Ганц хоттой Монгол
-Хаа хүрэв?
-Хот орлоо. Монгол хүн бүр хот гэхээр ямар хотыг хэлж байгааг нь ойлгоно. Харин гадаадынхан ойлгохгүй, ямар хот вэ гэж асуух хэрэг гарна. Бид чинь ганц хоттой улс юм. Засаг захиргааны нэгжийн хуульдаа ч Монгол Улс Улаанбаатар гэдэг цорын ганц хоттой гээд заасан байгаа. Хуу­чин хотын статустай байсан Дархан, Эрдэнэт өнөөдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум болсон.

Энэ ганц хотдоо улсын маань хүн амын тал нь чихэлдэн амьдарч байна. Өнөөдөр Улаанбаатар дэл­хийн том хотуудын жагсаалтад дээгүүрт орох боллоо. Энэ эрчээрээ ердөө хэдхэн жилийн дараа хотын хүн ам 2 саяд хүрнэ. Гэтэл Дархан, Эрдэнэтийн хүн ам 100 мянга ч хүрэхгүй. Аймгийн төвүүд 20-30 мянган хүнтэй.

317 сая хүнтэй АНУ-д нэг саяас дээш хүн амтай хотын тоо ердөө 9, дэлхийн хамгийн том нутагтай 144 сая хүнтэй ОХУ-д 12, хүн ам хамгийн шигүү суух 50-иад улстай Европ тивд 40 л бий. Дэлхийн ихэнх орнуудын хоёр дахь, гурав дахь хотуудын хүн амын тоо ойролцоо, эсвэл хол зөрүүгүй. Харин Монголд энэ зөрүү 15 дахин их байна. Асар уудам нутагтай манай орны хувьд энэ бол төвлөрлийн гажуудал юм.

Энэ хэт төвлөрөл нь Улаан­баатар орчмын газар нутгийг эко системийн аюултай голомт бол­голоо. Энэ газар нутагт цаашдаа хүн эрүүл амьдрах аргагүй болж байна. Агаар, хөрс, усны бохирдол хэвийн хэмжээнээс хэдэн арав дахин их байгаа.

Агаарын бохирдол эхийн урагт нөлөөлөх болж, төрөлхийн гажигтай хүүх­дүүд төрөх буюу ургийн өсөлт зогсож амьгүй болж байгаа тухай эмч нар ярьдаг болсон. 2020 он гэхэд нийслэл хот ундны усны хомсдолд орно гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Ерөөсөө манай улсын хүн амын тал нь энэ голомтод хордож байгаа нь үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудал юм. Энэ бүхэн бүс нутгийн тэнц­­вэртэй хөгжлийн бодлого алдагд­сантай холбоотой. Бид энэ асууд­лыг одоо л ярьж, далайцтай арга хэмжээ авахгүй бол байдал улам дордоно.

Уг нь Монголын төр Улаан­баатар хотын хэт төвлөрлийн гажуудлыг харсан уу харсан, үүнийг засах талаар бодлого гаргасан уу гаргасан. Аль 2001 онд Монгол Улсын Бүсчилсэн Хөгжлийн Үзэл Баримтлалыг (БХҮБ) гарган УИХ-аас тогтоол гарган баталсан байдаг. Энэхүү үзэл баримтлалд Монгол Улс баруун, хангайн, төвийн, зүүн, Улаанбаатарын гэсэн таван бүсэд хуваагдана, баруун бүс нь Ховд, Улиастай, хангайн бүс нь Эрдэнэт, Хархорин, төвийн бүс нь Дархан, Зуунмод, зүүн бүс нь Чойбалсан, Өндөрхаан гэсэн төвүүдтэй байна гэж заажээ.

