндөө
  • байцаагч 2015-05-20 07:34:55
    татвартай холбоотой олон маргаан явж байсан.Үүнийгээ яаж шийдсэн юм болоо
  • jervis 2015-05-20 06:21:41
    Yaraltai ogtsruul!!!!!!!!!!
  • сэтгүүлч 2015-05-20 04:35:16
    2024 оны зургадугаар сард Татварын ерөнхий газраас тавьсан акт байдаг л даа. Тэр асуудлууд шийдэгдсэн үү? гэж юу асуугаад байнаа сэтгүүлчээ. Юу л болоод бнаа
  • АН-ханд итгэх бэрх шүү 2015-05-20 03:55:07
    Эд нар Монголоо гэх сэтгэлгүй айхтар сайн гарын хүмүүс шүү. Бурхан минь Монгол орон маань хэзээ цэгцэрч Монголоо гэх сэтгэлтэй удирдагч гарах болоо
    • zochin 2015-05-21 16:56:52
      Saikhna mongol gesen setgeltei n chamd uneherin haragdahgui bn gej uu? ene 6 sariin dotor olon ajil amjuulj ooriin chadlaaraa mongol ulsaa avrah gej oroldjinshd...
  • huhuu  2015-05-20 02:02:45
    arai hoshgoruulalt bish baigaasai. unen bl huhuu bayjih duhuj bna daa kkk.
  • зочин 2015-05-20 01:34:27
    АРАБЫН АЛТАН БҮСний үлгэр эхлэвээ.