Догшин хутагтын түүх ба Шамбалын орноор аялсан тэмдэглэл
Хаврын тэнгэр хашаа л бол хаашаагаа шуурга дэгдээж, хацар хайрсан амралтын энэ өдрийг тохиолдуулан Дорнын говийг зорилоо. Эртнээс төлөвлөж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан явж буй сэтгүүлч бидний аялал ганцхан өдрийнх боловч бүгд л ач холбогдол өгөн оройн 08.00 цаг гэхэд бүгдээрээ Улаанбаатар төмөр замын вокзал дээр “гозойтол” цугларцгаалаа. Хэн ч хоцроогүйдээ баярлан, замдаа идэж уух зүйлээ үүрч дүүрсээр вокзал ортол “аяллын галт тэрэг 21.50 цагт хөдөлнө” гэх мэдээ сонсов. Гэтэл бид тус аяллын галт тэрэг маань зуны хуваарьт шилжсэнийг мэдэлгүй өвлийн цагийн хувиараар нь хүрээд ирсэн нь энэ аж.Биднийг хоол унд эргүүлж байтал 2 цаг ч дорхноо өнгөрч бид галт тэргэндээ суулаа. 

Аяллын галт тэрэг төд удалгүй хөдөлж, бид хөзөр тоглож, элдвийг ярьсаар шөнө дөл хүргэж, бүгд амарцгаав....
...Аяллын вагон нь нэг купетдээ дөрвүүлээ байх зориулалттай ч их давчуу санагдсанаа нуугаад яахав. Гэхдээ энэ асуудал болоогүй.
Өглөө хэн нэгний  “босоорой..босоорой” гэх дуунаар сэрлээ. Бодвол Дорноговь аймгийн төв Сайншанд хотод ирсэн бололтой. Ийнхүү өглөө эртлэн боссоноор бидний аялал жинхэнэ утгаараа эхэлсэн юм.
Бидний явсан аяллын вагонд нэг купет 4 хүн, 3 вагонд нийт 108 хүн аялж байв. Бүгд ижил маршруттай бөгөөд өглөөний хоолоо нэгэн ресторанд очиж зооглоод Догшин хутагт Данзанравжаагийн музей, мээм хад, Бясалгалын агуй, Сакура цэцэг үзэх, Хамрын хийд-Энергийн төв, Хүслийн уул гэсэн маршрутаар аялалдаа гарлаа.

Догшин хутагтын түүхэн үнэнийг өгүүлэх Монголд ганцхан музей
 Хамгийн эхний очсон газар Догшин хутагт Данзанравжаагийн музей байлаа. Уг ёсоор бол тус аймагт ирсэн хүн бүхэн энэ музейгээр хамгийн түрүүнд зочилдог гэнэ. Музейн тайлбарлагч хийдэг эгч нь мундаг тайлбарлана.
Манай оронд 1924 онд анх музей үүсэн байгуулагдсан хэмээн түүх бичлэгт бичиж тэмдэглэсээр ирсэн ч 160 гаруй жилийн тэртээ буюу 1840 -өөд оны үед Монгол нутагт монгол хүн музей байгуулан ажиллуулж байсан түүхэн баримт бий гэнэ. Тэрхүү музейг Говийн ноён хутагт Д.Равжаа байгуулж байжээ. Тэрээр олон газраар явж өөрийн биеэр янз бүрийн зүйлс цуглуулан тухайн үедээ маш том “Гиваа Дин Равжаа лин” нэртэй үзмэрийн сүмийг 1842 онд байгуулж байжээ. Энд өөрийнх нь холбогдолтой болон ихэс дээдэс, гадаад орноос бэлэглэсэн бэлэг дурсгал, нутаг орны сонин хачин зүйлс, байгалийн янз бүрийн зүйлсийг цуглуулгыг дэлгэн тавьсан байсан гэх.
Тэгвэл энэ түүхэн хүний тухай жинхэнэ түүхэн үнэнийг өгүүлэх ганцхан музей бол Сайншанд хотын төвд үргэлж нээлттэй байх Догшин хутагт Данзан Равжаагийн музей юм. Энд түүний тоглож байсан шатар, 6 настайдаа хутагтаар тодрох үед нь өмсөж байсан дээл өмсгөл хийгээд Хутагтын хэрэглэж байсан эд зүйлс цөм энд бий.
Музейн тайлбарлагчийн хэлсэн зүйлсээс сийрүүлбэл, сонирхол татам, бас бахархам зүйл олон ажээ.

