С.Боргил: Хэрэв боломж л олдвол Сүүдрийн Засгийн газрыг бий болгохын төлөө ажиллана
Хөдөлмөрийн үндэсний /ХҮН /-намын дарга С.Боргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Та юуны түрүүн ХҮН намын талаар танилцуулна уу?
-Хөдөлмөрийн үндэсний нам 2011 онд байгуулагдсан. Манай гишүүд “Хөгжил хүн” клубээс эхлэлтэй гэдгийг юуны түрүүн хэлье. Бид энэ жилийн хоёрдугаар дугаар сарын 13-нд “Үндэсний Хөгжил- Монгол Хүн” нэртэй анхны чуулганаа зохион байгуулж,  улс төрийн хүчин болсноо зарлаж байсан.
 
Дараа нь манай клубээс “Үндэсний хөгжил-Монгол зорилго” нэртэй хоёрдугаар чуулганаа дөрөвдүгээр сарын 28-нд хийж, үүгээр Улс төрийн нам болохоо зарлаж, чуулганы төгсгөлд уриалга гаргасан. Уриалгаараа  “бидэнтэй адил санаа зорилготой хүмүүс байвал ирж нэгдээрэй. Мөн бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ зарласан. Энэ дагуу улс төрчдөөс бидэнтэй холбогдож, ирж уулзсан. Мөн хувь хүмүүс ч их ирсэн. Энэ уриалгын дагуу Хөдөлмөрийн үндэсний нам биднийг ирж нэгдээч гэсэн хүсэлт гаргаад бид намын ээлжит бус хурлыг хийж “Хөгжил хүн” клубын гишүүдээс удирдах зөвлөлөө бүрдүүлсэн.
 
-Танай намын уриа хүнээ дээдэлж, хүнрүүгээ чиглэж ажиллана гэсэн байсан?
-Хүн төвтэй байна гэдэг ерөөсөө манай намын үзэл юм. Хоёрдугаар сарын 13-нд болсон хурлаар гаргаж ирсэн үзэл санаа юу байсан бэ гэхээр нийгмийг анхдагч нэгж болсон  хүнрүүгээ чиглэсэн бодлого явуулах ёстойг бид тодорхойлсон. Манай улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүнээ хаячихсан. Хүний төлөө ажиллах ёстой институц нь өөрөө нийгэм байх ёстой.  Гэтэл бид хүнээ орхичихсон, хүн өөрөө үнэгүйдчихсэн. Цалин хөлс муу, эрүүл мэндийн тогтолцоо нь хангалттай биш, та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр нийгэм хүнээ хамгаалах ёстой. Иймээс намынхаа гол үзэл санааны тулгуур хүн байх ёстой гэж бид үздэг. Хүн дээд үзэл маань өөрөө таван гол тулгуур  хүчин зүйлээс бүрдэж байгаа. Утга авцалдаагүй уран яруу санаа дэвшүүлээгүй. Илүү бодитой илүү хүндээ хүрсэн зүйл хийхийг бид хүсэж, зорьж байна.
 
Хүнд нэгдүгээрт хоол хүнс , хоёрдугаарт орон байр, гуравдугаарт эрүүл мэндийн тогтолцоо,  дөрөвдүгээрт боловсролыг системтэй байлгамаар байна. Тавдугаарт орлоготой байх. Энэ таван хүчин зүйлс нь хүний тулгуур нь болж байгаа юм.
 
Мөн нөгөө талаас хүн дээд үзлийн бас нэг хэсэг нь нийгэм өөрөө байдаг. Бид олон жилийн турш нийгэмтэй холбоотой асуудлыг хүнрүүгээ болгож ярьсан. Гэтэл бид хүнээ орхигдуулсан.
Тэгэхээр ХҮН намын гол үзэл цөм нь хүн юм. Хүнээ тойроод нийгэм байгаа. Хүн нь таван хүчин зүйлтэй, гэж хэлсэнчлэн нийгэм нь бас тулгуур таван хүчин зүйлтэй.  Нэгдүгээрт баялгийг бүтээнэ. Хоёрдугаарт баялгыг шударгаар хуваарилна. Гуравдугаарт эрүүл орчинтой байх. Дөрөвдүгээрт эрхзүйн зөв орчинг бүрдүүлэх. Тавдугаарт Үндэсний оршихуй байна. Ингээд Монгол нийгэм оршин тогтноно.
 
