Олны анхаарал татсан хэргүүд юу болов

Олны анхаарлыг татсан боловч, хэрхэн шийдвэрлэгдсэн, одоо мөрдөн байцаалтын явц аль шатандаа яваа нь мэдэгдэхгүй олон хэргүүд байна. Цагаан захтнуудаас гадна, хүний санаанд ч багтамгүй хэрэг үйлдсэн этгээдүүд яав. Шүүх хурлаас ямар шийдвэр гарав гээд л иргэд олон нийтэд асуух зүйлс олон бий. Тэгвэл энэ асуултанд хариулт өгөх зорилгоор дараах мэдээллийг бэлтгэлээ.

Н.Түмэндэмбэрэлд гурван жилийн ял оноолоо

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүний хэргийг Авлигатай тэмцэх газраас хоёр жил гаруйн хугацаанд шалгаж улмаар энэхүү хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхээр шийдвэрлэсэн байна.

 ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдсан. Харин түүнд шүүхээс гурван жилийн хорих ял оноосон байна. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял оноожээ. Мөн энэ хэрэгт холбогдсон н.Туулд хоёр жилийн ял оноож, бусад шүүгдэгчдэд тэнсэн харгалзах ял болон хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тэднийг тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ.

Н.Түмэндэмбэрэл нь албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн, төсвийн хөрөнгийг өөрийн компанид шилжүүлсэн нь ийнхүү тогтоогдож, шүүхээс ял сонслоо. Гэвч хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасан. Шүүхээс гурван жилийн ял оногдууллаа. Эндээс харахад Н.Түмэндэмбэрэл төсвийн хөрөнгийг шамшигдуулсныхаа төлөө нэг жил орчим хугацаанд ял эдлээд суллагдах нь.

Занданшуулсан шарил хулгайлж худалдан борлуулах гэж байсан залууд ял оноов

Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс занданшуулсан шарилыг хулгайлан хил дамнуулан худалдаалах гэж байхдаа Д.Энхтөр нь цагдаагийн байгууллагад баригдаж шалгагдаж эхэлсэн байдаг. Тэгвэл түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болж, шүүхээс Д.Энхтөрд булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан хэрэгт буруутган зургаан сарын хорих ялаар шийтгэсэн юм.Харин занданшуулсан шарилыг одоогоор сэргээн засварлахаар Гандантэгчинлэн хийдэд хадгалж байгаа аж.

Т.Цогт, Г.Маралмаа нарыг пүрэв гаригт шүүнэ

Нийгмийг цочроосон санаанд багтамгүй хэргүүд гарсаар л байна. Үүний нэг нь дөрөвхөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн хэрэг юм. Энэ хэрэгт Т.Цогт болон Г.Маралмаа нар сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Дүүргийн эрүүгийн хэргийн II прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс шүүгдэгчээр татсан байна. Харин Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татжээ.

Т.Цогтод холбогдох зүйлчлэлийг харахад бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Харин Г.Маралмааг охины амь насанд хүрсэн гэм буруутнаар татжээ. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх энэ сарын 21-ны өдөр буюу ирэх пүрэв гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд товлогджээ. Хэрвээ дээрх зүйлчлэлээр Г.Маралмааг гэм буруутай гэж үзвэл шүүхээс түүнд 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэх юм гэж эх сурвалж мэдээлэв.

Л.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалт үргэлжилж байна

“Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт Л.Гансүх нарыг сэжиглэн АТГ-аас шалгах болсон. Шалгах явцад Л.Гансүх нарыг гурван сарын хугацаанд цагдан хорьсон хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гараад байсан юм.

Тэгвэл АТГ-аас Л.Гансүх нарт холбогдох хэргийг хянаж дуусаад нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч прокуророос хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Л.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Чухам хэзээ дуусч, шүүх хурал хэзээ зарлагдаж энэ асуудалд цэг тавихыг тааж мэдэх аргагүй байна.
 
