Грекийн араас алхаад марш...
Шулуухан хэлэхэд Монголчууд бидний амьдралд баярлаад байх юм үнэхээр харагдахгүй байна. “Нарантуул”-аас эхлээд томоохон худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчид өрөнд орцгоож, түрээсийнхээ мөнгөө төлж дийлэхгүй болсон худалдаачид лангуугаа буцаан өгцгөөж байна. Нэг хонины махыг бүтэн дөрвөн хоног зарж байгаа талаар махны худалдагч ярихдаа толгой сэгсэрцгээж байна. Ард түмэн худалдан авах чадваргүй болж байгаа нь улс мөнгөний хомсдолд орж байгаагийн хамгийн тодорхой үзүүлэлт. Гэтэл 2017 оноос манай улс Чингис бондын өрийн 500 сая ам долларыг эргэн төлж эхэлнэ. Тэр үед Грекийн араас орохгүй гэсэн баталгаа харагдахгүй болж байна. Учир нь яг энэ өдрүүдэд ОУВС, Европын холбооны Төв банкинд Грек лс ойр ойрхон асар их өр зайлшгүй төлөхгүй бол “дампуурал”-аа зарлахаас өөр ямар ч аргагүй болоод байгааг Европын Холбооны санхүү эдийн засгийн асуудал хариуцсан Еврокомиссар, Пьер Москович “Financial timesFinancial times сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан тухай Улаанбаатарын “Bloomberg” телевиз мэдээлэв.
 
Европын Холбооны санхүү эдийн засгийн асуудал хариуцсан Еврокомиссар, Пьер Московичийн хэлснээр Грек улс ОУВС, Европын холбооны Төв банканд энэ сарын 12 буюу өнгөрсөн мягмар гарагт 744.9 сая евро, зургаадугаар сарын 5-нд 297.9 сая евро, 12-нд 335.2 сая евро, 16-нд 558.7 сая евро, 19-нд 335.6 сая евро, мөн зургаадугаар сарын 19-нд 85.4 сая евро зайлшгүй төлөхгүй бол Грек улс гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, гарцаагүй дампуурлаа зарлахаас өөр аргагүй гэдгийг АНУ-ын Санхүү эдийн засгийн яамны сайд Жек Льюг ч анхааруулжээ.
 
Гэтэл бид Оюутолгой, Тавантолгойнхоо учрыг олж чадахгүй, гадныханд алдахын өмнөхөн сууцгааж байгаа. Харин манай дарга нар аанай гадагшаа нисэцгээсээр л. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад энэ сарын 20-21- ны өдрүүдэд айлчилж, Токио хотноо зохион байгуулагдах Олон улсын хуралд оролцох зар түгэв. Тэрээр зүгээр нэг хуралдахгүй Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах талаар ч эх сурвалжууд мэдээлэв. Тэгвэл төрийн тэргүүний айлчлалтай зэрэгцээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийх тухай мэдээлэл цацагдав. Товчхондоо 2015 оны эхний таван сард багтаад Монгол Улсын төрийн гурван өндөрлөг  арлын Японыг айлчлалаар дарж байгаа нь энэ.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд “Bloomberg” телевизэд ярилцлага өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын Рио Тинтотой хийх хэлэлцээр энэ долоо хоногт дуусна” гээд мэдэгдчихсэн. Уржигдраас эхлээд “Рио Тинтотой учраа ололцох” үүргийг “Эрдэнэс Монгол" ХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ны Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар Ерөнхий сайдаас авсан гэх “бор шувуу” нисч эхлээд байгаа. Хэрвээ дээрх хоёр захирал “татгалзах аргагүй үүрэг” авсан нь үнэн бол УИХ- ын гишүүн С.Ганбаатарын хэлээд байсан далд уурхайд шаардагдана гээд байгаа 5.4 тэрбум ам.доллараар Оюутолгойгоо барьцаанд тавьж алдчихаад, нэг жаахан уужуухан амьсгаа авах нь тодорхой болж байх шиг. Магадгүй Ерөнхий сайд маань тэр тухай “маш нууц” мэдээ сонсчихоод Арабын нэгдсэн Эмират руу нисч одох биз.
 