-2016 оны сонгуулийн сурталчилгаа ил далд хэлбэрээр ерөнхийдөө эхэлчихлээ. Энэ үед ХҮН нам шинээр гарч ирлээ. Үүнийг зарим хүмүүс сонгууль дөхсөнтэй холбон харж байна?
-Манай нам 2016 оны сонгуулиар улс төрийн үйл ажиллагаагаа хязгаарлахгүй. Цаашдаа 2020, 2024 гээд цаашдын урд удаан хугацаагаар харж байгаа. Харин 2016 оныг бол бидний хувьд эхлэл гэж харж байна.
 
-Зарим намууд сонгуулийн бэлтгэл, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад эхэлчихлээ. Танай намын хувьд хөтөлбөрөө боловсруулсан уу?
-Манай намын ээлжилт бус их хурлаар намын шинэчилсэн бүтэц зохион байгуулалтыг хийх , мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг боловсруулж Намын их хурлаар намын гишүүдэд танилцуулах шийдвэр гарсан. Үзэл баримтлалаа боловсруулахдаа ард иргэдийн саналыг сонсохоор болсон. Энэ чиглэлийн дагуу нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг жагсааж гаргаад явж байна. Судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан.
 
Харин мөрийн хөтөлбөрийн тухайд ажлууд хийгдээд эхэлсэн. Энэ талаар дотроо хэлэлцээд олон түмэнд удахгүй танилцуулна.
 
-Намын их хурлаа хэзээ хийх вэ?
-Одоогоор хугацаа нь товлогдоогүй байна. Энэ жилдээ багтаад зохион байгуулахаар төлөвлөгдөөд байна.
 
-ХҮН нам одоогоор хичнээн гишүүд дэмжигчидтэй болоод байна вэ?
-Одоогийн байдлаар намд элссэн 1600 орчим гишүүнтэй. Дэмжигч гишүүдийн тоо 10 орчим мянган байна. Бид улс төрийн хүчин болсноо зарласнаас хойш гишүүд дэмжигчдийн тоо эрс нэмэгдэж байна.  
 
-Орон нутгуудад намынхаа төлөөллийг сонгосон уу?
-Орон нутгуудад намынхаа анхан шатны төлөөлөл байгууллагуудыг байгуулах ажил эхэлж байна.
 
-Сонгуулийн тухай хууль намуудын гол сэдэв байна л даа. Үүнд танай намын байр суурь?
-Сонгуулийн тогтолцоог бид юу гэж харж байгаа вэ гэхээр, улс орны эрх ашигт тохирсон, ард түмний сонголтыг чөлөөтэй илэрхийлж чадахуйц байгаасай гэж хүсэж байна. Түүнээс бус улс төрийн тодорхой хүчин, намд үйлчилдэг хууль бүү байгаасай  гэдэг талаас нь харж байна.
 
-Өнөөдөр иргэдийн намд итгэх итгэл буурч байгаа. Энэ үед улс төрийн шинэ хүчин болж гарч ирэх нь зөв сонголт мөн үү?
-Бид энэ шинэ цагийн үүрэгтнүүд. Бид энэ ажлыг хийхийн тулд одоогийн байгаа хууль эрхзүй, одоогийн байгаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооныхоо дагуу л явна. Бид өөрсдийн өмнө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд улс төрийн намын хэлбэрээр явахаас өөр арга байхгүй. Клубын зохион байгуулалтаар явбал хэзээ ч улс төрд нөлөө үзүүлж чадахгүй. Энэ байгаа тогтолцоонд нөлөөлж чадахгүй.
Улс төрийн намуудад хүмүүс яагаад дургүй болоод байна вэ гэхээр улс төр өөрөө хэтэрхий бохир, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэх хэмжээнд хүртлээ бохирдсоноос болж иргэдийн итгэл алдарч байна.
Харин бид цоо шинэ соёл, цоо шинэ тогтолцоо, цоо шинэ хандлага цоо шинэ уур амьсгал бий болгоно. Бид нийгмийн цоо шинэ орчинг бүтээнэ гэж зорьж байгаа.
 
