Шилдэг 9 агентлаг батламжаа гардлаа
Өнөөдөр иргэд, олон нийтээс хамгийн их санал авсан шилдэг есөн агентлаг батламжаа гардан авлаа.
“Eagle news”, “News” агентлаг, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ыг дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 10-ны хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлын талаар иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, агентлагуудын бодлого чиглэл, бодит ажлуудыг олон нийтэд мэдээлэн, таниулах зорилготой Медиа аянд Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч 28 агентлаг хамрагдав.

Медиа аяны хугацаанд Засгийн газрын агентлагуудын үйлчилгээ, ил тод, нээлттэй байдал, ажлын онцлог, иргэдийн санал, гомдлыг тусгасан 200 гаруй нийтлэл нэвтрүүлэг, ярилцлага, мэдээлэл, сурвалжлагыг Eagle news телевиз, “Өглөөний сонин”, news, eagle,morningnews сайтуудад давхардсан тоогоор нийтэлж нэвтрүүлсэн байна. Мөн “Шилдэг агентлаг тодруулах” санал асуулгыг нээлттэй явуулсан бөгөөд дунджаар 150 мянга орчим хүн энэхүү санал асуулгад хамрагдаж, агентлагуудын үйл ажиллагааг дүгнэлээ.

Нэг сар гаруйн хугацаанд явуулсан санал асуулгад нэгдсэн дүнгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар тэргүүлсэн бол Иргэний нисэхийн ерөнхий газар, Цөмийн инергийн газар, Татварын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хөрөнгө оруулалтын газрууд удаалж шилдэг есөн агентлагаар тодорсон байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж: Манай байгууллага нэрээ өөрчилж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болсноороо үйлчлүүлж буй бизнес эрхлэгчид, ард иргэдэд илүү ойлгомжтой дүрэм журам, үйлчилгээтэй болсон юм. Өнгөрсөн жилд улсын төсөвт орох ёстой орлогыг 25 хувиар нэмэгдүүлж ажилласан байна. Мөн улсын төсвийн хөрөнгийг хэмнэх, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй ашиглах талаар ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа билээ. Шилэн дансны хууль батлагдаагүй ч өөрийн байгууллагад хэрэгжүүлж байна. Цаашдаа бид бүхэн урам зоригтойгоор ажиллаж, манай байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэнийнхээ тусламжтайгаар илүү сайн үйлчилгээг хүргэхийг эрмэлзэх болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх: Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч бүх төр түмэн олондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж аюулгүй байдлыг хангах тайван цагийн энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгааг бахархалтайгаар мэдэгдье. 2013 оноос мэргэж­лийн хяналтын байгууллагын шинэч­лэлийн бодлогыг эхлүүлснээр өмнө нь байсан алдаа дутагдлуудыг засаж, залруулж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх ажлын хэсгээс тус байгууллагаас олгодог 88 тусгай зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцээд эхний ээлжинд 17 болгож цөөрүүлсэн. Ингэснээр анхлан үйлдвэрлэл эрхэлж байгаа нөхцөлд л мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын байрны болон эрүүл ахуйн дүгнэлт авдаг болж, үйлдвэрлэгчдийн олон шат дамжлагыг цөөрүүлж чадсан. Төрийн байгууллагуудын болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг нягт болгож чадсан. Хяналтын шинэ механизмаар буюу урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх байдлаар ажиллаж байна.

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр: Стандартчилал, хэмжил зүйн газар нь дэлхийн өндөр түвшний стандарт хэмжилзүйг хэрэгжүүлэх зорилготой. Манай байгууллага хэрэглэгчийг дээдэлсэн үйл ажиллагааг гол чиглэлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрч байна. Мөн анх удаа олон улсын ISO9001 стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын гол бодлого болох Монголын үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болгох энэ зорилгын хүрээнд манай байгууллага европын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингээд цаашид энэ чиглэлээр илүү эрч хүчтэйгээр ажиллах болно.

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай:Энэхүү аяныг зохион байгуулсан болон аянд оролцож саналаа илгээсэн нийт иргэддээ Үндэсний татварын албаны өмнөөс баярласан талархснаа илэрхийлье. Үндэсний татварын алба 2014 оны “өөрчлөлтийг өөрсдөөсөө” гэх зорилт тавин анхаарч ажиллаж байгаа. Тун удахгүй энэхүү өөрчлөлт нийт Монголын ард иргэд, бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд маань мэдрэгдэх байх. Та бүхэндээ баярлалаа.

Цөмийн инергийн газрын дарга Н.Тэгшбаяр: Аливаа шалгаруулалтууд нүдээ олсон байх ёстой гэж боддог. Олон улсын атомын үнэлгээний хүрээлэнгээс манай үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн. Энэ үнэлгээг баталгаажуулсан ийм шалгаруулалт боллоо гэж ойлгож байна. Сүүлийг жилүүдэд цөмийн технологийг энхийн хэрэглээний чиглэлээр ашиглаж, энэ салбар ажилласдын тоо нэмэгдэж байна. Тиймээс хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хүний эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуйд цөмийн технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх, цацрагийн хяналтын асуудлыг чухалчилж ажиллаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн: Иргэний нисэхийн салбарын­хан Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баяраа өнгөрсөн сард тэмдэглэн өнгөрүүлсэн. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д тусгасан. Тухайлбал Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлсэн, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-д парк шинэчлэл хийгдэж, тус компани хоёр дахь шинэ агаарын хөлгөө хүлээн авч, сүүлийн үеийн тохилог агаарын хөлөг иргэдэд үйлчилж эхэлсэн, Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлын хүрээнд гурван шинэ чиглэл нээж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж байгаа тогтмол нислэгийн мэдээллүүдийг иргэд гар утсаа ашиглан мессежээр хүлээж авах боломжтой болсон. “Нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ”-ний шалгалтад Монгол Улсын иргэний нисэх амжилттай дүн үзүүлж, дэлхийд эхний 20, Ази, Номхон далайн бүсд айргийн тавд багтсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд агаарын 51 хөлөг бүртгэлтэйгээс 33 нь нислэгт тэнцэх чадварын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байна. Ингээд бидний төлөө саналаа өгч үйл ажиллагааг минь дэмжиж иргэддээ болон энэхүү аян зохион байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа баярласнаа илэрхийлье.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Манай Газрын тосны газар эдгээр агентлагууд дундаас шилдэгийг шилдэг болсонд баяртай байна. Энэ нь манай салбарт ажиллаж байгаа 6700 гаруй хүний ажлыг үнэлж байна гэж ойлгож байгаа. Газрын тосны газар бол улс орныг газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангах, ашиглах, олборлох, хайх асуудлыг үндсэнд хариуцаж үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь бид хэрэглэгч талдаа үйл ажиллагаа явуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд олборлолтыг эрчимжүүлсэн ажлыг гүйцэтгэх боллоо. Ингэснээр улсын төсөвт хөрөнгө оруулж эхлээд байна. Цаашдаа бид энэ амжилтаа улам ахиулах зорилт тавиад байгаа юм. Өмнө нь валют гадагшлуулдаг байсан бол эх орондоо газрын тос олборлож валютын урсгалыг эргүүлэн татах үйл ажиллагаанд ороод байна. Мөн эх орондоо газрын тос боловсруулах, эх орны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох ажлыг зорьж боловсруулж байна.

Ингээд төр засгийн үйлчилгээг иргэд олон түмэндээ манлайлан хүргэж байгаа эдгээр есөн байгууллагын ажилтан албан хаагчдад халуун баяр хүргэе.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.