Оросоос хамааралгүй болох арга замыг авч хэлэлцлээ
Гамбург хотноо “Их 7”-ийн Эрчим хүчний сайд нарын хоёр өдрийн уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтаар дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудал, түүний дотор нөхөн сэргээгддэг эрчим хүчний эх үүсвэрт хурдавчилсан байдлаар шилжих замаар Европын холбооны орнуудыг Оросын эрчим хүч тээгчээс хамаарал багатай болгох асуудлыг онцлон авч үзжээ.
 
Ингэж эрчим хүчний өөр эх үүсвэрийг голчлохыг Герман онцгой ихээр дэмжиж байгаа бөгөөд эрчим хүчний бодлогодоо хэдийн зарчмын эргэлт хийж эхэлсэн бөгөөд үүнийгээ "энергивенде" (Energiewende) гэж нэрлэсэн. Гэхдээ л одоогийн байдлаар Европын холбоо нь эрчим хүч тээгчдийн импортоор дэлхийд тэргүүлсээр. Энэ бүс нутагт үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчний 53 хувийг импортоор оруулж ирсэн түүхий эдээс гаргаж авдаг. Ийм хэмжээний эрчим хүч тээгч түүхий эд худалдан авахад жилдээ ойролцоогоор 400 тэрбум евро зарцуулдаг.
 
Бүр тодруулбал, зөвхөн Герман улс гэхэд л жилдээ газрын тос, шатдаг хий, нүүрс худалдан авахад 100 тэрбум орчим евро зарцуулдаг. Германд хэрэглэж байгаа шатдаг хийн 38 хувь, газрын тосны 34 хувь, нүүрсний 28 хувийг Оросоос оруулж ирдэг. Европын холбооны бусад улсуудын хувьд энэ үзүүлэлт бүхэлдээ арай бага байдаг. Гэсэн хэдий ч Болгар, Латви, Литва, Словак, Финлянд, Эстони гэсэн зургаан улс шатдаг хийн бүх хэрэгцээгээ 100 хувь Оросоос худалдан авдаг.
 
Гэхдээ улс орных нь эдийн засаг хэдий хүнд байгаа ч Оросын эрчим хүч тээгчээс хамаарах байдлаа багасгаж болдгийг Украйн харуулж байна гэж зарим шинжээч үзэж байна. Украйны шатдаг хийн хэрэглээ урьдын адил өндөр, эрчим хүчний үр ашигтай байдал тун хангалтгүй байгаа. Украйны “Нафтогаз”-ын тэргүүн А.Коболев нь Берлинд болсон “Эрчим хүчний аюулгүй байдлын чуулга уулзалт” дээр хэлэхдээ Украйны шатдаг хийн хэрэгцээ Польшоос гурав дахин, Германаас зургаа дахин өндөр байгаа ч 2-3 жилийн дараа гэхэд л хэрэглээгээ одоогийнхоос 10 тэрбум шоо метр шатдаг хий бага хэрэглэдэг болж чадна гэсэн. Ингээд ч зогсохгүй энэ оны байдлаар Украйны импортолсон шатдаг хийн ердөө 30 хувь нь Оросоос, үлдсэн 70 хувь нь Европын холбооноос орж ирсэн гэж мэдэгдэв. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдлын улмаас 5-р сард шатдаг хийн 45 хувийг Оросоос, 55 хувийг Европоос авч байгаа. Учир нь, одоохондоо Оросын экспортлож байгаа шатдаг хий дэлхийд хамгийн хямд байна гэсэн. Гэхдээ цаашид Европын шатдаг хий нийлүүлэх сүлжээ үнээ бууруулбал Украйн нь Оросоос хамаагүй бага шатдаг хий авах боломжтой, энэ байдлыг төсөвтөө тусгахад бэлэн байгаа гэсэн.
 
Оросын шатдаг хийнээс хамааралтай байдлаа багасгахын тулд “Их 7”-ийн эрчим хүчний сайд нар харилцан дэмжлэг авахаар шийдсэн 13-н арга хэмжээний дотор Европын шатдаг хий ба газрын тос дамжуулах дэд бүтцийг хөгжүүлэх, нүүрс устөрөгчийн түүхий эдийн агуулахыг сайжруулах, шингэрүүлсэн байгалийн шатдаг хий тээвэрлэгч усан онгоц хүлээн авах, юүлэх тусгай байгууламж барих, Европын холбооны хүрээнд Эрчим хүчний холбоо байгуулах зэргийг төлөвлөжээ. Европын холбооны хүрээнд Эрчим хүчний холбоо байгуулснаар Оросын “Газпром” ирээдүйд шатдаг хий, газрын тос экспортлох талаар зөвхөн Европын холбооны комисстой ярилцаж тохиролцож байх болно гэсэн үг. Ингэснээр “Газпром” Европын холбооны улсуудтай нэг бүрчлэн, тусад нь гэрээ хийж Европын нэгдсэн бодлогод хагарал суулгах боломжгүй болох юм гэнэ.
 
