Жирийн худалдан авагчдын ачаар Европын холбооны ДНБ өсч байна
Европын холбооны статистик судалгааны газар болох “Eurostat”-аас 2015 оны 1-р улирал дахь тус холбооны гишүүн орнуудын ДНБ-ий төлөв байдлыг харуулсан судалгааг гаргажээ.
 
“Eurostat”-ын тооцсоноор Европын валютын холбооны 19 гишүүн буюу еврод шилжсэн улсуудын ч тэр, Европын холбооны 28 гишүүн орны  ДНБ-ий нийт хэмжээ ч тэр 2014 оны 4-р улирлынхаас 0,4 хувиар өссөн. Хэрэв улирлын бус харин жилийн өсөлтийг авч үзвэл еврод шилжсэн орнуудын ДНБ өнгөрсөн оны 4-р улирлынхаас 1 хувиар, Европын холбооны ДНБ нийтдээ 1,4 хувиар өссөн.
 
Европын холбооны ДНБ бүхэлдээ илүү хурдацтай өссөн нь Британийн эдийн засгийн гайхалтай өсөлт /жилийн 2,4 хувь/-өөс гадна еврод шилжээгүй Зүүн Европын орнуудын өсөлт чухал нөлөө үзүүлжээ. Тухайлбал, 2015 оны 1-р улирлын ДНБ-ийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс Румынд  гэхэд л 4,2 хувиар өссөн, Унгарт 3,1 хувиар, Словакид 2,9 хувиар, Болгарт 2 хувиар өссөн байна. Эдгээр улсын улирлын өсөлт ч сайн байсан.
 
Еврод шилжсэн орнуудын хувьд улирлын өсөлтөөр Кипр, Испани хоёр тэргүүлсэн. Өнгөрсөн жилийн турш Кипрын ДНБ хумигдсаар байсан ч энэ оны 1-р сард харин уналтаас гарч чадсан төдийгүй 1,6 хувиар өслөө. Испанийн эдийн засаг оны эхний 3 сарын байдлаар 0,9 хувиар өссөн. Жилийн үзүүлэлтээр Испанийн эдийн засаг 2,6 хувь өссөн нь Европын холбоондоо шилдэг үзүүлэлт юм. Испанийн дараа Ирланд орж байгаа. Италийн эдийн засаг гурван жилийн турш уналтын байдалд байгаад энэ оны эхний улиралд анх удаа өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,3 хувиар нэмэгдсэн нь шинжээчдийн тооцож байснаас илүү үзүүлэлт болжээ.
 
Гэвч Грек, Финляндын эдийн засаг уналтын байдалд орж, хоёр улирал дараалан багассан. Гэхдээ Грекийн эдийн засаг улирлын хугацаанд 0,2 хувиар унасан нь нэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн өмнө ба дараах улс төр ба эдийн засгийн тодорхойгүй байдалтай нэлээд холбоотой болж таарсан. Финляндын эдийн засаг нь энэ оны 1-р улирлын байдлаар 0,1 хувиар, Эстонийх 0,3 хувиар, Литвынх 0,6 хувиар унасан нь эдгээр улсуудын хувьд маш чухал Оросын зах зээл дээр тулгарсан хүндрэлтэй холбоотой бололтой. Гэхдээ улс орны эдийн засгийг уналтын байдалд орсон гэж албан ёсоор мэдэгдэхийн тулд хоёр улирал дараалан унасан байх ёстой. Харин Литва ба Эстонийн эдийн засаг өнгөрсөн оны сүлийн улиралд өсөлттэй гарсан болохоор албан ёсоор уналтад орсон гэх болоогүй байна.
 
Балтын тэнгис орчмын орнуудын дотор Латвийн эдийн засгийн өсөлт оны эхний гурван сард хувь өссөн гэдгээр онцгойрч байгаа. Жилийн хугацаанд ДНБ-ий өсөлт нь  2,1 хувь байсан.
 
Харин Францын эдийн засаг оны нэгдүгээр улирлын байдлаар 0,6 хувиар өссөн гэж гарсан нь судлаачдад гэнэтийн бэлэг болжээ. Энэ бол Францын эдийн засаг сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн ихээр өссөн хэрэг юм. Жишээлэхэд, 2014 оны 4-р улирлын байдлаар Францын эдийн засгийн өсөлт 0 байсан. Ингэснээр Францын эдийн засаг зогсонги байдлаас гарсан төдийгүй ДНБ-ий өсөлтийн хэмжээгээр Германаас давж гарсан байна. Германы эдийн засгийн өсөлт ердөө 0,3 хувиар болж гарчээ.
 
Европын холбооны хамгийн том эдийн засаг нэгдүгээр улиралд ийм бага өссөн нь шинжээчдийг гонсойлгосон гэж болно. Өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар Германы эдийн засаг 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байсан тул ингэж гонсойсон биз. Хятад, Бразиль, Орос, Өмнөд Африк зэрэг экспортын хувьд чухал орнуудын зах зээлийн байдал муудсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. 2015 оны эхэнд Герман хэдий хүнд байдалд орсон ч экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж чадсан ч импорт нь бүр их өссөнийг судалгаа харуулав.
 
Хүнд байдалд Германы эдийн засгийг өсөхөд гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл нь эгэл худалдан авагчид гэдгийг судлаачид онцолжээ. Германы жирийн худалдан авагчдын идэвх ингэж нэмэгдэхэд газрын тос, шатдаг хийн үнэ хямдарсан, зээл ба хадгаламжийн хүү буурсантай холбоотой гэж үзжээ. Францын ажилгүйдлийн түвшин Германаас хоёр дахин их байгаа ч хэрэглэгчдийнх нь худалдан авалтын идэвх  Германтай адилаар ихээхэн нэмэгдсэн байна. Итали ба испаничууд ч ялгаагүй худалдан авалтад хавьгүй их мөнгө зарах болсныг судалгаа харуулсан. Энэ бүхнээс үүдээд шинжээчид Европын холбооны ДНБ-ий өсөлт нь дийлэнхдээ дотоод зах зээлийн нөлөөгөөр өссөн гэсэн дүгнэлт хийж. Эдийн засгийн хөгжил хурдасхын тулд дэлхийн зах зээл дээрх нөхцөл сайжрах ёстой. Ингэснээр экспорт өсөж, түүнийг даган хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэнэ.
 
“Eurostat”-ын судалгаа нь еврод шилжсэн орнуудын эдийн засгийн өсөлт нь улирлаас улиралд удаан ч гэлээ баттай өсөж байгааг боломжит хөрөнгө оруулагчдад тод харуулж өглөө. 2014 оны хавар эдийн засгийн өсөлт нь хамгийн бага буюу 0,1 хувь байсан бол дараа нь 0,2 хувь болоод, оны сүүлээр 0,3 хувь болж, энэ оны эхний гурван сарын дараа 0,4 хувь гэсэн хэмжээнд хүрлээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.