Берлин хүрэх зам
Аваргуудын Лигийн тэмцээнийг 1955 оноос хойш Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулс­наас хойш өдгөө 60 жилийнхээ босгыг давахад бэлэн болоод байна. 1992 оноос шинэчилсэн хэлбэрээр явагдах болсноор тэмцээний цар хүрээ улам өссөн түүхтэй. Шинэ форматаар зохиогдох болсноос хойш дарааллан түрүүлсэн баг гарч ирээгүй нь энэ тэмцээний чансааг илтгэх биз ээ. Энэ удаа хагас шигшээ шатанд дөрвөн аварга тунаж үлдсэнээс Барселона, Ювентус клубууд аваргын төлөө тоглохоор шалгаран үлдээд байна.

Барселона – Байерний тулааныг бүгд л тэсэн ядан хүлээж байв. Харамсалтай нь эхний тоглолтонд Барселона 3-0-ээр буулгаж авснаар тоглолтын хувь заяа шийдэгдэх тал руугаа орсон. Байернчууд Аллианз Аренадаа тэргүүллийг авсан ч өнөө цагийн сүпер гурвал Мэсси, Суарэс, Нэимар гурвыг зогсоож чадсангүй. Мэсси довтолгооныг эхлүүлж, Суарэс дамжуулалт өгч, Нэймар хоёр гоол оруулж нийлбэр дүн 5-3-аар дууссан юм. Байерны хувьд нутгийнхаа лигт түрүүлэх болзлоо хангасан ч дасгалжуулагч Гуардиолагийн байр суурь европийн тэмцээнтэй холбоотой. Спортын захирал алдарт Матиас Заммер Гуардиолатай хамтарч ажиллах дуртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд Рибэри, Роббэн, Алаба гээд жигүүрээр бөмбөг авч урагшилдаг гол тоглогчид байхгүй нь тэдний амжилтыг татсан. Дээр нь Левандовски гэмтлээ бүрэн эдгээгүй байсан нь, довтолгооны сонголтыг Пепт үлдээгүй.

Хэрвээ өөрийн философиос түр татгалзаад, хамгаалалтын хувилбар сонгосон бол өөр байх байсан талаар мэргэжилтнүүд ярьж буй. Барсатай адилхан нэхэлт хийж тоглохоор урд гуравт нь ашигтай. Мэдээж ямарч үед довтолгооны хөлбөмбөг толилуулдаг Гуардиолаг арга барилаасаа буцахгүй гэдгийг нь бүгд мэднэ. Довтолгоон суларсан учраас Швайнштайгэр, Алонсо, Алкантара, Лам гэсэн дөрвөн төвийн хагасыг хамтад нь хоёр тоглолтонд гаргаад ч нэмэр болоогүй. Барсагийн төвийн хагасуудыг нурааж бөмбөг өгөхгүй байх тактик нь хэрэгжээгүй. Дэлхийн аваргаар гойд сайн байсан Марио Гөтцэ энэ жил итгэмээргүй муу тоглож байгаа нь хоёр тоглолтонд харагдсан. Залуу испани Хуан Бэрнат түүний байрыг эзэлж гараанд тоглосоор байна.

Нөгөө учраа болох Реал – Ювентусээс испаний эзэн хааны багийг шалгарна гэж бооцооны сайтууд дээр олон хүн мөнгөө даатгасан. Дэлхийн хамгийн том бооцооны сайт Bet365 дээр гурван хүн тутмын хоёр нь тэдэнд итгэж байсан мэдээлэл гарч байлаа. Харин үр дүн эсрэгээр өндөрлөж нийлбэр дүнгээр Хуучин ноёд 3-2-оор буулгаж авав. Катеначчио буюу итали хамгаалалтыг тэд маш сайн өрсөн байлаа. Хариу тоглолтонд Хамэс Родригэсийн торгуулийн талбайд унадаг “хямдхан” торгуулийн цохилт байсан бол дараа нь Роналду гоё боломжийг салхинд хийсгэсэн юм. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарэт Бэйл гологдохоор тоглолтыг үзүүлж байгаа нь энэ хоёр тоглолтонд ч харагдав. Гурван метрээс хаалгачийн дээгүүр мөргөчихөв. Ер нь бол Реал боломжоо өөрсдөө алдсан.

Моратагийн гоол дээр Сэрхио Рамос шахалтаас хоцорсноор отон тоглолтын шугамыг Погба ашиглаж гоолын дамжуулалт өгсөн юм. Булангийн цохилт дуусаагүй байхад Алваро Мората бөмбөг хүлээж аваад, газар буулгаад, хаалга руу цохисон нь Реалын хамгаалалтыг хангалтгүй байсныг харуулж байна. Реалд дөрвөн жил сэлгээнээс болон нөөцийн багт тоглосон Моратаг өнгөрсөн зун 20 саяар Ювентус аваад байсан юм. Реалынхан ч тухайн үед залуу тоглогчийг өндөр үнээр зарсандаа баяртай байсан бол бэлгийг нь жилийн дотор залуу хүү барьлаа. Хоёр тоглолтонд хоёр гоол. Гэхдээ Мората өөрөө талбайд олон минут тоглохын тулд явсан юм. Энэ жил аваргуудын лиг дөрвөн гоол оруулснаар испани тоглогчдоо тэргүүлэх болсон бол Роналдугийн торгуулийн цохилтоор оруулсан гоол олон рекорд амжилтыг дагууллаа.

1. Энэ жилийн мэргэн буучдын жагсаалтыг Мэссигийн хамт 10 гоолоор тэргүүлж эхэлсэн
2. Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Мэссигийн хамт 77 гоолтой тэргүүлж эхэлсэн
3. Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтонд хамгийн олон буюу 10 гоол оруулсан тоглогч болсон
4. Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн бууч болж домогт Алфрэдо Ди Стэфаногийн амжилтыг эвдэж 219 болгосон

Барселона – Ювентус

Барса долоон удаа шигшээ тоглолтонд үлдэж дөрөвт нь түрүүлж байсан бол Ювентус долоон удаа тоглохдоо хоёр удаа түрүүлсэн байдаг. Аваргуудын лигийн хамгийн олон мөнгөн медаль хүртсэн багуудыг Байерн, Бенфика хоёрын хамт тэргүүлдэг юм. Хамгийн сүүлд 2003 оны шөвгийн наймд тоглож 1-1, 2-1-ээр Ювэнтус хожиж байсан түүхтэй. Барсэлонад хожил байгуулахад нэмэлт цагт Марсэло Салайета гоолдож байсан бөгөөд аваргуудын лигт нийт гурав тоглоход Барселона хоёр хожсон билээ.

Шигшээ тоглолтын бас нэг сонирхол татаж буй зүйл бол Суарэсийн хазсан хоёр хүн Эвра, Кьеллини нар хамтдаа тоглож байгаа явдал юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Кьеллиниг хазсаныхаа торгуулийг энэ улирлын эхэнд авсан.

Барса байрлал бүрт сайн дээр нь урд гурав нь онцгой сайн байгаа бол Ювентус тэр чигээрээ багийн тоглолт, хамгаалалт. Дөрвөн хагас хамгаалагч Пирло, Маркизио, Погба, Видал нь бүгд хамгаалах чиглэлд тоглодог, цэвэр довтолгооны хагасууд биш. Барса илүү бөмбөг эзэмшиж магадгүй ч, италичууд зөвхөн үр дүнгийн төлөө тоглодог шүү дээ. Шигшээ тоглолт зургаадугаар сарын 6-нд Берлин хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болно.

Өглөөний сонин
Нийтлэлч Б.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.