Л.Гантөмөр: Уран бүтээлчдийг  хүнийх нь хувьд урамшуулж,  дэмжиж сайхан амьдрахад туслах ёстой
Урлагийн шилдгүүдийг шагнадаг “Мөнгөн мод”  цомын эзнээр энэ жил  7 уран бүтээлч тодорлоо. Шилдэг найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ, найруулагч Д.Сосорбарам, Н.Жанцанноров нар шалгарсан бол шилдэг жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Шилдэг бүжигчин”-ээр “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэл, “Шилдэг дуучин”-аар ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал, “Шилдэг хөгжимчин”-өөр “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Гени, “Шилдэг зураач”-аар Н.Батжаргал, “Шилдэг өв тээгч”-ээр Урианхайн алдарт туульч А.Балдандорж нар шалгарчээ. Шилдэг уран бүтээлч тус бүрийг 3 сая төгрөгөөр урамшуулж байгаа бөгөөд тэд “нүдээ олсон шагнал боллоо” хэмээн үнэлж байлаа.

“Мөнгөн мод” ёслолын арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд   Л.Гантөмөр  “Хүмүүсийнхээ үнэ цэнэтэй амьдрахад тусалдаг төрийн бодлого цааш үргэлжилнэ. Уран бүтээлчдийг  хүнийх нь хувьд урамшуулж,  дэмжиж сайхан амьдрахад туслах ёстой. Оны шилдэг уран бүтээлчийн бүтээл гэдэг бол давтагдашгүй. Жишээ нь Д.Сосорбарам гуай шилдэг найруулагчаар тодорлоо. Түүний найруулсан бүтээлүүд нь цаашдаа давтагдахгүй. Дахиад хүн давтахгүй. Тэгэхээр давтагдахгүй энэхүү  шинэ бүтээл  бол инноваци юм. Энэ шинэ мэдлэгийг хүнд хүргэх менежментийн арга ухааныг одоо бид бий болгох ёстой. Хүний нөөцөө бэлдэх ёстой. БСШУЯ цаашдаа хүний нөөц бэлдэх  тал дээр анхаарч урлагийн чиглэлээр гадаадад оюутан суралцуулах, дэлхийн шилдэг сургуулиудаас эрдэмтэн докторууд урьж ажиллуулах бодлого барьж ажиллана” гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.