Иргэний нисэхийнхэн ололт амжилтаа дүгнэв
Анх Ү-13 загварын дөрвөн хүний суудалтай онгоц Американ дэнжид бууж, иргэдэд нислэгийн үзүүлбэр сонирхуулж, иргэний нисэх хүчин үүсэх үндсийг тавьж байсан бол өнөөдөр Монголын нисэх хүчин 2000 гаруй ажиллагсадтай, 15 аймагт нисэх буудалтай том салбар болон хөгжжээ. Үндэсний агаарын тээврийн авиа компаниудын тоо наймд хүрч, өдөр бүр 250-300 онгоц Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрдөг байна. Салбар хөгжихийн хирээр агаарын зай хоорондын зайг багасгах шаардлага ч гарч,  өмнө нь 90 км зайтай байсан онгоц хоорондын зайг 30 км болж багасгасан зэрэг томоохон амжилттайгаар тэгш ойтойгоо золгож байна.

Ингэснээр навигацийн мэргэжилтнүүдийн хариуцлага ч нэмэгдэж, нөгөөтэйгүүр, улсын төсөвт ч зохих хэмжээний ашгийг өгч байгаа юм. 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр ЗХУ-аас манай улсад бэлэглэсэн Ү-13 загварын онгоц газардсанаас хойш энэ өдрийг Монголд нисэх хүчин үүсч хөгжсөний баярын өдөр болгон тэмдэглэх болжээ. Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхэн ойг угтаж, тус салбарынхан мэдлэг сорьсон төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний нэг бол “Нисэх хүчин 90 жил” эрдэм шинжилгээний хурал байв. Хуралд ШУТИС, БХИС, МУИС-ийн эрдэмтэд хүрэлцэн ирж, нисэх хүчинтэй холбоотой олон сэдвээр илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр ИНЕГ-ын орлогч дарга Г.Мөнгөнхуяг “Монгол Улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа 90 жилийн түүхтэй нисэхийн салбарыг судлаад, эрдэм шинжилгээний бүтээл хэлэлцүүлж байгаа эрдэмтэн судлаачдад талархаж байна. Та бүхний шинэ санаа, оновчтой бүтээл нисэхийн салбарыг шинэ шатанд гаргаж байгаа” гэдгийг онцолсон юм. Эрдэм шинжилгээний хуралд  “Агаарын тээврийн навигацийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага боломж”, “Нисгэгчгүй нисэх аппаратын хэрэглээг Монгол Улсын Зэвсэгт хүчинд нэвт­рүү­лэх”, “Өвлийн улиралд Ан-2 онгоцны ашиглалтыг сайжруулах нь”, “Үйлчилгээ зогсоох халдлага зайлуулах систем”  зэрэг олон сонирхолтой илтгэл тавигдсан.

Харин нисэх хүчний хурандаа Я.Даваасамбуу  “Цэргийн нисэ­хийн боловсон хүчин, хүний нөөцийн чадавхи” илтгэлдээ төр засгаас Монголын цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэх талаар баримталж байсан бодлогын хүрээнд уг салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн түүхэн замнал, нисэх хүчнээс төрөн гарсан сэхээт­нүүд гээд чухал баримтуудыг дурьджээ.