Равжаа хутагтаас үлдсэн үнэт зүйлсийг хамгаалагч-тахилчийн түүх
Догшин хутагт Данзанравжаагийн музейн одоогийн захирал З.Алтангэрэл хийгээд Догшин хутагтын эд өлгий зүйлстэй хэрхэн холбогдсон тухай маш сонирхолтой түүхийг музейн тайлбарлагч ингэж ярьсан юм.
Догшин хутагт Данзанравжаагаас хойш зургаад дахь үеийн тахилч Түдэв гэдэг хүн байжээ. Тэрээр 1937 онд Равжаагийн эд хөрөнгийн тахилч болсон юм байна. Тахилч гэдэг нь одоогийнхоор бол Ноён хутагтын бүхий л эд хөрөнгө, эдлэл хэрэглэлийг хадгалах хойч үед нь өвлүүлэн үлдээх зорилготой үүрэг хүлээснэн хүн. 1938 оны хэлмэгдүүлэлтээр Ноён хутагтын бүхий л хөрөнгийг лацдахад  Түдэв тахилч түүний юмнуудыг нь устуулахгүйн тулд Равжаагийн сүмийн доогуур ухсан хонгилоор шөнө бүр нэг авдар эд зүйлсийг гаргаж, хээр хөдөө аваачин нуудаг байжээ. Түүний ганц хүсэл зорилго нь Хутагтын бүх эд зүйлсийг яг тэр хэвээр хойчдоо өвлүүлэх байж. Ингэсээр тэрээр нийт 150 өдөр 150 ширхэг авдрыг хөдөө хээр буйд нууж чадсан байна. Тэнд нийт 1500 гаруй авдар дүүрэн эд зүйлс байснаас ердөө 150-ийг л Түдэв гуай гаргаж амжжээ. Ингэхдээ тэрээр өөрийн ач З.Алтангэрэлийг өөрийн хойч үе тахилчаар сонгон сурган хүмүүжүүлж байсан гэдэг. Ингээд түүнийг эрийн цээнд хүрэхэд нуусан авдруудаа зааж өгсөн ч тэдгээр авдруудаас 64 ширхгийг нь өнөө олоод байгаа юм. Тэгэхээр 86 авдар Дорнын их говийн элсэн манхны хаа нэгтээ одоо ч “хэвтсээр буй” гэнэ.

Ийнхүү Түдэв гуайн ач хүү З.Алтангэрэл долоо дахь үеийн тахилчаар сонгогдоод, ардчилсан нийгэм гарч Догшин хутагтын музейг байгуулж, жуулчдын очих дуртай газрын нэг болгосон байна. З.Алтангэрэл одоо ирээдүйн тахилчаа сонгож, мөн л бэлтгэж байгаа гэдгийг тайлбарлагч эмэгтэй хэлж байв.
Тус музейн үүссэн түүхээс товчхон сийрүүлбэл ийм байна. Яриад хэлээд байвал энд  их юм бий. Ноён хутагт бичгийн эрдэм хийгээд, урлагийн өндөр мэдрэмжтэйгээс гадна зэвсгийн эрдэмт мэргэшсэн тулаанч хүн байсан гэнэ. Моорог гэх Японы хааны удмын хүн түүний зэвсгийн эрдмээс суралцахаар Монголд ирж, шавилан сууж байсан гэнэ.
Саран хөхөө дуулалт жүжгээ тавихдаа хэрэглэж байсан эд зүйлс, судар барлаж байсан бар гээд л их л олон үзмэр энэ л музейд байна. Мөн уран бүтээлийн онгодынх нь бэлгэдэг шувууны баримал ч энд л байна.
Миний хувьд “Нууцын бурхан” гэсэн тайлбартай өвөр дээрээ хүү суулгасан эмэгтэйн бурхан анхаарал татлаа. Иймээс “Нууцын бурхан” гэж ямар утга учиртай бурхан байдаг талаар тайлбарлагчаас тодруулахыг хүссэн ч тайлбарлагч маань “Нууцын бурхан”-ы талаар хэлэхийг хүссэнгүй. Тэрээр “хүмүүст тайлбарлаж болохгүй өөрөө нууц зүйл” гээд хэлж өгсөнгүй. Мэдэхийг хүссэн зүйлээ мэдэж чадаагүй тул миний урам жаахан хугарсан ч Данзанравжаагийн талаар маш өргөн мэдлэгтэй болж, түүнээр бахархах сэтгэл төрөв.
Оюутан ахуйд Дорноговь нутгийн найз нар маань бүгд л Данзанравжаагаа шүтэж, шалгалт шүлэг болохоор нутагтаа очиж, залбирч мөргөөд ирье гээд явдаг нь түүний энэ их түүхийг дээдлэн мэддэг, шүтдэг байсны илрэл юм.
Ингээд Данзаврагжаагийн тухай мэлмийг нээсэн музейгээр аялснаа ингээд өндөрлөе. Яривал их юм бий. Дараа удаа та бүхэн өөрөө очиж үзээрэй.

