Бүх цэцэрлэг, өрхийн эмнэлэгт улаанбурханы эсрэг вакцин хийж байна
Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай байгаа билээ. Тэгвэл Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт өнгөрсөн баасан гарагт эхэлсэн.  Нэмэлт дархлаажуулалт арав хоногийн турш орон даяар үргэлжлэх юм. Улаанбурхан өвчний тархац буурахгүй байгаагаас нэмэлт дархлаажуулалтыг бага насны хүүхдүүдэд хийх шийдвэр гарсан юм.

Дархлаажуулалтад зургаан сартайгаас тав хүртэлх  насны бүх хүүхэд орно. Өмнө нь улаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой юм. Харин хүүхэд ямар нэг вакцин хийлгээд нэг сар болоогүй байгаа бол улаанбурханы эсрэг нэмэлт вакцин хийхгүй, түр хойшлуулж, нэг сар болсны дараа нэмэлт вакциныг нөхөн хийх юм.  Вакциныг цэцэрлэгүүдэд очиж хийх бөгөөд хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдаагүй гэрээр байгаа бол эцэг эхчүүд өрхийн эмнэлэгтээ очиж хийлгэх юм.

Улаанбурханы вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт орж, хүүхдийн эрүүл мэндийн байдал, вакцин хийхэд харшлах заалт байгаа эсэхийг нь тодруулах хэрэгтэй. Үзлэгээр тухайн үедээ вакцин тарих боломжгүй бол зөвлөгөө аваад, шалтгааныг арилмагц нэмэлт дархлаажуулалт орох боломжтой гэнэ. Вакцин тариулахдаа  хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрийг авч очих шаардлагатай юм байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбурхан өвчний сэжигтэй 5360 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар төвийн зургаан дүүрэг болон Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

ХӨСҮТ-д нийт 348 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шинээр 83 хүн хэвтсэн байна. Эдгээрээс 91 хүн улаанбурхан өвчний хүнд болон хүндэвтэр явцтай  байгаа бол 13 хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа  гэнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.