Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнтэй холбогдох гэрээнүүдийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Ингээд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэгт өгсөн чиглэлийг бүлгийн хурлаар авч хэлэлцээд УИХ дахь “Шударга Ёс” эвслийн бүлэг дараах мэдэгдлийг гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байна. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа УИХ-ын 2012 оны сонгуульд “Шударга Ёс” эвслээс дэвшүүлсэн “Монголоо аврах Таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн 40-д заасан “Таван толгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ.” гэсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллахын төлөө бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, холбогдох гэрээнүүдийн төслийг УИХ-д 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн ч Улсын Их Хуралаар асуудал хэлэлцэгдэхгүй хойшлогдсоор байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан, тохиролцоон болж болзошгүй гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж байна.

Иймээс Таван толгойн гэрээний асуудал нь цөөн хэдэн хүний хүрээнд тохиролцох асуудал биш бөгөөд хэрвээ ийм асуудал өрнөж байгаа бол энэ нь Монгол төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болно. Иймд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс Таван толгойн гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг хурдавчилхыг, олон түмнийг талцуулахгүй байхыг уриалж байгаагаа илэрхийлэв.

Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбогдох гэрээ, хэлэлцээрийг Монгол Улсын төрийн бодлого, хууль, тогтоомжид бүрнээ нийцүүлэн Монгол Улс болон хөрөнгө оруулагч талд харилцан ашигтай, Монголын ард түмэнд үр өгөөжтэй байх зарчмыг баримталсан гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа тус бүлгээс мэдэгдлээ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.