-Магадгүй улс төрд цоо шинэ хүмүүсийн хүлээлт байсан байж болох юм?
Манай намд байгаа хүмүүсийн дийлэнх нь улс төрд идэвхитэй орж байгаагүй цоо шинэ хүмүүс байгаа. Сурч боловсорсон, ажил мэргэжлээрээ туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахуйц тийм хүмүүс байгаа. Хамгийн гол нь тэд эх орноо гэсэн чин сэтгэл дор нэгдэж байна.
 
-Нам өмчтэй байх ёстой юу. Үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Нам бол өмчтэй байна гэдэг өөрөө хөрөнгө мөнгөний асуудалтай шууд холбогддог. Манай нам санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудал дээр дээд зэргийн ил тод байдлыг хангаж ажиллана. Ингэж ил тод байж гэмээнэ ийм соёл, чиг хандлагыг харуулж байж улс төрд шинэ соёл, шинэ орчинг бий болгоно. Эрүүл уур амьсгал, ил тод байдал  зөв тогтолцоог бүрдүүлнэ.
 
-Өнөөдөр толгой намуудыг бизнесийнхний гарт орчихлоо гэж шүүмжлэх нэгэн бас байна. Танай намын хувьд?
-ХҮН нам бол бизнесийнхний гарт ороогүй, орох ч үгүй Бид гишүүдийнхээ татвар, хандиваар санхүүжинэ.  Хамгийн гол нь энэ бүхэн маань ил тод байх болно.
 
-Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөгийн Засгийн газар эдийн засгийн маш хүнд үед ажиллаж байгаа гэж бодож байна. Сайн, муу гэж яримааргүй байна. Эдийн засгийн маш хүндрэлтэй байдалд ажиллаж байгаа. Засгийн газар бололцооныхоо хэрээр л ажиллаж байгаа байх. Гэхдээ энэ юунаас улбаатай вэ гэхээр бид өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар уул уурхай эдийн засгаас орж ирсэн хөрөнгийг буруу зарцуулснаас үүдэлтэй. Эдийн засагт “Голланд өвчин” гэж нэрийддэг тэр хямрал манайд маш хурц хэлбэртээ ороод байна. Үүнээс болоод улс орон төлбөрийн чадваргүй болох бодит аюул нүүрлээд эхлэчихлээ. Энэ нөхцөлд Засгийн газар ямар нэгэн байдлаар сонголтгүй болж, цаашлаад Засгийн газрынхаа хувьд бие даасан шийдвэр гаргах бололцоо нь хумигдаж байна гэж харж байна. Энэ хүндрэлээс улс орон маань түргэн хугацаанд гарна гэж би хувьдаа бодохгүй байна. Энэ удаан үргэлжилсэн  хямрал байх болов уу гэж харж байна. Хямрал  2020 он хүртэл үргэлжилж магадгүй.
 
Яагаад гэхээр 2016, 2017 онуудад Засгийн газарт Бондын төлбөрүүд орж ирнэ. Эдгээр төлбөрүүд орж ирэхээрээ Улсын төсөвт томоохон дарамт болно.
 
-Хөрөнгө оруулалтын тухайд?
-Хөрөнгө оруулалтын орчин богино хугацаанд сайжирч, гадаадын хөрөнгө оруулалт огцом өснө гэж би харахгүй байна. Ирэх жилүүдэд эдийн засаг маш хүндрэлтэй байхаар урьдчилсан төсөөлөл гарч байна.
 
-Тавантолгойн гэрээний асуудлыг хөндөхгүй өнгөрч чадахгүй нь. Өнөөгийн халуун сэдэв Тавантолгойн гэрээг сонирхож үзэв үү?
-Гэрээг нь одоо буруу зөрүү гэж  хэлэх хэцүү. Янз бүрийн хувилбар байж болно. Үүн дээр яг одоо албан ёсны байр сууриа илэрхийлэх эрт байна. Ажлын хэсэг гарсан, албан ёсны байр сууриа удахгүй илэрхийлнэ. Манай мэргэжлийн хүмүүс Таван толгой болон Оюутолгойн асуудлаар ажлын хэсэгт хуваагдаад ажиллаж байна.
 
