2015 оны хоккейн дэлхийн аваргын шувтаргын тоглолтод Канадын баг  ялалт байгууллаа
Чех улсад зохион байгуулагдаж байгаа 2015 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд явагдаж дууслаа.  Хүрэл медалийн төлөө тоглолт АНУ болон тэмцээнийг зохион байгуулагч Чехийн багуудын хооронд болж 3:1 харьцаагаар АНУ-ын баг ялалт байгуулаад байсан бол алтан медалийн төлөө тоглолт өнгөрсөн шөнө   хоккейн спортын эх орнууд гэж хэлж болох ОХУ болон Канадын багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолт 6:1 харьцаагаар Канадын багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд аваргын төлөөх тоглолт ийм харьцаагаар дуусна гэж хэний ч санаанд ороогүй байсан юм. Энэ хоёр багийн гарааны бүрэлдэхүүн бараг бүхэлдээ Үндэсний Хоккейн Лигийн /NHL/ тамирчдаас бүрдсэн хүчирхэг багууд байсан нь тодорхой.

Тэмцээнийг эхлэх шүгэл дуугармагц Канадын хоккейчид маш идэвхтэй тоглолт үзүүлж эхэлсэн бөгөөд эхний минутад л  3 удаа аюултай гэж хэлж болохуйц довтолгоог хийж ОХУ-ын багийн хаалгач Бобровскийг маш их ажилтай байлгах нь тодорхой болсон. Шударгаар хэлбэл тэрээр багийнхаа хамгаалагчдын гаргасан алдааны гайгаар хаалганд цохисон маш олон шайбыг Матросов шиг “цээжээрээ” хамгаалсан гэж хэлж болно.  Канадын багийн довтолгоо ширүүссээр 19 дэх минутад Икин өөрийн довтолгоогоо гоол болгож чадлаа. 1-р үе дуусахад тооны харьцаа 1:0. 1-р үеийн хувьд бол байдаг л онооны харьцаа. Гэхдээ энэ үед ОХУ аюултай байж мэдэх 5-хан  довтолгоо хийсэн бол Канадын баг 15 удаа хаалганд довтолж 1 гоол хийсэн гэсэн үзүүлэлт гарсан байна.

2-р үеийн эхлэх шүгэлтэй бараг зэрэгцээд шахуу ОХУ-ын баг хаалгандаа гоол алдсан нь завсарлагааны үеэр хувцас солих өрөөнд ямархуу халуухан ширүүхэн яриа болсныг илтгэсэн гэж таамаглаж байна. Гоолын эзэн Эннис байсан бөгөөд тооны харьцааг 2:0 болгосон. Тоглолтыг энгийн хүний нүдээр дүгнэхэд талбай ОХУ-ын багийн тал руу уруу байсан юм уу гэж асуухаар байлаа. Шүүгч тоглолтыг эхлэх дохио өгмөгц Канадын баг юу юугүй л ОХУ-ын багийн хаалганы өмнө ирчихсэн цохилт хийж байх юм. ОХУ сөрөг довтолгоонд орж байгаа боловч уул өөд мацаж байгаа мэт л байлаа гэхэд хол зөрөхгүй л болов уу. Удалгүй дараагийн гоолын эзнээр Канадын багийн ахлагч Кросби тодорлоо. 2-р үеийн тоглолтын эцсийн цэгийг Канадын хоккейч Сегин тавьж тоглолтын тооны харьцааг 4:0 болголоо. ОХУ-ын баг хаалганд 1 удаа довтолсон бол Канадын баг 14 удаа довтолсон байна.      
3-р үеийн эхний хагаст тооны харьцаа бүүр 6:0 боллоо. Гоолын эздүүд нь Жиру болон Маккинон. Энэ үед ОХУ-ын багийн шилдэг хоккейчдын нэг Малкин нэр төрийн гэж хэлж болохоор гоол хийж тооны харьцааг 6:1 болгосон бөгөөд энэ нь тоглолтын эцсийн дүн болсон юм. 

Канадын баг энэ ДАШТ-д хийсэн 10 тоглолтдоо бүгдэд нь ялж 2015 оны дэлхийн аварга боллоо. Харин 2014 оны аварга ОХУ-ын баг энэ жил мөнгөн медаль хүртэх “гавьяа” байгууллаа.
 
Uno
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.