Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс оронд болсон онцлох үйл явдлын тоймыг танилцуулж байна.

Болгарын ерөнхийлөгч айлчлав


Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн тавдугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийсэн төрийн айлчлалынхаа үеэр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, бизнес форум зохион байгуулсан. Мөн Монголоос БНБУ-д их, дээд сургууль төгсөгчидтэй уулзаж, малчин айлын амьдрал ахуйтай танилцсан юм.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар БНБУ-ын Ерөнхийлөгчид бараалхсан. Айлчлалын үеэр Монгол Улс, БНБУ-ын хооронд Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг, Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээр, БНБУ-ын Дээд боловсролын сургалтын байгууллагуудад монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Хэлэлцээр, Монгол Улсын ШУА, БНБУ-ын ШУА хоорондын Хамтын ажиллагааны протоколд тус тус гарын үсэг зурлаа.

Улаанталбайд жагссан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орондоо ирэв


Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн салбарт нийт 45 офицер 25 ахлагч 5 хугацаат цэргийн алба хаагч багтсан бөгөөд захирагчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, салааны захирагчаар ЗХЖШ-ын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ар талын даргын орлогч, хошууч Н.Батсүрэн, тугчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Баярцогт, тугийн хамгаалагчаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн батальоны захирагч, ахмад А.Төгс-Эрдэнэ, 350 дугаар ангийн ротын ажиллагааны офицер, дэслэгч А.Алтантүлхүүр нар алхсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчид 2015.05.12-ны өглөө эх орондоо ирсэн бөгөөд тэд 45 хоногийн хугацаанд жагсаалын бэлтгэлээ гүйцэтгэсэн юм. ЗХЖШ-ын БСУТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр,  ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Ш.Гэрэлт-Од нарын ахалсан багийнхан бэлтгэлийг хангахаар  удирдан ажилласан юм. 
Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон орнуудын ихэнх нь хүндэт харуулын ангийнхаа бүрэлдэхүүнээс  оролцуулсан бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний  анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа.

Улаанбурханы эсрэг вакцинжуулалт эхэллээ


 Улаанбурхан өвчин 2015 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлд 4689 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 560 (11.9%) тохиолдол батлагдсан. СХД, БЗД-т улаанбурханы өвчлөл өндөр байна.Сүүлийн үедихдээд сургуулиудад улаанбурханы өвчлөл ихсэх хандлагатай байна. Тухайлбал: тавдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 74 их, дээд сургуулийн 1313 оюутан улаанбурхан өвчний сэжигтэйгэж мэдээлэгдсэнээс 506 нь батлагдсан.

Дархлаажуулалтын ээлжит 10 хоног “Хүүхэд бүрийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулья” уриан дор тавдугаар сарын 15-наас эхэллээ. Улаанбурханы дэгдэлт гарсантай холбогдуулан дархлаажуулалтын 10 хоногийн үер 6 сартайгаас 5 нас 11 сар 29 хоног хүртлэх насны хүүхдийг улаанбурханы эсрэг вакцинаар 1 удаа нэмэлтээр дархлаажуулна. Энэ үер витамин А уулгана.

Заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон болон алслагдсандүүрэг, хорооны зорилтот бүлгийн хүүхдийг бүртгэн уг 10 хоногийн үер нэмэлтээр дархлаажуулна.Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын ( УГУ) эсрэг вакцины 2 тунг бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтанд хамрагдана. 2015 оны дөрөвдүгээр сарын 15-наас хойш буюу сүүлийн 1 сарын доторулаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) болонбусад вакцин хийлгэсэн хүүхдэд улаанбурханы вакциныг 1 сарын зайтай тарина. Нэмэлт дархлаажуулалтыг дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд хийнэ.Вакцин хийлгэсэн хүүхдийн хуруун дээр тэмдэг тавих юм байна. Тэгэхээр вакциныг давхцуулан хийх асуудал гарахгүй гэнэ.

Улс орон даяар тариалалт үргэлжлэн явагдаж байна


Өнөөдрийн байдлаар 115.6 мянган га-д үр тариа,  үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс,  0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байна. Үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай яваа бол төмс, хүнсний ногооны тариалалт  9.9-13.5 хувьтай  байгаа юм.
 
Тариалалтын явц Хөвсгөл, Хэнтий, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад  48.4-76.7 хувьтай  байгаа  бол Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад  33.4 -34.7 хувьтай, бусад аймгуудад 25.0-28.3 хувьтай явагдаж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.