Барьцаалан зээлдүүлэгч
Гаднаа ямар ч гэмгүй харагдах авч ангаахайгаа төрмөгц нь бусдын үүрэнд аваачиж орхиод, умартчихдаг хөхөө шувууны өнгөтэй лимүүзин хотын гудамжаар хаашаа ч юм, яарангуй довтолж явна. Гэнэт мартсанаа санасан мэт огцом хаазлан, зогсох нь тэр.

Арын хаалга сэвхийтэл онгойхтой зэрэгцэн цав цагаан хослолтой тун ч дэгжин эр газар хүдхийн унав. Энэхэн агшинд час улаан даашинзтай бүсгүйн уран гоолиг хөл бултасхийгээд түргэнээ далд орчихов. Залууг арайхийн босч, хөл дээрээ тогтож ядан байтал дүрэмт хувцастай өөр нэгэн машинаас бууж ирээд, өмссөн зүүсэн бүхнийг нь хуу хамах нь тэр ээ. Тэгээд л машиндаа суугаад хурдаа аван давхиж одов.

Өндөр туранхай, цэмцгэрхэн харагдаж байсан өнөөх залууг одоо сайтар ажваас хамаг биеийнх нь яс нь ёрдойсон туриа муутай бие, хүрлийж харласан царайд нь хаа сайгүй батга шавчихсан, тун ч олиггүй амьтан аж. Дотуур өмднөөс өөр юу ч үгүй хоцорсон өнөөх залуу унан тусан байж, өмнөхөн нь харагдах эмийн сангийн үүдний довжоон дээр очиж суув. Гэтэл эмийн санч бүсгүй түүнийг үүднээсээ хөөхөөр тун ч ууртай гарч ирлээ. Тэрбээр эгээ л үхсэн хүний цогцосонд хүрч байгаа мэт сэжиглэнгүйгээр согтуу эрийн гараас татан босгосноо зогтусав. Өнөөх эр түүний өөдөөс маанаг царайлан хэсэг ширтсэнээ юу ч дуугаралгүйгээр толгойгоо сэгсчин цааш алхлаа. Гэтэл эмийн санч бүсгүй:

-Галт аа хэмээн дуудах нь тэр. Үнэндээ түүний нэрээр нохой дуудсан ч эргэж хараад, тавгатай угаадаснаас нь хуваалцахад бэлэн явсан Галт нэрээ сонсмогц эргэн харав. Бүсгүй:

-Чи Галт мөн үү? хэмээн итгэл муутайхан асуувал залуу:

-Мөн, мөн хэмээн дөл нь бадамлах гэж буй мэт сүүмгэр нүдээрээ хоосон яс горьдсон золбин гөлөг шиг царайчлангуй ширтэв.

-Би танай нөгөө ангийн Дулмаа байна. Таньж байна уу?

Ээж нь өмнө нь зогсож байсан ч танихааргүй явсан Галт таньж байгаа дүр эсгэн хурдхан шиг толгой дохилоо. Дулмаа түүний гараас хөтлөн эмийн сан руу оруулав. Галтад сандал дөхүүлж өгөөд, ус буцалгах зуураа арын өрөөгөө онгичиж түүнд нөмрүүлчих хувцас хайж зогсохдоо Дулмаа: "Хорвоо хүнийг даанч хайрлахгүй юм. Ямар их өөрчлөгдөө вэ. Манай сургуулийн хандивын ангид мөнгө цохин орж ирсэн хамгийн ганган залуу байсансан. Гэтэл ийм амьтан болчих гэж” хэмээн халаглав. Тэрбээр хамгаалагч залуугийн голоод өмсөөгүй муу цувыг олмогцоо олзуурхан баярлаж, Галтад нөмрүүллээ. Дулмаа бодол бүхнээ хуурмаг инээмсэглэлээр халхалж, эртний танилтайгаа гудамжинд санаандгүй таарсан мэт аашлан:

-Уулзалгүй их уджээ. За тэгээд сонин юу байна даа. Гэргий тань сайн уу? гэж тунтун эелдгээр асуулаачгэж. Галт түүнийг өөрөөс нь баахан юм шалгааж, нүдээ бүлтийлгэн, ядарч зүдэрснийг нь гайхан шогширно байх гэж эмээж суусан учир энэ гэнэтийн аалинд нь бүр цочирдож орхив. Тэрбээр гэнэт өөдөөс цоо ширтэх том толинд брэнд гэгдсэн бүхнээр хөлнөөсөө толгой хүртлээ гоёсон дэгжин залууг олж харах нь тэр. Тэрбээр сая л зориг орж, нүүрний багаа хоромхон зуурт солиод:
-Сайн сайн. Бүх юм ОК гээд хэг хэг хөхрөв. Дулмаагийн нүүрэнд огт хувирал гарсангүй.
-Миний найз юу хийгээд байна даа. Нэлээд хэдэн жилийн өмнө докторын зэрэг хамгаалсан дуулдсан. Одоо ч бүр академич болчихоо байлгүй.

