Төсвөө тануулсан улсын эмнэлгүүд эмийн өрөнд оржээ
Эдийн засгийн хямралтай холбогдуулан энэ жил салбар бүрт бүсээ чангалах бодлого баримталж байгаа. Харин энэ нь зарим нэг салбарыг туйлдуулахад хүргэжээ. Тодруулбал эрүүл мэндийн салбарын төсөв танагдсанаар  хоёр гуравдугаар шатлалын эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэлээд хүндрэл үүсэж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Хамгийн наад захын жишээ гэхэд Эрүүл мэндийн сайдын багцын эмийн төсөв 24 хувиар танагдсан байна.  Харин үүний улмаас хавдраар өвчилсөн 4400 хүн химийн эмчилгээний зардал, эрхтэн шилжүүлэн суулгуулсан 71 хүн  дархлаа дарангуйлах эмийн зардал, ХӨСҮТ-д бүртгэлтэй 3985 хүн сүрьеэгийн эмийн зардлаа өөрсдөө гаргах болоод байгаа аж.

Мэдээж энэ нь өвчтөнүүдэд маш хүндээр тусаж байгаа нь ойлгомжтой. Зарим  амьдралын боломж тааруу хүнд өвчтэй хүмүүс нь эрүүл мэнд амь насаа гаргуунд гарган эмчилгээгээ зогсоож байгаа тухай эмнэлгийн ажилчид ярьж байна. Үүнээс гадна  эмнэлгүүд төсөв танагдсанаар зарим үйлчилгээгээ хасаж байгаа тухай  мэдээлэл байна. Харин зарим нь яаралтай эрчимт эмчилгээний эм тариаг таслахгүйн тулд бусад тасгийнхаа төсвөөс танан ашиглаж байгаа аж. Эндээс үзэхэд  өөр нэгэн тасагт хэвтэж буй өвчтөнүүд эмчилгээгээ дутуу хагас хийлгэж байгаа гэсэн үг.

Тухайлбал дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүдээ л хийж байгаа аж. Мөн зарим үйлчилгээгээ төлбөртэй болгосон нь иргэдийг улам ихээр туйлдуулж байна. Үүнээс үүдсэн маргаан ч ихээр гарах болжээ. Хэлж ирдэггүй хийсэж ирсэн өвчин зовлондоо шаналсан иргэд эмнэлгийн ажилчидтай хий маргалдахаас өөрийг хийж чадахгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Харин эмнэлгүүдийн энэ мэт аргацаасан байдал нь  уналтад ороод байсан эрүүл мэндийн салбарыг улам туйлдуулж гүйцлээ.

Асуудал үүгээр дуусахгүй. Улсын эмнэлгүүд  өвчтөнүүдээс өөрсдөөс нь зарим ховор эм тариаг авч байгаа ч энэ нь хангалтгүй тул эм ханган нийлүүлэгч байгууллагуудаас өр зээлээр эм тариа авсаар өнөөдөр тэрбум гаруй төгрөгийн өрөнд орсон гэх мэдээлэл байна. Өртэй эмнэлгүүдэд эм ханган нийлүүлэх компаниуд эм тариа нийлүүлэхээс татгалзаж эхэлжээ. Ирэх 7 дугаар сарын 1 гэхэд өрөө барагдуулахгүй бол ханган нийлүүлэлтээ бүрэн зогсооно хэмээн мэдэгдсэн байна.

Манай өнөөдрийн эрүүл мэндийн салбарын дүр төрх ийм л байдалтай байна. Эдийн засаг хямралаа хямралаа гээд улс орны хамгийн чухал салбарын төсвийг ийнхүү хассанд иргэд хамгийн ихээр хохирч байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hk 2015-05-12 11:48:16
    hezee baidla emnelegvvd em taria gargaj emchlvvlj baisan yum emnelegt hebtsen udruus gadnaas iim emnvvd abch irj hiilgeerei geed neriig bichij ugdug uuruu abdag...
  • ХШ 2015-05-12 10:28:11
    УЛСЫН ЭМНЭЛЭГҮҮД ХӨДӨӨ Л САЙН АЖИЛЛАДАГ ЮМ БИЛЭЭ,ХОТОД БОЛ ШАЛ ХУДЛАА,3-Р ЭМНЭЛЭГ Л ЛАВ ҮЗҮҮЛЭХ ЦАГ АВБАЛ 10-20 ХОНОГИЙН ДАРАА,ЭМЧ НАР НЬ ЦАГТ 1-2 ХҮН Л ҮЗДЭГ
  • Ганхүү 2015-05-12 07:15:06
    Өө энэ зочид буудалд өгөх гээд байгаа мөнгөө иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулаач дээ