Украйн улс Европын холбоонд багтдаггүй нь энэ улсыг гэнэт Оросын шатдаг хийгүй үлдвэл үзүүлэх ёстой яаралтай тусламжийн арга хэмжээг боловсруулжээ. Украйны ба Орос хоорондын харилцаа эрс муудсан, “Газпром” цаашдаа Украйны нутгаар дамжуулан Европ руу шатдаг хий дамжуулах бодолгүй байгаа тухай мэдэгдэл зэргийг тооцож үзвэл Украйн огт шатдаг хийгүй үлдэхийг үгүйсгэх аргагүй байгаа юм. Одоо ч ийм арга хэмжээг хэсэгчилсэн байдлаар авч байгаа. Тухайлбал, Европын шатдаг хийн хоолойнуудыг Оросоос авсан шатдаг хийг буцаан шахах техникийн боломжтой болгосноор Украйн руу шатдаг хий буцаан экспортлож байгаа юм.
 
Эндээс хамгийн их анхаарал татсан асуудал нь Оросын шатдаг хийг ойрын ирээдүйд Украйнаар дамжуулан Европ руу нийлүүлэх асуудал. Дөрөвдүгээр сарын дундуур “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер Берлинд айлчлах үеэр хийсэн мэдэгдэлдээ 2019 онд Украйнаар дамжуулан шатдаг хий нийлүүлэх гэрээний хугацаа дуусмагц гэрээг ахиж сэргээхгүй, энэ замыг хаана гэсэн юм. Улмаар Оросоос шатдаг хий авсан хэвээр байхыг хүсвэл Грек ба Туркийн хил руу шатдаг хий дамжуулах хоолой татаж, тэндээс “Турк урсгал”-ын шатдаг хийг авч байхыг анхааруулсан.
 
Гэхдээ хамгийн сүүлд ирсэн мэдээгээр Украйнаар дамжуулан шатдаг хий нийлүүлэх асуудлыг нэг мөр хаагаагүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт энэ тухай Төрийн Думын эрчим хүч хариуцсан хорооны тэргүүлэгч Иван Грачевоос асуухад “Өмнөх бол Миллерийн хувийн бодол болохоос Оросын Засгийн газрын албан ёсны байр суурь биш” гэж хариулсан юм. Мөн Грачев, Оросын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчийн хувьд өөрөө Украйны хоолой, чиглэл нь хамгийн зохистой шийдэл тул хадгалж үлдэх хэрэгтэй гэж бодож байгаагаа хэлжээ.
 
Улмаар “Өмнөд урсгал” эсвэл “Турк урсгал” зэрэг нүсэр төслийг хэрэгжүүлснээс Украйны хоолойг шинэчлэн сайжруулсан нь хамаагүй хямд гээд энэ асуудлыг Европ, Орос, Украйн хамтран шийдэж байх гурван түлхүүрийн хувилбарыг санал болгожээ. Ингэж шинэчлэл хийхэд Өрнөдийн болон Украйны зарим улстөрчид л саад болж байна гэжээ.  Өрнө дахины эрчим хүчний стратеги өөрчлөгдөхөд улс төрийн сэдэл гарцаагүй бий. Учир нь, Европт ч тэр АНУ-д ч төр оросуудыг шатдаг хийгээ улс төрийн дарамт шахалт үзүүлэх зэмсэг болгон ашиглаж болзошгүй гэж сэрдэж байгаа юм. Америкийн Эрчим хүчний сайд Эрнест Монис энэ тухай шууд мэдэгдэн иймэрхүү аюул заналхийлэлд хүчтэй хариу өгөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
 
Гэхдээ  Герман улс, дэлхийн улс төр дээд зэргийн тайван байдалд буцаад орох гэх  мэт ямар ч тохиолдолд нүүрс устөрөгчийн ба цөмийн эрчим хүч тээгчдийг нөхөн сэргээгддэг эх үүсвэрүүдээр орлуулах бодлогыг цаашид ч улам эрчимтэй явуулах төдийгүй бусад орнуудыг ч энэ замаар явахад хамтран ажиллаж, тусламж үзүүлнэ. Энэ чиглэлээр одоо ч гэсэн чамлахааргүй амжилтад хүрээд байгаа. Тухайлбал, ХБНГУ-д үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний 28 хувийг салхины цахилгаан станцууд гаргаж байна. 2020 он гэхэд Умард ба Балтын тэнгис дэх Германы цахилгаан станцуудын нийт хүчин чадал нь 6,5 гигаватт болж, ахиад 10 жилийн дараа 2030 он гэхэд 15 гигаватт болно. Харьцуулахад, 10 том цөмийн цахилгаан станцын үйлдвэрлэдэг нийт цахилгааны хүчин чадал нь 10 гигаватт байдаг.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • түй 2015-05-14 16:02:33
    Ямар чадвар муутай орчуулга вэ. Эрчим хүчний тээгч ч гэх шиг.
  • yj 2015-05-14 07:23:58
    Mongol yahaag ingenious Bologna Guy yum nol
  • Энээ 2015-05-14 02:13:16
    МАНАЙХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРЛАА БАГАСГАХ,НЕФТО НЭРЭХ ҮЙЛДВЭР,САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН АСУУДАЛ ЯАСАН БЭ