Дулмаагийн нүүрэнд огт тохуурхаж ёжолсон шинж илрээгүйд Галт урамшиж:
-Найз нь Америкт профессорын зэрэг хамгаалсан шүү дээ. Хоёр сайхан хүүтэй болсон. Эхнэр ажил хийх шаардлагагүй. Хүүхдээ хараад л гэртээ сууж байна.

-Танай Навчаа ч сайхан бүсгүй шүү.
-Тэгэлгүй яах вэ. Хүмүүс өтлөөд л байх юм. Харин манай хүн өдөр ирэх тусам залуужаад л… гээд худал үгээ худлаар хачирлан халуухан яриа өрнүүлж эхлэв ээ.
Нар баруун уулсын оройд тухлаж, Дулмаагийн ажил тарах болсон учир эртний танилаа үдэж өгөхөөр гарлаа. Хөл нүцгэн Галтыг өрөвдсөндөө хаалганы хажууд байсан хамгаалагчийн гутлыг хөлөөрөө зөөлхөн дөхүүлж өгвөл Галт яг л өөрийн юмаа өмсөж байгаа мэт аваад өмсчихөв. Тэрбээр Дулмаагийн өгсөн цувны халаасыг тэмтэрч үзээд:

-Түй, муу хулгайчдыг… халаасыг минь суйлчихаж. Ядаж байхад машинаа засварт өгчихсөн. Найз нь Зайсангийн цаанахна талталд шинээр баригдсан хороололд гурван давхар хаус авсан. Тэр хүртэл таксидахад ахиухан юм орно доо. Хөгшиндөө 20 доллар түр зээлээч. Маргааш цайны цагаар давхиж ирээд өгчихье гэв. Дулмаа тун ч найдвартай хүнд мөнгө зээлж байгаа аятай огтхон ч эргэлзэлгүйгээр 30 мянган төгрөг хэтэвчнээсээ гаргаж өглөө.

Ойрд хараагүй юм үзсэн аятай өгсөн мөнгийг нь эргүүлж тойруулан цааш гуйван дайван алхаж яваа Галтын араас харж зогсохдоо Дулмаа хэдэн ч удаа санаа алдаж, толгой сэгсэрсэн юм бүү мэд. Тэрбээр гэр рүүгээ алхах замдаа "Хөөрхий, хөлдөө углах хятад шаахай ч үгүй байж, үнэтэй брэндийн үнэртэй ус ханхлуулж, брэндийн дотуур өмд өмсчихсөн явна аа, бас. Бодвол гудамжинд тасарч унаад хэвтэж байхад нь хэн нэг нь бүх хувцасыг нь тайлаад авчихаа биз. Бас сүрхий нэрэлхүү амьтан шүү” хэмээн бодов.

Галт цагтаа нэртэй хүний зүстэй хүү байжээ. Өнгө зүс, оюун ухаан, эд хөрөнгөөрөө хэн хүнд гайхагдаж явсан тэрбээр дөрөвдүгээр дамжаа төгсөх жилээ өмнөх жил нь Монголын мисс болсон Навчаа хэмээх дэгжин шувуухайг гэргийгээ болгон авч сүр дуулиантай хурим хийсэн юм. Ганцхан жилийн дараа өөрийгөө өвчсөн мэт дуурайсан хөөрхөн охинтой болж, түүнээс ганцхан сарын дараа докторын зэрэг хамгаалаад мандаж эхэлсэн.

Удалгүй дахин бүл нэмсэн ч жаргалдаа ташуурсан Галт мөрийтэй тоглоомонд "амь тавин” дурлах болжээ. Хүү нь тархины даралттай төрсөн ч Галт гэр бүлдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй байв. Тэр ч бүү хэл, охиноо гимнастик хийж байгаад бэртэж, үүрд тэргэнцэртэй болох үед ноён Галт Америкт профессорын зэрэг хамгаалж явсан гэж байгаа. Чин үнэндээ бол эрх чөлөөний оронд эцсийн зоосоо шавхан, амьдралаа мөрийд тавьж байсан хэрэг. Тэр өөрт байсан бүхнээ зарж үрээд, мөрийтэй тоглоод дуусгачихсан.

