Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг батлах явцад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн талаар Д.Дэмбэрэл гишүүн санал гаргаж, гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Хэлэлцэх асуудлыг баталсаны дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болсон билээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүд хэрэгжих юм. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас мөн чөлөөлөх бодитой шаардлага байгаа тул хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсний дагуу ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналууд гаргаагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг тус байнгын хорооны дарга Б.Болор гаргаж, түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг нэмж тусгасан эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулахыг гишүүд дэмжсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс асуулт гараагүй юм. Харин Д.Дэмбэрэл, Ч.Улаан нарын гишүүд, уг төслийг дэмжихгүй гээд эдийн засгийн хувьд ач холбогдолгүй төдийгүй сөрөг үр дагавартай, бодлогын хувьд алдаатай хуулийн төсөл. Засгийн газар эдийн засгийн түр зуурийн бэрхшээл тохиолдоход өвдөг сөгдөн бууж өгч, байгаль орчноо хяналтгүйгээр ухах, малтаж зөөх өрсөлдөөн бий болгож байгаа сөрөг үр дагавартай шийдвэр болж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг Л.Эрдэнэчимэг танилцуулав.

Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх, анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд дэмжээгүй юм.

Засгийн газрын өрийн хязгаарт уул уурхайн салбарын хуулийн этгээд болон Эрчим хүч, төмөр замын салбарын зээл, засгийн газрын баталгааг хамааруулахгүй байх тухай уг хуулийн төслийн талаар гишүүд салбарын холбогдох ажилтнууд болон ажлын хэсгийн гишүүд, хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсны дараа Ц.Даваасүрэн болон Ч.Улаан нарын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасан.

Хуралдааны төгсгөлд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асуух, санал хэлэх гишүүд байгаагүй тул санал хураалт явуулж, төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.