
Төрийн ордны хоёрдугаар давхар буюу Засгийн газрын хуралдааны танхимд гарсан галыг унтраажээ. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн ордны баруун урд зүгт гал гарсан. Энэ хэсэг нь Засгийн газрын хуралдааныг явуулдаг танхим юм. Галыг одоогийн байдлаар бүрэн унтраагаад байна. Гал гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Засгийн газрын хуралдаан 16.00 цагт эхлэх ёстой байсан. Гэхдээ ажил саатаагүй бөгөөд одоо Нутгийн удирдлагын танхимд хуралдаан болж байна. Ерөнхий сайд өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж байгаа учраас Шадар сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааныг ахлан явуулнж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэнэ. Төрийн ордонд гал гарна гэдэг бол ойлгоход хэцүү асуудал. Уг асуудлыг шалгаж хариуг ойрын үед гаргах байх. Засгийн газрын хуралдааны танхим нилээн шатсан байна. Гэхдээ цаашаа гүн орсон зүйл алга" гэлээ.
Б.Сансар
olloo.mn