Захиргааны хэргийн шүүхүүд 10 жилийн хугацаанд 7441 хэрэг хянан шийдвэрлэжээ
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хамтран мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн нар хийв.
 
УИХ 2002 оны 12 дугаар сарын 26-нд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулиудыг баталж, тэдгээрийг 2004 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон билээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний 96 тоот зарлигаар Нийслэлийн Захиргааны шүүхийн 5, мөн өдрийн 98 тоот зарлигаар 21 аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 47, нийт 52 шүүгчийг томилсноор Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
 
2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны бие даасан 20 шүүх шинээр байгуулагдаж, анхан шатны 93, давж заалдах шатны 13 шүүгч ажиллахаар болж байна. Мөн хяналтын шатны буюу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 8 шүүгч ажиллаж байна.
 
2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх захиргааны байгууллага, захиргааны албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааны төрлийг нарийвчлан заасан байдаг.
 
Арван жилийн хугацаанд Захиргааны хэргийн гурван шатны шүүх нийт 19683 хэрэг хүлээн авчээ. Эдгээрээс анхан шатны шүүх 7441, давж заалдах шатны шүүх 3519, хяналтын шатны шүүх 1807, нийт 12767 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.
 
Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан эхний жилдээ буюу 2004 онд 145 хэрэг хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд 1106 болж 6.6 дахин өссөн аж. Энэ нь иргэдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрэлт дээрх хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байна. Мөн захиргааны албан тушаалтны үйлдэл, актад тавих ард түмний хяналт төлөвшиж, тэдгээрийн хууль бус ажиллагааг сөрөн зогсох дархлаа тогтож буйн илрэл гэж судлаачид дүгнэжээ.
 
Сүүлийн 10 жилд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 7441 хэрэг шийдвэрлэсний 61.1 хувь буюу 4546 хэргийг нэхэмжлэгчийн буюу иргэний талд шийдвэрлэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 57.3, хяналтын шатны шүүхээрниийдвэрлэгдсэн хэргийн 55.7 хувьд иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангажээ. Энэ хэмжээгээр Захиргааны хэргийн шүүх төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг нөхөн сэргээсэн байна.
 
Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2004-2013 онд шүүх хуралдаанаар нийт 7441 хэрэг хянан шийдвэрлэснээс нийслэлийн захиргааны хэргийн шүүх 3744 хэрэг, орон нутгийн захиргааны шүүх 3697 хэрэг хянан шийдвэрлэжээ. Энә нь захиргааны шүүхийн хянан шийдвэрлэсэн бүх хэргийн 50.1 гаруй хувь нь нийслэлд байрлах захиргааны шүүхэд ногдож буйг харуулж байна.
 
2004-2013 онд шийдвэрлэгдсэн нийт захиргааны хэрэг маргаанд Газрын тухай хуулиуд болон Төрийн албаны тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг маргаан давамгайлж байна. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэрэгт газрын маргаан 23.6, төрийн албаны маргаан 15.7, татварын маргаан 10.3, ашигт малтмалтай холбоотой маргаан 8.1, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 7.2, сонгуулийн маргаан 6.9 хувь, бусад маргаан үлдсэн хувийг тус тус эзэлж байна.
 
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.