-Газрын доорх баялгаа ашиглах нь нэг талаас зөв, нөгөө талаас буруу л гэнэ. Таны хувьд?
-Газрын доорх баярлаг гэдэг бол баялаг биш, олз юм. Энэ бол нэг удаагийнх.  Эдийн засгийн хувьд баялаг гэдэг нь үйлдвэрлэлийн тодорхой дамжлага, технологийн дагуу хийгддэг хүний ороолцоотойгоор бүтээгддэг эд юм.  Өөрөөр хэлбэл, баялаг гэдэг тэгэхээр хүний оролцоотойгоор дахин дахин бүтээгдэж байдаг, бүтээгдэхүүн үйлчилгээ гэж ойлгож болно
Харин байгалийн нөөц  бол нэг удаагийнх дахин хэзээ ч бүтээгдэхгүй. Тиймээс энэ баялаг биш. Ашиглахдаа бид нэг удаагийн нөөц гэдэг талаас нь үргэлж хардаг байх ёстой. Тиймээс зөвхөн энэ үеийнхэн ашиглахгүй.  Ашиглавал ирээдүй хойчдоо хүртээх ёстой.
 
-Улс төрд суудалгүй намууд байсхийгээд л сүүдрийн Засгийн газар байгуулах тухай  яриа гаргадаг. Хэрэв үнэхээр сүүдрийн засаг байгуулбал, танайх үүнийг дэмжих үү?
-Үнэхээр сүүдрийн Засгийн газар байгуулах боломж олдвол бид дэмжинэ. Энэ бол улс төрийн намуудын хийх ёстой ажлуудын нэг юм. Сүүдрийн Засгийн газрын оролцоо гэдэг зүйл манайд байхгүй учраас улс төрд хяналт гэж алга. Тийм учраас бидний байр суурь сүүдрийн Засгийн газар гэж байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Хэрэв боломж л олдвол бид үүнийг бий болгохын төлөө ажиллана. Энэ бол манай улс төрийн цоо шинэ зөв тогтолцоо, шинэ соёл, эерэг уур амьсгал бүрдүүлэх нэг алхам болох юм.
 
-Танай намын “ард”  улс төрд сууж буй гишүүд байна гэх хардлага хэвлэлээр гарч байсан. Тухайлбал С.Ганбаатар, Баттулга гээд гишүүдийг нэрлээд байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энэ бол бодитой мэдээлэл биш. Манайд зарим улс төрчид хандаж, үйл ажиллагааг чинь дэмжиж явдгаа илэрхийлж байсан. Бидний ард хэн байгаа вэ гэхээр бид өөрсдөө л байгаа. Биднийг хаанаас ч юм бэ, хэн нэг нь удирдаад санхүүжүүлээд тодорхой хэмжээнд зүг чигийг нь зааж өгөөд байгаа зүйл огт байхгүй. Үүнийг би онцолж хэлмээр байна. 
 
-Намын тань талаар манай уншигчид ойлголттой болсон байх. Тэгэхээр та өөрөө энэ намын удирдагч хүн. Та улс төрийн хүчинд орохоосоо өмнө юу хийж байсан бэ?
-Би 1991 онд Монгол Улсын Их Сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгсөөд Сангийн яаманд эдийн засагч, Зарлага санхүүжилтийн хэлтсийн дарга хийж байгаад 1999 онд АНУ-д магистрт сурахаар явсан. Тэндээ магистраа хамгаалаад докторт сурсан. Ингээд АНУ-ын Колорадо мужийн банкинд 10-аад жил ажилласан. Тэнд зээлийн шинжээч, банкны захирлын албан тушаалд ажиллаж байсан. Ингээд буцаж ирээд 2013 онд Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан Ирээдүйн Өв сангийн тухай хуулийн ажлын хэсэгт гишүүнээр мөн Засгийн газарт Оюутолгойн асуудлаар зөвлөхөөр ажилласан.  
 