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас мэдүүлэг аваад өнгөрсөн
 
“Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгаж байгаа тухай зарим хэвлэлүүд мэдээлэх болсон. Тэгвэл АТГ Н.Алтанхуягаас албан ёсоор мэдүүлэг авсан. Үүнээс өөр зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг шалгаж байгаа, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллүүд нь худал юм байна. 


Я.Батсуурийг мөрдөн шалгах ажиллагаа мөн л үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг өнгөрөгч хоёрдугаар сарын 26-ны өдөр АТГ-аас баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Өмнө нь үе үе Я.Батсуурийг барьж саатуулахаар болсон тухай мэдээлэл цацагдаж байсан ч “Эрдэнэс Тавантолгой” компаниас үгүйсгэсээр байсан юм.

Тэгвэл энэ удаад Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар албан тушаал, эрх мэдлээ ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг саатуулан шалгах явцад мөн л биеийн байдал муудсан гэх шалтгаанаар батлан даалтад гаргасан юм. Өөрөөр хэлбэл түүнийг одоо гадуур байцааж байгаа гэсэн үг.

Я.Батсуурь нь “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн шилжүүлсэнтэй холбоотойгоор шалгагдаж байж магадгүй хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байгаа. Энэ асуудал ч УИХ-ын Байнгын хорооны хурал дээр сөхөгдсөн талаар эх сурвалж мэдээлж байсан билээ.

Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Н.Энхжаргалыг шалгаж байна

Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Н.Энхжаргалыг АТГ-аас шалгаж эхлээд байгаа. Түүнийг мөн л албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Тодруулбал, “Тендер шалгаруулалтын журам зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн” гэж АТГ-аас мэдээлж байсан билээ.

Мөрдөн байцаалтын явцад Н.Энхжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж  Чингэлтэй дүүргийн “Спорт цогцолбор” –ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй сэжүүр гарч. Тендерт шалгарсан “Нийслэл өргөө” компани нь сүүлийн хоёр жил алдагдалтай ажилласан. Гэвч тендерийн зохих шалгууруудыг хангаагүй байхад Д.Энхжаргал нь “Нийслэл өргөө” компанитай гэрээ хийсэн нь асуудал үүсгээд байгаа аж.
 
НХҮЕГ-ын дарга Б.Баярсайхан нарт холбогдох хэргийн талаар тодорхой мэдээлэл алга
 
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Б.Баярсайханыг 2014 оны 11 дүгээр сард албадан саатуулсан. Үүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрлөө. Гэвч хууль хяналтын байгууллагынхан түүнийг хорьсон болон ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг ихэд нууцалж байна.
 
ШШГЕГ-ын мэдээлснээр НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн гэв. 

Харин ЗБГХТГ-ын мэдээлснээр “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг өөр нэг албан тушаалтны хамт эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт жигдэрсэн хойно прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломж бий” гэхээс өөр зүйл хэлээгүй байна.
 
Дүүргийн I прокурорын газрынхан “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Хэргийг нь ЗБГХТГ-т шалгаж байгаа” гэжээ. Гэвч хэргийн мөрдөн байцаалт аль шатандаа яваа, чухам ямар зүйл ангиар буруутгаж байгаа талаар мэдээлэл алга байна. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэрбум 2015-05-19 14:07:36
    1 тэрбум авч угаачихаад 1-2 жил болж байна. 10 хүн нийлж насаараа шудрага ажиллаад ч ийм хөрөнгө олохгүй. Ид завш гэсэнтэй адил шүүхийн шийдвэрүүд байна.
    203.194.114.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-19 11:27:50
    1.Машины шатахуун 10,000*30=300 000 2.Өдрийн хоол ,ундаа 10,000*30=300 000 3.Өглөөний цай, оройн хоол /гэр бүл/ 20 000*30=600 000 1 500 000 цалин хүрэхгүй байн...
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • ff 2015-05-19 11:01:04
    shalgaat l baidag tegeed yallaj shorond yabuulj idsen uusaniin butsaaj tulvvlj uls eh ornoo hohirlgvi bolgoson yum haana bna. uursduu abilgal abaad sullaad bgaa...
    112.72.13.73
    Мэдэгдсэн Хариулах