Музейн өдөрт зориулж "Ялалтын хавар" өдөрлөг зохион байгууллаа
Монгол цэргийн музейгээс Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой, Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор “ЯЛАЛТЫН ХАВАР” өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа.

Уг өдөрлөг нь “Цэргийн соёлын үйлчилгээ” төслийн хүрээнд Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх, соёлын үйлчилгээ, олон талт арга хэмжээг олон нийтэд хүргэх, цэргийн соёл урлагийг бүхий л талаар нь дэмжин хөгжүүлж, биет болон биет бус соёлын өвийн найдвартай хадгалалт, хамгаалалтын таатай орчин бүрдүүлэх зорилготой. Түүнчлэн Монголын уламжлалт соёлоо ард иргэдэд сурталчилан таниулах, соёлын үйл ажиллагааны хамрах хүрээ, түүний хувь нэмэр, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр Орчин цагийн Монгол цэргийн дүрэмт хувцасны өөрчлөлт шинэчлэлтийн загварын үзүүлбэр, ЦДБЭЧ-ын урлагийн болон Тэмүүжин өрлөг дунд сургуулийн сурагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн технологийн хичээл явагдлаа. Түүнчлэн “Хаврын гоёл-2015” сарын аяны хүрээнд музейдээ 100 цэцгийг шинээр тарьж, гадна орчины ногоон байгууламжийг дэмжин цэцгийн мандлыг цэцэгжүүлэн үрсэлгээ суулгаж, мод тарих зэрэг олон талт арга хэмжээ явагдаж буйгаараа онцлогтой юм.

Өдөрлөгт Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Ц.Батсайхан, ХАХНХЯ-ны хэлтсийн дарга Т.Батдулам, ОУ-ын музейн зөвлөлийн МҮ-ний хорооны дарга Д.Цэдмаа, Чойжинламын сүм музейн захирал Отгонсүрэн, Бөртэ ТӨҮГ, ЦДБЭЧ, ЗХ-ний 310 дугаар анги зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.

Өдөрлөгийн нээлтийн үеэр “Соёмбо” сонины сурвалжлагч дэд хурандаа Г.Баатарнум Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцож байхдаа эдэлж хэрэглэж байсан бичгийн машин, гэрэл зургийн аппарат зэрэг эд өлгийн зүйлс болон өөрийн уран бүтээлийн дээж болох ном, CD зэргийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт дурсгасан, музейн удирдлагад гардуулан өгсөн.

Монгол цэргийн музей 2014 онд Олон Улсын музейн өдрийг мөн энэ өдөр тэмдэглэн өнгөрөөж байсан билээ. Энэхүү нэг жилийн хугацаанд музейн хамт олон ажил үйлчилгээг шинээр санаачлан хийж, 2015 оны Батлан хамгаалах яамны Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэгч байгууллага, ХАХНХЯ-ны анхны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей” батламжит, Баянзүрх дүүргийн тэргүүний Соёлын байгууллагаар шалгаран энэ жилийн музейн өдрөө арвин их ажил үйлс, хийж бүтээсэн зүйлтэй угтаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.