Дэлхийн 7 тэрбум хүнийг манлайлагчдын нэг нь таны шавь байх ёстой
 Хүүхэд бүрийг хөгжүүлэх Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр улс даяар өрнүүлээд нэг хичээлийн жилийг үдэж байна. Үүнтэй холбогдуулан боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Үнэлгээний төв, Хэрэгжилтийн баг, МУБИС, Багшийн сургууль, нийслэлийн Боловсрол, соёлын газар хамтран зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнд аймаг, дүүрэг бүрээс хоёр хичээл, үйл ажиллагаа, нэг илтгэл буюу нийт 60 хичээл үйл ажиллагаа, 30 илтгэл оролцлоо. Энэхүү зөвлөгөөний зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр xөтлөн явуулахад багш нар, сургалтын менежер, удирдлага, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, багш нарт зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, дидактик шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Зөвлөгөөний салбар хуралдаанууд нийслэлийн таван дүүргийн таван сургууль дээр болсон юм. Эдгээр сургуулиуд дээр 21 аймаг, нийслэлийн сайн хичээлүүдийг нээлттэй зааж дараа нь багш нар санал солилцож байлаа.

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль дээр хүн байгаль, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр математик, Сүхбаатар дүүргийн зургаадугаар сургууль дээр иргэний боловсролын үйл ажиллагаа, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр монгол хэл, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль дээр амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны хичээлүүд тус тус боллоо. Үдээс хойш нь Монголын хүүхдийн ордонд сайн туршлагуудаа хуваалцсан нэгдсэн зөвлөгөөн болов. Мөн авьяас хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн хүүхдүүдийн урлагийн тоглолт боллоо. Энэ үеэр багш нар хүүхдүүдийнхээ суралцах арга барилд гарсан дэвшлийг сонирхуулсан илтгэл тавьсан юм. Багш хүний хамгийн том бахархал бол хүүхдүүдэд нь ахиц өөрчлөлт гарах.

Манай хүүхдүүд ингэж өөрчлөгдсөн, тэр охин сарын дотор ингэж ахисан гээд ам уралдан ярих багш нарын ярианаас “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт сайн яваа юм байна гээд гадарлачхаж болмоор байв. Хүүхдүүдийн сурлагын дундаж түвшин 76 хувь байснаа хичээлийн жилийн төгсгөлд 87.8 хувь болж өссөн байна. Зөвхөн математикийн хичээл гэхэд л дунджаар 68 хувийн үнэлгээтэй байсан бол дөрөвдүгээр улирлын төгсгөлд дундаж нь 84 хувь болж өссөн байх жишээтэй. Энэ мэтчилэн дуу хөгжим 81-87, биеийн тамир 90-91, зураг урлал 83-90, хүн нийгэм 80-89, хүн байгаль 79-88, математик 76-85, монгол хэл 79-85 хувийн дундаж сурлагатай болж өссөн дүн гарсан судалгаа байна. Түүнчлэн лабораторийн багаж хэрэгсэл үзмэр байхаа больж хүүхдүүд өөрсдийн сонирхсон чиглэлийн дугуйлангуудад хамрагдах болсон нь идэвхийг нь эрс нэмэгдүүлжээ.

Багш төвтэй сургалт байснаа сурагч төвтэй болсноор олон сайн тал гарсан гэдгийг багш нар хэлж байлаа. Мөн сургууль бүр өөрсдийн зорилгоо тодорхойлж ажиллажээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль гэхэд сургуулийн эрхэм зорилго, сурагчдын зорилго, хүүхдэд ээлтэй багш удирдлагын зорилго, ажилчдын зорилго, эцэг эх гэр бүлийн зорилго гэсэн таван зорилго гарган тал бүрийн төлөөллөөрөө хэлэлцэж ажиллаад тодорхой дэвшил гаргасныг дурдаж байлаа. Мөн өнгөрсөн жилийн хугацаанд сургууль бүр хэрэглэгдэхүүн бэлтгэх, орчин сайжруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эцэг эхчүүдийг нээлттэй хичээлд суулгах, үйлдвэр болоод төрийн үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах нээлттэй ажил зохион байгуулсан зэрэг ажлуудынхаа талаар сонирхуулж байв.

800 орчим багш нар оролцсон тус чуулганы үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр багш нартаа хандаж “Мэдлэгийн нийгэм ирж байна. Энэ нийгэмд та бүхний шавь зөвхөн монголдоо мундаг байх биш дэлхийн 7 тэрбум хүнийг манлайлагчдын нэг болох ёстой.Суурийг нь зөв тавьчихсан байхад хүүхэд өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд цааш явдаг юм шүү. Хүүхэд бүрийг хөгжүүлэх бидний дэвшүүлсэн бодлого богино хугацаанд үр дүнг нь харж чадлаа” хэмээн шинэчилсэн хөтөлбөрийн үр дүнг үнэлсэн юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2015-05-19 11:04:36
    ХҮҮХДИЙГ ХҮНЛЭГ БОЛГОЁ ГЭВЭЛ АРАЙ ЭРҮҮЛ СОНСОГДОЖ БАЙНА,БАС БАГШ НЭРТЭЙ ДАРАМТЛАГЧ НАРАА Л ЭХЛЭЭД ХҮН БОЛГО,
  • fff 2015-05-19 09:19:47
    surtei surtei yum bichdiimbee, manlailna darga boln gej henhegelj baihaar Ajil sain hiij surasai, talx, gagnuur, oyodol tsewerlegch, gutalchin ....geel