Тодруул­бал, Москва хотын Агаарын цэргийн командын академид 1943 онд анхны сонсогч суралцаж эхэлс­нээс хойш команд-штаб, оператив-тактикийн мэр­гэж­лээр таван офицер суралцаж төгссөн. Улмаар гадаадын цэр­гийн нисэхийн сургуулиудад 830 гаруй хүн суралцсан. Монгол Ул­сын анхны нисгэг­чид Ч.Шагдар­сүрэн, Д.Жадамбаа, Б.Бат­цэрэн нар байсан. Нисэх хүч­нээс Ж.Гүррагчаа, Ч.Шагдар­сүрэн, Д.Гун­гаа, Д.Дэмбэрэл гэсэн дөр­вөн хүн Монгол Улсын баатар бол­жээ. Я.Даваасамбуу гуайн энэ бүтээл Зэвсэгт хүчний түүх бичихэд чухал гарын авлага болох төдийгүй, Цэргийн нисэх хүчний түүхийн архивын баримт болж хойч үед үлдэнэ гэдгийг хуралд оролцогчид, шүүгчид хэлсэн юм. Мөн БХИС-ийн доктор  Ч.Болдбаатар “Монгол Улсын агаарын зайн хяналт, олон улсын туршлага” илтгэлдээ “ОХУ, Европын зарим орнууд агаарын орон зайн хяналтаа сайжруулахын тулд нэгдсэн системийг буй болгож байгаа. АНУ,  БНХАУ, Япон, Солонгос улс  агаарын хилээ өөрсдөө хамгаалдаг. Энэ мэтчилэн манайх аль ч улсаас авахаар туршлага олон байна” гэсэн санааг дэвшүүлж өгчээ. Эрдэм шинжилгээний хурлыг  БХИС-ийн Холбооны сургууль, Тэмүүжин-Өрлөг сургуулийн сон­согчид зорин ирж, эрдэмтдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Түүнчлэн, Нислэг үйлчилгээнүүд олон улсын зэрэглэлд хүрсэн, ажилтнуудын мэддэг чадвар хаана ч  гологдохгүй гэдгийг иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан н.Лхагваа эрдэм шинжил­гээний хурлын үеэр онцлон тэмдэглэж байлаа. Хоорондоо 35 км зайтай зөрж байгаа орон орны онгоцуудыг аюул осолгүй зохицуулна гэдэг өндөр мэргэжил шаардсан ажил гэдгийг тэрбээр онцолсон юм. Улс орнууд  нутаг дээгүүр  нь дайран өнгөрсөн онгоц тутмаас тодорхой хэмжээний хураамж авдаг аж. Манай улсын хувьд өнгөрөгч онд 68 тэрбум төгрөгийг навигацийн хураам­жаас олжээ. Харин энэ жил 88 тэрбум төгрөг олохоор төсөвт тусгаад байгаа юм байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь нисэхийн салбарт олсон амжилтаа дүгнэх, цаашдын чиг хандлагаа тодорхойлоход чиглэж байсан бөгөөд шинэ санаа, санаачилга, сайшаал магтаал­тай­гаар өндөрлөсөн юм. Харин мар­гааш нь буюу өнгөрөгч амралтын өдрөөр Инженер техникийн салбарынхан нисэх загварын тэмцээнийг нисэх загварын спорт сонирхогчдын дунд зохион байгуулав. Нэгэн үе зогсонги байдалд ороод байсан энэ спортод  хүүхэд залуусыг сонирхолтой болгох, нисэх хүчний салбарыг нийтэд сурталчлах, нисэх заг­варын спортыг хөгжүүлэх, залуу халаа болсон тамирчдаа бэлтгэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Яармагийн талбайд зохион байгуулсан юм.

Энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагт цаг агаар тогтуун сайхан байлаа. Урин цаг наашилж, зуны эхэн сар гарсан эл өдрүүдэд үр хүүхдээ салхилуулах, гэр бүлээрээ амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийг эрмэлзэх иргэдийн хөлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дарагджээ. Тэдгээр иргэдийн амралтын өдөрт нь амт нэмэх сонирхолтой арга хэмжээний нэг болж байсан “Нисэх загвар”-ын тэмцээний эхний хоёр үе болох пуужин загвар, радио удирдлагат уран нислэгийн загварын тэмцээнүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж, харин радио удирдлагат агаарын тулааны загварын тэмцээнийг яармагт зохион явуулсан юм.