-Нэгэнт өнөөдөр яригдаж байгаа Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүний хувьд танаас энэ хуулийн төслийн талаар тодруулмаар байна?
-Ирээдүйн өвс сангийн тухай хууль нь Баялгийн сангийн тухай ойлголттой салшгүй холбоотой. Баялгийн сангийн тухай ойлголт нь ерөөсөө байгалийн нөөц баялагтай шууд холбогдоно. Байгалийн нөөц баялаг гэдэг ерөөсөө ганц удаагийн л орж ирдэг орлого. Нэг удаа зараад л нэг удаагийн орлого болоод дуусдаг. Энэ бол зөвхөн нэг үеийнхэн хэрэглэх нөөц биш. Ес зүйн хувьд үүнийг хойш үедээ өвлүүлэх, хуваалцах ёстой. Уул уурхайн мөнгө нь өөрөө маш их хэмжээтэйгээр богино хугацаанд ордог мөнгө байдаг учир эдийн засгийг тогтворгүй байдалд аваачдаг.
 
Одоогийн бидний орчихоод байгаа нөхцөл байдал үүний нөлөөгөөр бий болсон сөрөг байдал шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл нь үүнээс урьдчилан сэргийлэх, дараагийн уул уурхайн өсөлтийн өмнө тодорхой тогтолцоог урьдчилан бий болгож ирээдүй хойч үедээ энэ салбарын орлогын тодорхой хэсгийг өвлүүлэх зорилготой. Эдийн засагт ямар нэгэн дарамт үүсгэхгүйгээр одоогийн хүний хөгжил санд төвлөрч байгаа хоёр эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, мөн стратегийн орд газар дээрх төрийн өмчид газруудын хувьцааны ноогдол ашиг гэсэн 2 эх үүсвэр одоогийн Хүний хөгжил санруу ордог. Хүний хөгжил санг 2017 оноос татан буулгаад суурин дээр Ирээдүйн баялгийн сан босох юм. Тэгэхээр Ирээдүйн өв сан нь  Хүний хөгжил сангийн үргэлжлэл гэж ойлгож болно. Тэгэхдээ илүү утгатай, хөрөнгөтэй, хөрөнгөө олон улсын зах зээлд гаргадаг, босгосон хөрөнгөө ирээдүй үедээ өвлүүлж үлдээх зорилготой юм.
Хэрэв эдийн засгийн байдал тогтворжвол үүнийг 2018 оноос эхлүүлнэ гэж тооцож байгаа. Гэхдээ сангаас зарцуулалт хийхгүй байж байгаад зарцуулалтыг 2030 оноос эхлүүлэхээр хуулийн төсөлд тусгагдсан.
 
-Энэ Баялгийн сан 1072 хувьцаатай холбогдох уу?
-Энэ 1072 хувьцаатай холбогдоогүй байгаа. Эх үүсвэрийг гадны олон улсын хөрөнгийн зах зээл дээр байршуулна. Тэгж байж уул уурхайн салбарын орлогын тодорхой хэсгээ санхүүгийн хэрэгсэл болгож өгөөж бий болгоно.
Яагаад улс оронд “Голланд өвчин” гардаг вэ гэхээр шингээгч  чадвар муутай  эдийн засагт маш их мөнгө богино хугацаанд хийчихээр сагаад гарч ирдэг. Иймээс сагуулахгүйн тулд улс орнууд Баялгийн санг байгуулдаг. Бидний хувьд нэгдүгээрт байгалийн нөөц баялагаас орж байгаа орлогын тодорхой хэсгээ хойч үедээ хүртээх, Голланд өвчнөөс эдийн засгаа хамгаалах зорилгоор Ирээдүйн өв санг байгуулж байна.

Ярилцсанд баярлалаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-15 00:11:10
    Улс төр , төрийн албанд ажиллаж үзээгүй хүмүүст яг итгэж харагдаач, албан тушаал, зөөлөн сандалд амархан авчих гэсэн залуусын цугларал юм байна.
    • Начин 2015-11-12 09:02:02
      ажиллаж байгаа хүмүүс нт төрийн албыг тийм сайн явуулж чадаж байн уу