“S outlet’s”-ийнхан тохижуулах нэрээр талбайгаа сунгажээ
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай “S outlet’s” дэлгүүрийнхэн Сэлбэ гол руу халдаж барилга барьж байна гэсэн мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээгээр түгсэн. Уг мэдээллийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Сайнбаярын хамт дэлгүүрийг зорьж очсон юм. “Эс сайн” гэх толгой компанитай тус дэлгүүрийн дэргэд өргөтгөлийн таван давхар барилгыг өнгөрсөн жилээс эхлүүлжээ. Гүйцэтгэгч нь “Онон таур” гэх компани юм байна.
 
“S outlet’s” дэлгүүр Сэлбэ голын эрэг дагуу байрлалтай. Хуучин дэлгүүрийг голоос тусгаарласан төмөр хашаа байж. Гэвч барилга барихтай зэрэгцэн хамгаалалтын хашааг сэтэлж, гол руу 5-6 метрийн зайтай түрж орж шинэ далан босгосон байв. Далан нь таван давхар барилгын хашааг тэр чигээр нь тойрч, зарим хэсгээрээ Сэлбэ голын голдрилтой метр хүрэхгүй зайтай нийлжээ. Голын эрэг гэхээр газар дэлгүүрийн шинэ барилгын орчимд бараг үлдээгүй байлаа. Биднийг очиход мэдээлэл өгөх хүмүүс байсангүй. Захиалагч компанийн инженер гэх залуутай утсаар холбогдоход, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас үерийн далан барих зөвшөөрөл авсан гэж байв.
 
Харин барилгын гүйцэтгэгч компанийн инженер н.Ундрах өөр мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Үерийн далан барихад зөвшөөрөл аваагүй. Хуучин шиг налуу болгоё гэж төлөвлөсөн ч далангийн хийц нь тохироогүй. Голын эрэг шороо тоосондоо дарагдаж байснаас үерийн далан барьж хажуугаар нь зүлэг ногоо ургуулж тохижуулбал зүгээр биз дээ. АНУ-ын Элчингийн зүүн талд тохижуулсан Сэлбэ төсөл шиг болгох юм. Байгууллагууд тэр бүр гол орчмыг ингэж тохижуулаад байхгүй” гэж байв. Гэвч тэдний тохижуулалт хийнэ гэсэн талбай голын эрэг дээр биш барилгын талбай дотор орсон нь тохижуулах нэрээр талбай сунгажээ гэж харж болохоор байв.
 
Учир нь гол нуур, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг өөрчилж, барилга байгууламж барих нь хуулиар хориотой. Хэрэв барьсан тохиолдолд Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газраас байгаль орчны үнэлгээ хийлгэж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилга, байшингийн инженер, хийцийн талаар зөвшөөрөл авах ёстой аж. Үүнийг Б.Сайнбаяр байцаагч онцолж, олон аймаг дамжиж урсдаг голын хамгаалалтын бүс 200 метр, хот доторх голынх 100 метр байх ёстойг хэлж байв.
 
Өөрөөр хэлбэл, Сэлбэ голоос 100 метрийн зайд барилга, байгууламж барих хориотой гэсэн үг. Хамгийн гол нь голын хамгаалалтын хашааг сэтэлж, голоос метр хүрэхгүй зайнд далан босгосон нь байгаль орчин, усны тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг улсын байцаагч онцолсон юм. Тиймээс “S outlet’s” дэлгүүрийн эзэд мэргэжлийн хяналтынханд холбогдох бичиг баримтаа шалгуулахаар болсон. Хэрэв тэдний үйлдэл хууль зөрчсөн нь тогтоогдвол Усны тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгуулийг төлж, гол халдсан үйл ажиллагаагаа зогсоох үүрэг хүлээх юм байна.
 
Зууны мэдээ
Б.Заяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.