Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд анхаарах зүйл олон бий
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг  хэлэлцлээ. Монгол улс  анх 1999 оны тавдугаар сарын 18-нд  Галын аюулгүй байдлын тухай хуультай болж байсан билээ. Үүнээс хойш 2003 онд хоёр удаа, 2007 онд нэг удаа, 2010 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт орж байсан удаатай. Монгол Улсын Их Хурлаас 1999 онд баталсан Галын аюулгүй байдлын тухай хууль нь тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байсан боловч дэлхийн цаг уурын өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, хотжилт, хүн амын нягтрал, барилгажилт, барилга байгууламж, үйлдвэржилт, уул уурхайн техник технологийн хөгжил зэрэгтэй холбоотойгоор өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээ, хуулийн төсөл боловсруулахад хийсэн судалгаа зэргээс харахад хуулийг шинэчлэн найруулах хууль зүйн болон практик шаардлага гарч байна.Мөн гал түймрийн эрсдэл жил тутам өсөн нэмэгдэж, сүүлийн 3 жилд объектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18,7 тэрбум төгрөгний хохирол учирч, гал түймрийн улмаас 224 хүн амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатсан. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгааг хуулийн  төсөл санаачлагч Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хэлэлцүүлгийн эхэнд тайлбарласан юм.

Хэлэлцүүлгийн үед хууль санаачлагч шадар сайд Д.Тэрбишдавгаас  УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй Хууль зүйн байнгын хорооны гишүүд асуулт тавилаа. Тэрбээр хэлэхдээ "Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг  хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ шинээр батлагдах энэ хуулийн төсөлд объектын гал түймэр тусгагджээ. Энд дан ганц объектын гал түймэр гэхээсээ илүү ой  хээрийн түймрийг хуулиар зохицуулахгүй байгаа нь дутагдалтай байна. Энэ хоёр зүйлийг нэгтгэж болохгүй гэж үү. Миний хувьд тус тусад нь  хуулиар зохицуулж байхаар нэгтгээд нэг мөр шийдэх нь зөв  гэсэн санал байна.  Түүнээс гадна гал түймрийн дуудлаганд явж байхад гардаг хүндрэлүүдийг арилгах ямар арга зам байна. Наандаж нэг галын дуудлагад явахад замын түгжрэлээс авахуулаад гарах бэрхшээл олон. Тиймээс галын дуудлагатай хамт Замын цагдаагийн газартай хамтарч  ажилладаг тогтолцоонд шилжих хэрэгтэй гэдэг санал хэлмээр байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр хуулийн төсөл санаачлагчаас  Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл батлагдлаа гэхэд хамгийн түрүүнд тавигдах ёстой шаардлага нь  гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах явдал гэдгийг  анхаарууллаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.