 Өрсөлдөөнт, сонирхолтой, мөн нэлээд хор шар, ур чадвар шаардсан тэмцээн олны анхаарлыг татаж, нисэх хүчин хэмээх онцгой салбарын талаарх ойлголтыг олон нийт, ялангуяа хүүхэд залууст бага ч болов өгч чадсан гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн, энэ спортыг сонирхох залуусын тоо ч нэмэгдсэн нь эргэлзээгүй. Нисэх загварын спортын талаар товчхон мэдээлэл өгөхөд, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг зохион бүтээж, нисгэн уралддаг агаарын спортын нэгэн төрөл аж.  Ер нь нисэх загварын спорт 1965 оноос хойш манай улсад хөгжиж иржээ. Тухайн үед пионер сурагчдын ордонд нисэх загварын дугуйлан хичээллэж байсан бөгөөд 1970-аад оноос тамирчид маань олон улсын тэмцээнд оролцож, өөрийн улсдаа хүртэл томоохон хэм­жээний тэмцээн уралдааныг зохион байгуулах болж.

Улмаар 1975 онд Залуу Техникчдийн Ордон ашиглалтад орсон нь Нисэх загварын спортын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна. 1980 онд Нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор оржээ. Гэвч нэгэн үе энэ төрлийн спорт уналтад орж, сүүлийн жилүүдэд хувь хүн, клубуудын хичээл зүтгэлээр сэргэж эхэлсэн байна.

Монголын Нисэх Загварын Спортын Холбоо 2013 онд Дэлхийн түүхэнд анх удаа Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байсан бол  Ази тивд анх удаа энэ оны долдугаар сард Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг аваад бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Өглөө 10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн “Пуужин загвар”, “Радио удирд­лагат уран нислэгийн загвар”-ын тэмцээн 14.00 цаг хүртэл үргэлж­лэв. Пуужин загварын тэмцээний хувьд оролцогчдын пуужин-пла­нерийн загварыг гараанаасаа нисээд, тодорхой хугацаанд агаарт байх үзүүлэлтийг тодор­хойлж үнэлэх маягаар явуулсан. 

Харин Радио удирдлагат уран нислэгийн тухайд тухайн радио удирдлагат онгоцны нисгэгч 15 метрээс багагүй урттай троссоор онгоцоо удирдах бөгөөд ихээхэн чадвар шаардсан үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхуулсан юм. Цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирсэн хүүхэд, залуусын сонирхлыг үнэхээр их татаж байгаа нь тэдний царайнаас илхэн  харагдаж байлаа. Эдгээр тэмцээнүүдээс хамгийн их сонирхолтой, хурд хүч, авьяас шаардсан нь агаарын тулалдаант загварын тэмцээн байсныг энд дурьдах хэрэгтэй. Нисгэгчээс чадвар, авхаалж самбаа, онгоцноос хурд шаардах агаарын тулалдаант загварын тэмцээн Яармагийн талбайд зохиогдсон юм. Онгоц бүр араасаа 10 метрийн урттай цаасан туузыг зүүж хөөрөх бөгөөд нэг гараандаа 5-10 хүн зэрэг онгоцоо хөөргөж, нэг нэгийнхээ араас зүүсэн туузыг таслахаар өрсөлдөн, тэмцэлдэх аж.

Улмаар туузаа таслуулсан онгоц тэмцээнийг орхих дүрмээр явагдаж байв. Энэ спорт тамирчид, сонирхогчдод маш их сэтгэл ханамж өгдөг гэдгийг тэмцээнд оролцохоор ирсэн хүмүүс ч хэлж байлаа. Хуучин засгийн үед  Залуу техникчдийн ордон гэж байх үед нисэх загварын спорт манай улсад боловсролын системд тусгагдан, системтэйгээр хөгжиж байжээ. Гэвч нэгэн үе уналтад орж, саяхнаас л хувь хүн клубууд сургалт зохион байгуулах маягаар хүүхэд залуусыг техник сэтгэлгээ шаардсан энэхүү спортод дур сонирхолтой болгохоор ажиллах болсон аж. Тиймээс нисэх загвар сонирхогчдын төлөөлөл ИНЕГ-аас жил бүр тэмцээн уралдааныг зохион байгуулж буйд талархаж явдагаа илэрхийлсэн. Одоогоор Монголд 120 орчим нисэх загвар сонирхогчид байдаг байна.

