Тавантолгой "таг яг"
Тавантолгойн гэрээний төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүд хуульд нийцэж байгаа эсэхийг судлахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаад 13 хоногийн хугацаа өнгөрлөө.
 
Ажиллаад ч гэж дээ, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн л “галыг өөр дээрээ дуудсан”- ых хазуулсан алим барьж, “ноцтой” мэдэгдэл, ярилцлага хөврүүлсээр Ч.Сайханбилэг сайдын “аврал”-ын 14 хоногийг дуусгаж байна. Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын даргаас уйлчих шахан гуйж “14 хоногийн дотор Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөөрэй” хэмээн хошуу дэвссэн ч ийнхүү "таг яг” болоод өнгөрөн одов.
 
“Энержи ресурс” компанийн Тавантолгойн дээрх бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал бүхэн нь 570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод ММС, Люксенбург болон Хонгконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ барьцаанд байгаа. Нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ. Гэтэл 2017 онд буюу хоёр жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд “Энержи ресурс” компани бүх зүйлээ алдаад дампуурах эрсдэлтэй. Бид гэрээнд гарын үсэг зураад явуулчихдаг, нэгээс хоёр жилийн дараа “Энержи ресурс” бүрэн дампуурч, Монголд юу ч үлдэхгүй болж, 100 хувь нөгөө талд шилжих нөхцөл байдал үүснэ.  200- аад жил ашиглах боломжтой ийм том төслийн гэрээг гурав, дөрвөн сарын хугацаанд шахуу байдлаар нэг компанид зориулан хийсэн нь өөрөө хардлага төрүүлж байна. Миний хувийн бодол бол дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай гэж харж байгаа” энэ бол УИХ- ын даргын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хэвлэлд өгсөн тайлбар.
 
Нөгөөтээгүүр “Монголын төмөр зам буюу төрийн өмчит компани төмөр замаа бариад 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд үлдсэн 20 жилийн хугацаанд цэвэр ашгаа аваад тэр нь 1.2 тэрбум ам.долларын ногдол ашиг Монгол Улсын Засгийн газарт ногдохоор байгаа. Ийм байдлаар төмөр замаа барих боломж байж, одоо ч ийм боломж байна гэж ажлын хэсэг үзсэн” гэж зоригтой дуугарсан байна лээ.
 
Ажлын хэсгийн ахлагчийн энэхүү тайлбар, мэдэгдлээс үзвэл “Энержи ресурс” “Шинхау энержи”, “Сумитомо”- гийн консерциумтай эхний байдлаар тохиролцсон Тавантолгойн хөрөнгө
оруулалтын гэрээ “таг яг” болж тас зогсоход гайхаад байх зүйлгүй болжээ. Тавантолгой “таг яг” гээд зогсож байхад Оюутолгой овгосхийснээ бас л нэг баахан асуудалтай л байгаа. Итгэл найдвар өвөрлөгч, залуухан Ерөнхий сайд маань “Энэ долоо хоногт Рио Тинтотой учраа ололцож магадгүй” гэсэн ч сүйдтэй гялтайх, Монголчуудыг баярлуулах “учир ололцол” болж чадахгүй л болов уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань аргаа барж, айлчлал, гуйлганд хамаг анхаарлаа хандуулаад байгаа. Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд анх удаа морилон ирнэ. Магадгүй “Танайх манай Тавантолгойд хөрөнгө оруулахгүй биз. Бид татгалзах аргагүй санал тавина шүү” гэж хэлээд зогсоцгоож байхыг ч үгүйсгэх аргагүй. Учир нь Энэтхэг бол Хятадын дараа орох мангасын хэрэглээтэй, агуу том зах зээл билээ. Харин манайхны “гол гаргадаг” занг сонсож дуулсан Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди хариуд нь “Тавантолгой чинь тэгээд хөдлөх юм уу. Тэр холоос мөнгөө бариад хүрээд ирсэн чинь төмөр замыг минь дээрэмдэх нь гээд тас гүрийгээд суучих юм биш биз” гэж хэлж золигтохгүй л байгаасай.
 
 За даа, сүүлдээ мөлжүүртэй эсэх нь мэдэгдэхээ больсон хоёр толгойгоо бодсоор байгаад Монголчууд янз бүрийн юм мөрөөдөж, зарим нь эхнээсээ сэтгэцийн өөрчлөлттэй болж эхэлж байна. Лав л УИХ-ын нэлээн хэдэн гишүүний даралт байнга ихсэж, багасаж шөнө ч олигтой унтаж чадахаа больсон нь тодорхой. Товчхондоо Ерөнхий сай­дын 14 хоног” дууслаа. Харин Тавантолгой “таг яг” болчихлоо.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГОЛ НЬ ХУРДАН АШИГЛАЖ ЭХЛЭХЭД Л БАЙНА ДА 2015-05-13 05:32:33
    зээнкээ жээнкээ 2-т нь өгчих хурдан ажиллаж эхэлье