Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын ээлжит чуулга уулзалт зохион байгуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын ээлжит чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулав.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд” сэдэвт энэхүү чуулга уулзалтад Нийслэлийн ИТХ болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ИТХ-ын хамт олон, “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн багийн нийт 90 гаруй хүн оролцлоо.

Чуулганы үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын арга туршлага ба тулгамдсан асуудлууд", Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч Г.Батхүү "Баг, сумдын хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, оролцоо" сэдвээр илтгэл тавьж, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах саналыг танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, "Хууль судлалын төв" ТББ-ын судалгааны багийн зөвлөх Д.Ганзориг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг танилцуулж, чуулганд оролцогчдоор хэлэлцүүллээ.

Монгол Улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөн 20 гаруй жилийн туулсан зам, хуримтлуулсан туршлагаас эргэн харахад тулгамдаж буй зарим асуудлууд байсаар байгааг илтгэгчид онцолж байв. Тодруулбал, хууль эрх зүйн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Татварын багц хууль, Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах, эрх үүргийн давхардлыг арилгах зайлшгүй шаардлагатай байна.

Засгийн газар болон орон нутгийн харилцаанд зөрчилтэй зүйл нэлээд байдаг ба эдгээр нь хүний нөөц, удирдлага зохион байгуулалт, санхүүгийн харилцаанд тод томруун илрэн гарч байна. Иймээс цаашид Засгийн газар, нутгийн захиргаадын хоорондын харилцааг зохицуулж байдаг хууль эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатайг чуулга уулзалтад оролцогчид санал болгож байв. Тухайлбал:

-Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, эрх шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах асуудал олон жил яригдаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Орон нутгийн төсөвт ордог татвар хураамжийн хамгийн боломжтой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, орон нутгийн мэдэлд байсан агентлаг, газруудын харьяа нэгжүүдийн ихэнх нь босоо удирдлагатай болж, орон нутгийн өмчийн байгууллагуудыг хүртэл төвөөс удирддаг боллоо. Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлого гэж чухам юуг тодорхойлж, ямар ажил хийгээд байгаа нь тун бүрхэг байна.

-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нутгийн удирдлагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх талаар сонгууль бүрээр намууд амлаж, хурал зөвлөгөөн болгон дээр ярьдаг боловч зориг гаргаж шийдвэрлэсэн дорвитой өөрчлөлт одоог хүртэл хийгдээгүй байна.

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүү, боловсон хүчний эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр зарчмын өөрчлөлт хийхгүй бол цаашид Хурлын байгууллага нь нутгийн өөрөө удирдах байгууллага бус зөвхөн эрх баригчдын хавсарга болсон цэвэр улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон хувирч болзошгүй. Иймд Нутгийн өөрөө удирдах ёсны тухай хуулийг санаачлан боловсруулж, батлуулах нь нэн чухал байна.

-Аймгийн Засаг дарга, төв Засгийн газар хоорондын харилцаа нь төв рүүгээ төвлөрсөн, бүх шатны Засаг дарга нар нь дороосоо дээшээ шууд тайлагнах босоо удирдлагын тогтолцоонд хамаарагдаж байна. Эрх мэдлийн төвлөрлөөс үүдэн Засаг дарга, түүний Тамгын газрын ажиллах санаачилга буурах хандлага ажиглагдаж  байна. Орон нутаг дахь агентлаг, газар, хэлтсүүд нь Засаг даргатай хэрхэн харилцах, Засаг даргад болон төвдөө ямар асуудлаар хэрхэн тайлагнах тухай асуудлуудыг тодорхой болгох хэрэгтэй.

-Орон нутаг бие даан хөгжих, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн татвар бий болгох асуудлыг шийдэх цаг нь болсон. Ингэснээр орон нутагт өөр өөрийн нөөц боломжийг дайчилж бие даан хөгжих таатай нөхцөл бүрдэх болно. Төр, засгийн ачаа ч ихээхэн хөнгөрнө.

- ИТХ нь төсвийг батлах, өөрчлөх, тодотгол хийх, гүйцэтгэлийн тайланг батлах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй байгууллага хэдий ч энэ бүрэн эрхээ Сангийн яамны хараат байдлаар хэрэгжүүлж ирлээ. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байна. Тухайлбал, Хурлын төсөв батлах, ажлын албаны орон тоог тогтоох, Хурлын төлөөлөгчийн урамшил олгох гээд хуулийн олон заалтын хэрэгжилт зарим суманд хүндрэлтэй байгаа төдийгүй хурлын үйл ажиллагааны зардлыг хасаж танадаг байдал олон жил үргэлжилж байна.

-Шинээр гарч байгаа хуулиуд өмнөх хуулийн заалтуудтай зөрчилдөх байдал ажиглагдаж байна.

-Бүсчилсэн хөгжлийн бодлого бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна зэрэг олон асуудлаар шүүмжлэлтэй хандаж байв.

Мөн чуулга уулзалтын үеэр гарсан саналуудыг анхааралтай судлан дүгнэлт хийж, орон нутагт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутаг бие даан хөгжих боломжийг бүрдүүлэн төвлөрлийг сааруулах талаар тодорхой ажлуудыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.