Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.

Сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэргээс үүдэн эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлага үүссэн болохыг  Эрчим хүчний сайд Д.Зоригт хуулийн төсөл өргөн барих үеэрээ танилцуулав.

Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхэд бага, дунд хэмжээний санхүүжилт шаардсан төсөл, арга хэмжээний биелэлт 90 гаруй хувь, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төсөл, арга хэмжээний биелэлт 5 хүрэхгүй хувьтай байна. Эдгээр хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан эх үүсвэрийн мега төслүүд, бүс нутгийг холбох дамжуулах шугамууд зэрэг том хэмжээний бүтээн байгуулалтын арга хэмжээ нь хөрөнгө, санхүүжилтийн нөхцөл байдлаас үүдэн цаг хугацаандаа хэрэгжиж чадаагүй, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцааны дараагийн шатанд шилжүүлэх зэрэг шаардлагаас үүдэн төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг тодорхой болгон батлах шаардлагатай хэмээн үзжээ.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн, 3 тэргүүлэх чиглэлийн хүрээнд, стратегийн 6 зорилго, 26 зорилтыг тодорхойлж, тэдгээрийг 2015-2023 он, 2024-2030 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжихээр төслийг боловсруулжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.