Түүнчлэн, энэхүү бодлогыг дунд хугацаанд буюу 2010 он хүртэл хэрэгжүүлэх стратегийг 2003 онд УИХ-аар тогтоол гарган баталжээ. Гэтэл энэ хугацаа хэтрээд 2014 он талдаа орлоо. Гэвч Монгол Улсаа бүсчлэн хөгжүүлэх талаар төр цаас гаргаснаас өөр бодитой ажил хийсэнгүй өдий хүрлээ.

Тиймээс Монголын төр өнөөдөр БХҮБ-ийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх цаг болжээ. БХҮБ-ийг эргэн харах шаардлагууд ч бий. Тухайлбал, бүсийн тулгуур тө­вүүдэд засаг захиргааны бодит эрх мэдэл олгох уу эсвэл цаасан дээр нэр төдий цоллуулсаар үлдэх үү, бүсийн төв хоёр байх нь оновчтой эсэх эсвэл нэг л төвтэй байх уу, хэдхэн жилийн дараа Улаанбаатар хоттой хаяа нийлэх Зуунмод сум төвийн бүсийн нэг тулгуур төв болж чадах эсэх гэх мэт.

Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар Улаанбаатартай холбож байна. Дулааны станцууд барьж эхэллээ. Бас орон сууцжуулах хөтөлбөрүүд хэрэг­жүү­лэхээр болоо. Энэ бүхэн төв­лөрлийг тодорхой хэмжээгээр сааруулна. Гэхдээ төв­лөрлийг далайц­тай задлаж ча­дахгүй. “Шинэ сум” төсөл бол төвлөрлийг задлахад огт нөлөө үзүүлэхгүй.

Учир нь Улаанбаатар хот зөвхөн хүн амын тооны хувьд биш эрх мэдэл, санхүү, капи­тал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчил­гээний, мөн соёлын хэт төвлөрөл болчихоод байна. Үүнийг задлах маш хэцүү. Төрөөс том шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байж л үр дүнд хүрнэ.

Хамгийн үр дүнтэй нэг арга бол төр өөрийн нүсэр бүтцээ задалж, бүсийн төвүүд рүү шилжүүлэх юм. Тухайлбал, их дээд сургууль, коллеж, хүрээлэн, судалгааны төвүүд, Дээд Шүүх, Үндсэн Хуулийн Цэц, Улсын Ерөнхий Прокурор зэрэг төрийн зарим институци, төрийн өмчит томоохон компаниудыг шилжүүлэх, мөн улcын клиник эмнэлгүүдтэй өрсөлдөхүйц том эмнэлэгүүдийг бүсийн төвүүдэд байгуулах зэрэг юм.

Засгийн газар дээр дурьдсан аргатай холбоотой нэгэн чухал шийдвэр гаргасан. Энэ бол их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос гаргаж Багануур дүүрэгт шилжүүлэх шийдвэр юм. Санаа нь зөв, шийдвэр нь буруу.

Шийдвэр нь яагаад буруу вэ. Улаанбаатар хотын төвөөс Багануур хүртэл ердөө 140 км, дунд нь Налайх дүүрэг бий. Өнөөдөр Налайх дүүрэг Улаан­­баатар хоорондоо нийлсэн байгаа. Хэрэв Багануурт 200-300 мян­ган хүнтэй боловсролын хот байгуулбал, Улаанбаатарын суурьш­­лийн бүс хаяагаа тэлсээр Багануур хүрэх болно. Богд Уулын өвөрт 200 мянган хүнтэй дагуул хот байгуулах “Майдар сити” төсөл хэрэгжихээр боллоо. Урдхан талд нь олон улсын нисэх онгоцны буудал баригдаж байна. Ердөө хэдхэн жилийн дараа Улаанбаатар хот урагш тэлсээр Хөшигтийн хөндий хүрнэ. Ин­гэхээр, цаашдаа Эмээлт-Хө­шигтийн хөндий-Бага­нуур гэсэн гурвалжинд манай хүн амын 70- 80 хувь нь амьдрах дүр зураг харагдаж байна. Тиймээс энэ шийдвэр гажуудаад байгаа хэт төвлөрлийг задлах биш, харин улам гааруулах үр дагавартай.