Эхнэр нь хоёр хүүхэд, хэвтэрт орсон ээжийг нь аваад Дулмаагийн зуслангийн байранд толгой хоргодож буй. Цагтаа Монголын сайхан бүсгүйгээр шалгарч, эрчүүдийн харцыг булааж явсан бүсгүй хоёр хүүхдийнхээ эмний мөнгийг тасалчихгүйн тулд өдөр шөнөгүй ажиллаж, арчаагүй нөхрийнхөө хар гайгаар хэд хэдэн ажлаас хөөгдөж, сүүлдээ өвөлдөө нүүрс түлээ, зундаа цемент, элс зардаг ажилтай болсон. Амьдралын хүнд бэрх, ажлын хар борд нухлагдсан түүнийг Монголын мисс явсан гэхэд одоо хэн ч итгэхгүй. Гар хуруу нь ажлын хүндийг дийлэлгүй мойнийж, нүүрэнд нь сэвх тодрон, гэрт ч гадаа ч борви бохисхийлгүй хөдөлмөрлөж яваа тэр бүсгүй өрөнд хураагдсан гэрээсээ хөөгдөж гудамжинд гарснаас хойш жил гаруй хугацаанд авааль нөхрөө олж хараагүй. Хаана явааг нь сураглаж, ар өврөөс нь ч хөөцөлдсөнгүй.

Байгаа бүхнээ үрж дууссан Галт эцэст нь явуулчихвал буцаж ирдэггүй эд хөрөнгийг бус хэд ч зарсан чухамхүү өөрт нь л харьяалагдсаар байх биеэ барьцаалан, мөрийтэй тоглож эхэлжээ. Гэвч алдахаас олдоггүй хэрнээ бүхнээ барьцаалаад тоглочихсон түүнд үхэн хатан дурласан баян хатагтай ч түүнээс залхаж эхэлсэн байна. Тиймдээ ч авч өгсөн үнэтэй бүхнээ хуу хамж аваад өшиглөөд гудамжинд гаргачихаж.

Уг нь Галт юм бүхэнд азтай одтой аавын хүү сэн. Гэтэл чухам яагаад мөрийтэй тоглоом хэмээх энэхүү хар шидийн зүйлд ийм одгүй байдаг юм бол гэж гайхаад, гайхаад бодож олж чадаагүй л явна. Тэрбээр Дулмаагаас салмагцаа өнөөх хуучин цувны товчийг цэмцийтэл товчилж, хамгаалагчийн хуучин хар гутлын үдээсийг бөхлөн чангалаад, тун ч зоригтой цааш алхлаа. Тэрбээр үнэ цэнтэй бүхнийг нь барьцаалан мөнгө зээлдүүлэх нэрээр хуу хамсан Монхуушийн гадаа өөрийн мэдэлгүй л хүрээд ирчихсэн байв. Монхуушийн эхнэр урамгүйхэн хаалга тайлж өгөөд, түүнийг дороос нь дээшээ хүртэл хяламхийн харснаа:

-Монхууш аа, барьцаалан зээлдэгч чинь ирлээ хэмээн бухимдангуй хашхирлаа. Ясан дээр тохсон арьс мэт туранхай, нүд нь хэрээ ухчихсан юм шиг цаашаа хонхойчихсон, амьсгалах нь хүртэл хүйт оргиулам Монхууш хэмээх энэ эр барьцаалан зээлдүүлэх нэрээр олон хүний амьдралыг "залгисан” ч огт таргалдаггүй ёрын амьтан. Тэрбээр нүцгэн биен дээрээ хөгийн цув тохож, халуун зунаар өвлийн гутал углачихсан яваа Галтыг харан, дуртай дургүй инээмсэглэхчээ аядсанаа:

-За юугаа барьцаалах нь вэ гэж асуув. Галт яс горьдсон нохой шиг гуйж, аргадсан нүдээр:
-Надад барьцаалах юм үлдээгүйг чи мэднэ шүү дээ. Хэдхэн төгрөг зээлээч. Би удаахгүй… гэвэл:
-Чи намайг юу ч барьцаалалгүй зээл өгдөггүйг сайн мэднэ гээд цаашаа алхаад явчихав. Галт үүдний өрөөнд хэсэг тээнэгэлзэн зогссоноо:

-Монхууш аа… Монхууш аа хэмээн аргадангуй дуудлаа. Хариу алга. Галт хувцасны өлгүүрийн дэргэдэх том толинд өөрийгөө харж:

-Чамд барьцаалах юм үлдсэнгүй гэж үү? хэмээн өөрөөсөө асуулаа.
Тэгснээ:
-Монхууш аа, надад барьцаалах юм байна хэмээн хашхирах шахам хэллээ.
Гэтэл:
-Чи арай наад хуучин цув, өвлийн гутал хоёр оо… гэх дуу гарах нь тэр. Галт хариуд нь тун ч зоригтойгоор:

-Үгүй ээ, надад өөр зүйл байна гэвэл Монхууш, эхнэрийнхээ хамтаар өрөөнийхөө хаалгаар толгойгоо цухуйлган, юу гэхийг нь анхааралтай хүлээж зогсов.
Галт:
-Би гэр бүлээ барьцаалъя гэвэл Монхуушийн эхнэр болох туранхай шар хүүхэн илт дургүйцсэн байдлаар хөмсгөө зангидан уруулаа муруйлгаад:

-Унаж тусдаг хүү, тэргэнцэртэй охин, хэвтрийн эмгэн, нүүрсний хар… Мөн ярив аа гээд өрөөнийхөө хаалгыг тасхийтэл хаачихав. Монхууш шал ширтэн зогссоноо худлаа санаа алдаж:

-Өнөө маргаашаа хүлээж суугаа хөгшин эх чинь л лав үнэд хүрэхгүй нь ойлгомжтой. Цагтаа Монголын мисс болж явсан эхнэрийг чинь барьцаалаад, зээлээ төлж чадахгүй болбол чинь гадаад руу зарчихаж болох л юм. Гэхдээ чи нүүрсний хар болгочихоогүй бол шүү дээ. Гоо үзэсгэлэнт ээжийгээ биш хатсан бяслаг шиг шар аавыгаа дуурайчихсан ч онгон ариухнаараа байгаа 11-тэй охиныг чинь барьцаалж болох юм. Гэхдээ анхны тэмцээн дээр нь очно гэж амлачихаад, америк руу цэнхэр нүдтэй хүүхэн дагаад нисчихсэн аавдаа гомдсондоо олсон дээрээс унаад тэргэнцэрт хадагдчихаагүй бол шүү дээ.

Эсвэл унаж тусдаг хүүг чинь барьцаалж, эрүүл эрхтнүүдийг нь зарах уу. Хэдхэн жилийн өмнө чи хүн бүрийн хүслэн болсон гэр бүлтэй байсан сан. Харин тэр сайхан гэр бүл чиний "ачаар” ганц ч зоосны үнэд хүрэхгүй болж дээ гээд жихүүдэс хүрэм муухайгаар бах таваа ханган инээв. Монхуушийн тохуутай инээдийг тэвчиж чадахгүйдээ хурдхан түүний гэрээс гарсан ч тэр чөтгөрийн инээд Галтыг хаа сайгүй дагасаар л байлаа.

***
Нүүрэн дээр нь хурц гэрэл тусахад Галт цочин сэрлээ. Гэтэл түүний өмнө гудамжны хөгийн эр гар чийдэн тусган:

-Чи миний орон дээр унтчихаж гэх нь тэр. Тэр эр орон сууцны шатны дор өөртөө зориулж, цаасан хайрцагаар тун ч тохилог ор засчээ. Түүнийг хогийн цэг орж, оройн хоолоо аваад ирэх хооронд Галт түүн дээр нь ирээд дугжирчихсан юмсанж. Галт ядуу эрд учир байдлаа ухуулж ойлгуулаад, орных нь мухарт ганц хонох зөвшөөрөл авлаа. Маргааш өглөө нь талархлаа илэрхийлээд явах гэтэл мөнөөх эр:

-Чи гэр бүлээ хэдэн төгрөгөөр барьцаалах юм гэж асуув. Галт хариу хэлэлгүй цааш алхлаа. Ядуу эр түүний араас гүйж ирээд:

-Хэдээр барьцаалах юм бэ. Гэр бүлийг чинь би барьцаалъя гэж зоригтой хэлэхэд Галт түүнийг тоож ч сонссонгүй. Ядуу эр түүний араас:
-Барьцаалах хүн олдохгүй бол эргээд ирээрэй. Надад чамд зээлдүүлэх мөнгө байгаа гэж хашхирсаар үлдэв.

