Ноён уулын асуудал яагаад чимээгүй болов
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын хэвлийд Монголын түүх соёлыг өгүүлэх археологийн үнэт олдворууд хадгалагддаг. Тодруулбал, 2200 жилийн түүхтэй анхны төрт ёсны Хүннү гүрний 13 орчим хаад, ноёд, язгууртны булш хиргэсүүр цогцоороо хадгалагдан үлдсэнийг археологичид тогтоогоод байгаа билээ. Мөн Чингэс хааны ач хүүгийн амьдарч ундаалж байсан газар гэж зарим хүмүүс ч ярьдаг. Нутгийн олондоо өгөөжтэй Монголчуудын түүх соёлын бахархал болсон Ноён уулын хувь заяа хаашаа эргэх вэ. 

Өмнө нь Ноён уулын сав газарт алт болон төмөрлөгийн хайгуул олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй 42 компани байсан ч “Урт нэртэй” хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгвэл өдгөө уг уулын сав газарт байрладаг 50 тн алтны нөөцтэй “Гацуурт” алтны шороон ордыг стратегийн ордод оруулахаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ноён уулаас 2 км-ийн цаана “Бороо Гоулд” компани үндсэн ордоо байгуулж хэвлийг нь ухахаар зэхэж байгааг нутгийн ард ярьж байсан.

“Бороо гоулд”-ын хувьд өмнө нь 40 тонн алтыг 10 жил ухахдаа таван жилд нь тогтвортой байдлын гэрээ хийгээд дараагийн жилээс татвараа төлнө гэж хулхидаж байсан аж. Мөн Баруунхараачуудыг хоёр дахь “Эрдэнэт” болгож өгнө гэж тархийг нь угааж байсан. Таван жилийн хугацаанд 40 тонн алтыг ямар ч татваргүйгээр ухаад авчихсан гэсэн үг. Ийнхүү тэд хэлсэндээ хүрээгүй. Тэгвэл энэ л аргаараа “Бороо гоулд” нэрээ “Сентерра Гоулд” болгон өөрчлөн Ноён уулруу дайрсаар байна. Үүнийг зогсоох иргэний хөдөлгөөн төрийн бус байгууллагууд өнөөдөр таг чиг байна.  

Энэхүү соёлын дурсгалт газрыг ухаж сэндийчихээр Монголын төрийн зарим түшээд, гадны компаниуд чимээгүйхэн дайрсан хэвээр. Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байгааг далимдуулж, эл газрыг ухаж, газрын доорх баялгийг авах гэсэн шуналтнууд Төрийн дээр тохилцоонд хүрч яваа гэх. Гэхдээ эл асуудал өнөөдөр хэрхэх нь дэндүү бүрхэг. Мэдээ мэдээлэл нь хаалттай хэвээр байна.

Эл асуудал сар гаруйн өмнө анхаарлын төв байж, халуун сэдэв болж байсан. Босоо хөх монгол хийгээд Ноён уулаа аваръя хөдөлгөөнийнхөн хүчтэй тэмцэл өрнүүлж өлсгөлөн зарлаж, Ноён уулыг ухуулахын эсрэг тэмцсээр байсан. Гэвч өнөөдөр тэдгээр төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж, чимээгүй болов. Энэ нь тэдний өлсгөлөнг цэргийн хүчээр тараасантай холбон тайлбарлах хүмүүс байна. Мөн намрын чуулган завсарласнаар энэ асуудал тэгсхийгээд намжсан гэхэд болно. Тэгвэл хаврын чуулганыг нээснээс хойш Тавантолгойн гэрээ улстөрчдийн нэгдүгээр сэдэв болж, Ноён уулын асуудал нэг хэсэгтээ мартагдаж эхлэв. Энэ нь ч нөлөөлсөн байж болох.

Сураг сонсох нь ээ “Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн болон бусад байгууллагаас хийсэн өмнөх хоёр судалгаагаар олборлолт явуулах хэсэгт булш бунхан байхгүй гэсэн дүгнэлт гаргасан гэх. Гэхдээ энэ дүгнэлт баттай бус. Иймээс Ноён уулыг судлах шинжлэх ажлын хэсэг гарч энэ асуудлаар дахин нягталж баталгаажуулах үүрэг авсан гэнэ. Гэвч ажлын хэсгийнхэн нэг удаа газар дээр нь очсон боловч цас ихтэй байсны улмаас ажиллах боломж гараагүй. Тиймээс дулаарч цас ханзарсны дараа ажиллаж дүгнэлтээ гаргахаар болж, үүнтэй холбоотойгоор Засгийн газар тус ордын хэдэн хувийг нь эзэмших талаар шийдвэр гаргахаа түр хойшлуулсан гэх мэдээлэл ч байна. 

Тэгвэл нөгөө талаас Ноён уулыг засгийн газар ч ухахыг дэмжиж буйн илрэл бол Гацууртын ордод төрийн эзэмшлийг 20 хувь гэж тогтоох санал гаргасан явдал юм. Мэдээж, энэ дэндүү чамлалттай тоо. Гэхдээ энэ тоог үнэхээр баталгаажуулсан эсэх өнөөдөр ч бүрхэг. Ийнхүү Ноён уулын асуудал энэ чигээр байвал хав дарагдаж, нэг л мэдэхэд тэндхийн хэвлийг ухаад эхэлчихсэн байх вий гэсэн хардлага төрнө.

Гэвч ноён уулыг ухахыг эсэргүүцсэн иргэд цахим ертөнцөд өөрсдийн талбар дээрээ дуу хоолойгоо нэгтгэсээр байгааг сануулъя. 

Энэ асуудлыг дахин сөхөж, нээлттэйгээр нэг мөр шийдэх цагийг Монголчууд хүлээж байна. Монгол Улс газрын доорх баялгаа мөнгө болгон харсаар, гаднынханд алдах азгүй хувь тохиол Ноён уулаас холуур өнгөрөх ёстой. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gishuun uyanga mun uu 2015-05-13 03:08:57
    manai gishuun bichsen yum uudaa. songuuli duhuud yaj tal tohoi oloh talaar ih l sanaa chileej bianadaa. bid ih chalchsaniig bish bodit yum hiisen huniig songono...
  • Арчаагүй тэнэг шантаж! 2015-05-13 01:46:03
    Шантажлах бизнес нь зогсонги байдалд орохоор хулгайч нар сурвалжлагчид мөнгө төлж ийм юм бичүүлжээ!!!!