Хаан Банкны ажилтнууд “ХААН Банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
“Модоо тарьж, байгаль эхээ хамгаалцгаая” уриалгын дор ХААН Банкны ажилтнууд 5-р сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хавар бүр цагаан цэцэгс дэлбээлдэг үзэсгэлэнт Монос модыг тарилаа.
 
ХААН Банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ногоон орчин бий болгох үүднээс 2008 оноос эхлэн “ХААН Банкны Ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд 15,700 гаруй мод тарьж, улс орны ногоон бүтээн байгуулалт хийгээд иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй аж төрөх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад байна.
 
Жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “ХААН Банкны Ой” мод тарих хөтөлбөр болоод Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчимтай уялдуулан байгаль хамгаалах, нөхөн сэргээх, байгальд ээлтэй санаачилгуудыг дэмжих ажлын хүрээнд орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа юм.
 
Улаанбаатар хотын хувьд ХААН Банкны ажилтнууд өөрсдийн санаачилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сонгон 100 ширхэг монос мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Туул голын ай савд байрладаг, Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийн 60 хувийг хөрсөндөө агуулдаг нийслэлийн онцгой бүс бөгөөд мод тарьснаар нийслэлийн Эко тэнцвэрийг хадгалах, ногоон бүсийг бий болгоход онцгой хувь нэмэр болж байна. 
 
Ногоон ирээдүйг бий болгох, ирээдүй хойч үедээ чөлөөт цагаа өнгөрөөх амьд байгаль, эрүүл аюулгүй орчныг бэлэглэх үйлс өргөжих болтугай.
Бусдад түгээх
  • gplus