Нисэх загвар нь дотроо олон төрөлтэй бөгөөд радио удирдлагат онгоцны спорт сонирхогчдын хувьд харьцангуй цөөхөн байдаг гэнэ. Тулаант загварын RCC  онгоцыг спорт сонирхогчид өөрсдөө хийдэг аж. Удирдлага, хөдөлгүүр нь үнэтэй ч, бусад эд ангийг нь барилгын материал зэргээр орлуулан хийх боломжтой бөгөөд 100 гаруй мянган төгрөгт нэг онгоц босох бололцоотой гэдгийг тамирчид хэлж байлаа.  Бид тэмцээнд чадвараа сорихоор ирсэн нэгэн эрхмийг сонгож, энэ спортын талаар цөөн хором хуучилсан юм.
 
Т.Олзбаатар: RCC онгоцыг л бид өөрсдөө хийж байна

/Синус Дочи ХХК-ын захирал/

-Сүүлийн долоо, найман жил энэ төрлийн спортын сонирхон хичээллэж байна. Ер нь бол хүүхэд байхдаа сонирхдог байсан л даа. Гэхдээ тэр үед онгоц бэлэн байсангүй. Одоо л хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж байна. Радио удирдлагат онгоц дотроо нэлээд олон төрөл байдаг. Тодорхой жишээгээр хэлбэл, F13, RCC гээд тулалдаан хийдэг онгоц байна.

Нэг нь бол дуураймал загвар буюу бодитойгоор нисч буй онгоцыг багасгаад хийсэн дуураймал загвар Монголд түлхүү хөгжиж байна. Надад радио удирдлагат нисдэг тэрэг байгаа. Миний хувьд радио удирдлагат онгоцонд сонирхолтой. Гэхдээ харьцангуй хөрөнгө их зарцуулагддаг спорт. Тийм болохоор тэмцээн уралдаан зохион байгуулагдахад оролцож буй хүмүүс нь цөөхөн байдаг.

Жилд 3-4 тэмцээн болдог. Тэмцээнүүдэд эхний гуравт дээр доороо ороод л явж байдаг юм. RCC онгоцны хувьд эрсдэл ихтэй учраас хүмүүс өөрсдийнхөө нөхцөл бололцооноос хамаараад барилгын материалаар ч юм уу өөрсдөө аль болох хямд материал цуглуулж байгаад хөнгөн, хурдтай онгоц хийдэг. Далавчны хэмжээ, урт богины хэмжээ, маневр гээд бусдаасаа ялгаатай зүйл байдаг. Энэ спорт жолоочийн ур чадвар маш их шаарддаг.

 RCC онгоцыг л бид өөрсдөө хийж байгаа юм. Бусад онгоцны тухайд бэлэн загвар худалдаж аваад жаахан өөрчлөлт хийдэг. Сүүлийн үед бид зарим онгоцыг өөрсдөө хийхээр оролдож байна. Эхлэн суралцагчдад зориулсан аль болох хямдхан нисэх чадвар сайтай онгоцыг хийж эхэлж байгаа.  Тэрбээр ийн хуучиллаа. Дашрамд дуулгахад, Иргэний нисэхийн салбар Монгол Улсад үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МИАТ компани олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зорилгоор эл өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөрлөг зохион байгуулав.

Өдөрлөгийн хүрээнд тус байгууллагын салбар бүр өөр өөрсдийн салбарынхаа чиглэл, үйл ажиллагааг танилцуулж, мөн өнгөрөгч онд гаргасан амжилтаа цэгнэж, энэ онд хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар нийтэд мэдээлэл хүргэсэн юм. Түүнчлэн,  иргэдийг хөгжөөх зорилготой хөгжөөнт тоглоом, урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Мөн МИАТ компанийн нэрэмжит төгөлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж, нийт 250 модыг тус компанийн ажилтнууд тарьсан юм.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-19 03:08:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!