"Хаан даатгал" компани иргэдэд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Таны сар бүр төлдөг байрны төлбөр бага багаар нэмэгдсээр л байна уу. Чухам юу нь нэмэгдсэн нь мэдэгдэхгүй ч урд сарынхаар өндөр гарсан харагдаж байгаа биз. Ус, дулаан, цахилгаан гээд аясаараа нэмэгдэх зүйл байхад өмнө нь огт харж байгаагүй төлбөрүүд ч байх жишээтэй. Тэгвэл 2013 оноос нийслэлийн дэх орон сууцны айл өрх бүрээс сар бүр 1000-1500 төгрөгийг орон сууцны даатгал хэлбэрээр даатгалын компаниуд авдаг болсон байх юм.

Гэхдээ даатгалын компаниуд даатгуулагч этгээд буюу айл өрхүүдтэй харилцан тохиролцолгүйгээр, ямар ч гэрээ хэлэлцээргүйгээр даатгаж, сар бүр төлбөр авдаг байсныг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Ер дөө л Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар бидний өмнөөс даатгалын компаниудтай гэрээ байгуулж, сар бүр хэдэн зуун саяар нь эргэлдүүлдэг байсан байх юм.
 
2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтанд “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иуд хамрагдсан байна. Харин эдгээр компаниуд бидний зөвшөөрөлгүйгээр биднээс хэчнээн төгрөг салгав. 
 
“Хаан даатгал” ХХК нь 2013-2015 оны байдлаар 55411 өрхийг даатгалтай гэх байдлаар даатгалын төлбөрийг хэрэглэгчдээс авч байсан. Үүнийг шалгахад даатгалтай гэх 2013 онд 9354, 2014 онд 44833, 2015 онд 10557 өрх байв. Зөвшөөрөл авалгүйгээр эдгээр айл өрхийг даатгажээ.

Харин эдгээр өрхүүдээс 2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оны байдлаар 269.1 сая төгрөг, нийт 1 тэрбум 12,1 сая төгрөг авч, хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.
 
Хяналт шалгалтын явцад “Хаан даатгал” ХХК Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран ажиллах гэрээ байгуулан түүний харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байжээ.
 
“Ард даатгал” ХХК-ийн хувьд мөн л иргэдийн зөвшөөрлийг авалгүйгээр ОСНААУГ-тай гэрээ байгуулж, 2013 онд 11872, 2014 онд 12485, 2015 онд 4074 өрхөөс тус тус даатгалын хураамжийг авсан байна. Тодруулбал, 2013 онд 115.5 сая, 2014 оны байдлаар 117.5 сая, 2015 оны байдлаар 13.5 сая төгрөг, нийт 246,5 сая төгрөгийн хураамж авч, хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.
 
“Улаанбаатар даатгал” ХХК нь ч мөн адил аргаар хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулжээ. Гэхдээ яг хэчнээн төгрөгийн хохирол учруулсан талаар албаныхан мэдээлсэнгүй.

Харин дээрх компаниудын хууль бус үйлдлийг дэмжсэн, иргэд оршин суугчдын өмнөөс даатгалын компаниудтай гэрээ байгуулсан Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хувьд өөрийн харъяа 16 Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны төлбөр дээр даатгалын хууль бус хураамжийг шууд тооцуулах байдлаар хууль зөрчсөн байгаа юм.

Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна”, 6.2-т “даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор баталсан “Сайн дурын ердийн даатгалын төрлийн жагсаалт”-д заасныг үзвэл орон сууцны хөрөнгийн болон хариуцлагын даатгал аль аль нь сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл орон сууцны даатгал нь “сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаардаг байна. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 61 дүгээр тогтоолоор “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ийн 1.3-д “Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн даатгалын хэлбэрт хамаарах даатгалын бүтээгдэхүүнийг Хороонд бүртгүүлнэ. Хороонд бүртгүүлээгүй бол тухайн даатгалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж. Энгийнээр тайлбарлавал, таны зөвшөөрөлгүйгээр таны орон сууц, үл хөдлөх хөрөнгийг даатгах, даатгалд хамруулахыг хориглоно гээд тодорхой заасан байдаг байх юм. Гэвч дээрх нэр бүхий компаниуд иргэдийн хуулийн дутуу мэдлэгийг ашиглан 2013 оноос хойш хууль бусаар их хэмжээний ашиг олсон болохыг хяналт шалгалтаар тогтоогоод байна.
 
ШӨХТГ-аас эхний ээлжинд ОСНААУГ-ын даатгалын компаниудтай хийсэн гэрээг хүчингүй болгуулах/цаашид хууль бусаар хураамж авахыг нь зогсоох/, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх/2013 оноос хойш авч байсан хураамж/, мөн албан тушаал эрх мэдлээ ашиглан иргэдэд хохирол учруулах боломж олгосон ОСНААУГ-ын эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцуулах зэрэг арга хэмжээг авч ажиллахаар албан бичгүүдийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлээд байгаа аж.  
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-06-16 01:02:52
    Энэ орон сууцны даатгал яг үнэндээ олон жилийн өмнөөс хийгдэж ирсэн. Бат-Үүлд ямар ч хамаагүй. Тухайн үеийн МАХН буюу одоогоор МАН-ээс эхэлсэн Мөнхбар-ын үед хи...