Дулмаагийн өгсөн мөнгөөр тоглоход хэтэрхий багадах тул хорхойгоо дарахын тулд гудамжны хөзөрчидтэй мөрийтэй тоглоод бүгдийг нь алдчихав. Аргаа барж, толгойгоо хөлийнхөө хооронд шургуулах шахсан Галт шөнө дундын үед өнөөх ядуу эр дээр зочиллоо. Ядуу эр маргааш нь эртлэн босож, Галтыг "Яг эндээ хүлээж байгаарай” гээд гарч одов. Тэрбээр үдээс хойш эргэн ирээд, эртний хийцтэй халтар манан хөөрөг, уран шаглаатай даалингийн хамт Галтад үзүүлж, гэр бүлийг нь барьцаанд авахаар түүнийг даган, өдөржин алхлаа. Галт таньдаг мэддэг бүхнээс эхнэр, хүүхдээ сураглаад олсонгүй. Долоон өдөр явсны эцэст Дулмаагийн эмийн санг санаандгүй олж, юмыг яаж мэдэх вэ гээд асууснаар гэр бүлээ олов.

***
Ядуу эрийн халтар манан хөөрөг Галтад санаанд оромгүй их аз авч иржээ. Ганц хөөрөг тавьж тоглосон тэрбээр тэр цагаас хойш алдахыг мэдэхээ болив. Тэр өмнө нь алдахынхаа хэрээр энэ хар шидийн тоглоомонд үхэн хатан дурлаж байсан бол одоо олохынхоо хэрээр шунан дурлав. Тоглоомын газраас алхам ч холдохоо больж, идэж уухаа ч умартан тоглов. Гэвч амьдрал түүнийг удаан харж үзсэнгүй. Мөрийтэй тоглоомын газар хагас жил хэртэй хугацааг өнгөрөөсөн Галт ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдлээ.

Нүүрэн дээр нь ямар нэгэн хурц гэрэл тусахад цочин сэрсэн Галтын нүд гялбан анивчихад тэрбээр гараараа нүүрээ халхлав. Арай ядан гэрлийн зүг харваас өмнө нь 22-хон настай гоо үзэсгэлэнт Навчаа дүрээрээ зогсож байх нь тэр. Хажууханд нь өөрийг нь өвчсөн мэт дуурайсан өндөр шар охин инээмсэглэн зогсоно. Ээжийнхээ гоо сайхныг хуулбарласан ч эцэг шигээ гал нь буурсан нүдтэй хөвгүүн ч мөн энд байна. Энэ бүхнийг гайхан хэвттэл ямар нэг хайр мэт бүлээн зүйл гарт нь хүрэхэд гайхан нөгөө тийш харвал настай буурал ээж нь инээмсэглээд сууж байх нь тэр. Галт “Би диваажинд ирчихжээ” хэмээн дуу алдлаа.

"Өвчтөн ухаан орлоо” гэж сувилагч бүсгүйн хашхирах дуунаар цагаан нөмрөгт баатрууд түүнийг бүчин авах нь тэр. Галт хэрхэн яаж, чухам яагаад энд ирснээ ухаарч ядан хэвтлээ. Эмч бүсгүй:
-За одоо та бүхэн тайван байж болно оо. Өвчтөний амь нас аюулгүй. Хэд хоног эмчилгээ хийлгээд хөл дээрээ босчих байх гээд гарч одлоо. Нүүрсний хар хэмээх хоч зүүх болсон Навчаа эргээд 22-той болчихож.

Тэргэнцэрт үүрд хүлэгдсэн хэмээн бодож явсан охин нь нарийхан гоолиг хөл дээрээ бат зогсож байна. Хэвтэрт ороод хоногоо хүлээж байсан ээж нь тэргэнцэр дээр суучихсан, царай нь гэрэлтэж байх юм. Цаг үргэлж л өвчин хэлж, жаахан таагүй зүйл болоход л унаж тусаж зовоодог хүү нь цоо эрүүл болчихож.

Гэвч энэ амтат зүүд удаан үргэлжилсэнгүй. Хаалга сэвхийтэл онгойж, ажил хэрэгч хувцасласан нэгэн залуу орж ирэв. Тэрбээр Галтын ээжид хацраа үнэрлүүлэн, хоёр хүүхдийнх нь тэргүүнийг гараараа зөөлөн илж, Навчаагийн бэлхүүсээр тэврэн зогслоо. Тэгснээ Галт руу инээмсэглэн харж: “Ашгүй дээ. Тэнхэрч байна уу” гэж асуув.

“Зул аа, миний охин. Аавдаа шөл хийж өгөөч” гээд Галт руу аз жаргалаар очтон гэрэлтэх тэр нүдийг сая л танилаа. "Барьцаалан зээлдүүлэгч”.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.