Санаа нь яагаад зөв бэ. Энэ бол 200, 300 мянган хүнтэй боловсролын хот байгуулах, энэ хэмжээгээр төвлөрлийг задлах том боломж юм. Оюутнууд бол боловсрол гэдэг бүтээгдэхүүний худалдан авагчид. Тэд боловсролын хотын оршин тогтнох эдийн засгийн үндэс суурь нь болдог. Тийм учраас Английн Кэмбриж, Оксфорд, АНУ-ын Бостон зэрэг боловсролын хотууд дэлхий даяар олон бий.

Манай их, дээд сургуулиуд ямар хэмжээний төвлөрлийг задлаж болох талаар товчхон өгүүлье. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д 140 мянган оюутан, хувийн их, дээд сургууль, коллежид 80-аад мянган оюутан, нийт 220 мянган оюутан суралцаж байна. Тэдгээр оюутнуудад багшилдаг 10-аад мянган багш бий. ШУ-ны хүрээлэнгүүд, судалгааны төвүүд мөн дагаад шилжих боломжтой. Эдгээр байгууллагад нийтдээ 4 мянга гаруй эрдэмтэд, судлаачид ажилладаг. Цаана нь аж ахуй, үйлчилгээний багагүй хэмжээний ажилтнууд нэмэгдэнэ.

Энэ хэмжээний хүн амын шилжилтийг дагаад томоохон зах зээл бий болно. Тээвэр, барилга, орон сууц, цахилгаан, дулаан, худалдаа, үйлдвэрлэл, банк, санхүү, үйлчилгээний салбарууд хөгжиж, маш олон ажлын байр бий болно. Мөн шилжилтийг дагаад дунд сургууль, цэцэрлэг, цагдаа, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний байгууллагуудын бүтэц томорч, орон тоо нэмэгдэн олон ажлын байртай болно. Ингэхээр, Монгол Улсын хувьд 200, 300 мянган хүн амтай хот байгуулах эдийн засгийн бодит потенциал бий болоод ирж байна.

Энэ бол түүхэн боломж. Дахиад 100 жилдээ бидэнд ийм боломж гарахгүй. Энэ боломжийг алдал­­гүй зөв газраа шинэ хотыг цогцлоох уу, эсвэл Улаанбаатар хотыг улам тэлж, үнэмлэхүй төвлөрлийг гааруулах уу?

Өглөөний сонин
 Г.Энхнаст
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2014-06-04 19:01:29
    ENe neg baliar (Sky, MCS-iin ondor, Hangarid ordon) 3 barilgiig harahaar durgui hureed baih yum. Ene 3aas bolj tugjrel hurtel nemegdej bgaa...Hiits zagvarntr ni buur ch teneg...
    98.212.146.107
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-04 10:19:06
    аймаг засаг дарга нарын чадвар харагдах цаг хаана ч хумуусийн амьдрал аймагаа хот болгох сум багуудаа сайн дэмжээд мах талх цагаан идээ маань элбэг хямд болох нь бас л эдийн засагийн осолт шуудээ
    92.255.225.40
    Мэдэгдсэн Хариулах
  • лл 2014-06-04 08:24:44
    Дархан, Эрдэнэтийг хөгжүүлж чадвал Улаанбаатарын төвлөрөл багасна.
    203.194.114.157
    Мэдэгдсэн Хариулах
  • hothuu 2014-06-04 06:50:51
    iim teneg shiidveree ergej zalruulah tsag bolsoon heden uls torch sdaanuud l ih hurald songogdoh gej hotuudiig aimag bolgood tuunees hoish shn hogjiji baisan darhan erdenet baganuur zereg hotuud hogjilgui bolood bna shuu de 1 aimag deer 2 aimag bii bolso
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Zelem 2014-06-04 03:40:16
    Ene setgyylch zuv sanal tavij bna
    203.169.53.164
    Мэдэгдсэн Хариулах