Тэгтэл манай төрийн томчуудын ээлжилсэн айлчлал  завсарлахгүй нь тодорхой болж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх зургаадугаар сард Франц улсад айлчлал хийхээр төлөвлөж, зургаадугаар сарын 11-12-нд Францад өнжих нь тодорхой болов. Товчхондоо манай дарга нар хилийн дээс даван ээлжлэн нисээд л байна, буцаж ирээд тун удалгүй эргээд л нисээд байна. Харин богцондоо ямар ганзагалаатай ирж, тэр нь Монголчуудад ямар өгөөж, ашиг тус өгдөг нь төдийлөн ойлгомжгүй.
 
Японд очоод хамгийн сүүлийн үеийн эмнэлэг бариулахаар боллоо л гэсэн. Гэтэл өнөөх нь өнөөдөр цаасан дээр л сүндэрлээстэй байгаа. Ер нь л дарга нарын айлчлалын үед гарын үсэг зуралцсан ч ажил хэрэг болж амжаагүй олон ажил бий. Харин Ерөнхий сайдыг Арабын нэгдсэн Эмират ниссэн хойгуур байдал хурцдаж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү тэргүүтэй хэсэг тэрслүү нөхөд түүнийг огцруулах үндэслэлээ нэг нэгэнгүй бичээд УИХ- ын даргад өргөн барих нь тодорхой болж байна.
 
Түүнийг буруутгаж байгаа гол үндэслэл нь Оюутолгой, Тавантолгойд дураараа авирласан, ОУВС-аас аргаа барсан улсад үзүүлдэг “Стэнд Бай” хөтөлбөрт багтахаар зүтгэх болсон гэсэн хэдэн гол “дутагдал”-ыг нөгөөдүүл  нь олж хараад байгаа. Гэтэл бодит амьдрал дээр Ч.Сайханбилэгийг огцруулаад ч мөддөө сайжрахгүй, нэг ёсондоо урам сэргэхээр гялтайх мэдээлэл ширхэг ч дуулдахгүй байгаатай Монголчууд бид эвлэрч эхлээд байна.
 
Тун олиггүй, зүрх үхмээр тоо баримтын зах зухаас дурдвал энэ оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 9.7 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 198.7 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурч. Энэ нь өмнөх оны мен үеийнхээс 498.3 тэрбум төгрөг буюу тав орчим хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 734.9 тэрбум төгрөг болж өнгөрсөн гуравдугаар сараас 32.1 тэрбум төгрөгөөр буурсан. Аж ахуйн нэгж байгууллага,  иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж. Энэ нь өмнөх сарынхаас 26.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 559 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 587.8 тэрбум төгрөг хүрч, өмнөх сарынхаас 28.1 тэрбум төгрөг буюу таван хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 288.8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар өссөн байгаа юм.
 
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч.Татварын нийт орлого 2014 оны дөрөвдүгээр сарынхаас 38.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 115.0 тэрбум төгрөг буюу 27.6 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 17.0 тэрбум төгрөгөөр буурсан байна.
 
Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 33.9 мянган болж өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд нэгдүгээр улиралд ажилгүй 88.6 мянган иргэн байгаагийн 53,6 мянган буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 35 мянган буюу 39.5 хувь нь эмэггэйчүүд эзэлжээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр        эрхлэлтийн байгууллагад ажилгүй 35.5 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна. Байдал үнэндээ тун базаахгүй болж байна. Товчхондоо “Грекийн араас алхаад марш” болоход ойртсоор л.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сараа 2015-05-14 02:04:22
    гадаадаар зугаалж явахад нь төрөө өөрчилж тэд нарыг гадаадад нь үлдээмээр байх юм.Манай томчууд нөгөө орныхоо томчуупын с өөр орны даалгавраар тандаж явдаг бх а...
    112.72.13.69
    Мэдэгдсэн Хариулах