Мээм хад
Ингээд бид микроавтобусдаа суун салхинд нүдчүүлсээр дараагийн зогсоолруугаа явлаа. Эхний зогсоол Мээм хаданд ирлээ. Хэдийгээр бид 10-аад микротой 100-уулаа явж байгаа ч салхитай өдрийг ажралгүй өөр олон аяллынхан тэнд аль хэдийн очсон байлаа.
Салхи нүүр нүдгүй балбаж, хаврын тэнгэрийн жинхэнэ аашийг харуулж байсан ч сүсэгтэй хүмүүс хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө залбиран “Мээм хаданд сүү өргөсөөр байв. Гэхдээ тэрхүү өргөсөн сүү нь байгаа онохгүй салхинд хийсэж хажууд залбирах эмэгтэйн нүүр, хувцсыг норгосоор байв. Тэнд олон ч  эмэгтэй сүүгээр нүүр, хувцсаа угаалгав. Гэлээ гээд тэд аашилж, уурласангүй. Учир нь Монгол эмэгтэйн уужуу занг гаргаж, “яах вэ, хаврын салхи угаас ийм. Хүүхдүүдийнхээ заяа буяныг тэгшитгэж, хадандаа өргөж байгаа сүү болохоор яав л гэж” хэмээн нэг нэгэндээ ууч зан гаргах нь сэтгэл амраана.
 
Хэдийгээр бид салхины хурд 15-17 м/сек гэдгийг мэдэж байсан ч ийм айхтар шороо босож, нүүр нүдгүй шуурна гэж төсөөлсөнгүй. Энэ нь биднийг говь нутгийн хүмүүс биш гэдгийг илтгэнэ. Очсон хүн болгон л айхтар салхитай шуургатайг нь гайхацгаана.

Сакурагаар гоёсон бясалгалын агуй
Харин дараа нь Сакура цэцгээр гоёсон Равжаа хутагтын шавилан сууж байсан агуйд ирлээ. Бясалгалын 108 агуй. Гэгээрэлд хүрэх нэг арга зам нь бясалгал байсан болохоор Равжаа хутагт энд л шинээр дахин төржээ. Эхийн умай хэмээх нэгэн агуйд Равжаа гэгээрэн хутагтын дүрийг олсон гэдэг юм байна. Тэгээд энэхүү агуйгаар гарвал дахин төрсөн мэт болдог гэнэ. Иймээс “эхийн умай”-гаар очсон хүн бүр мөлхсөөр орж, мөлхсөөр гарч ирнэ. Энэхүү агуйд энерги хамгийн өндөр байдаг гэнэ.
Орж гарсан агуй бүртээ л маань уншиж, арц хүжээ өргөсөөр явав. Өвчин авдаг хаданд налан хэсэг хугацааг үдэв.
Биднийг очиход Сакура дөнгөж дэлбээлж байлаа. Олон талаараа хадаар хүрээлэгдсэн Сакура элсэн говьд ургаж байгаагаа ч мартан дэлбээлэх нь жинхэнэ гайхамшиг гэлтэй. Мөн долоохон хоног дэлбээлээд хагдардаг аз жаргалын бэлгэдэл болсон сакураг үзсэндээ бид ч баярлав. Зургаа ч баахан даруулав. Учир нь бид унахаас нь өмнө түүнийг цагаан ягаан дэлбээг олж харсан шүү дээ.


Шамбалын орон ба энергийн төв
Шамбалын орон- Энергийн төв Дорноговь аймгийн төвөөс урагш 30 км-т оршино.  Хамрын хийдийн дэргэдэх “Шамбийлга орон” өөрөө байгалийн үзэсгэлэнт газар.
Хутагт 52 настайдаа жанч халахаас хоёр жилийн өмнө “Шамбал” гэдэг газрыг дараачийнхаа төрлийг олж, урьд төрөлд байсан шавь нартайгаа эргэж уулзана гэсэн ерөөл талбиж байгуулсан гэдэг. Бид “Нүгэл хилэнцийг арилгах Шамбалын алтан хаалгаар орж байна” хэмээн дотроо сүсэглэж, баруун талын хаалгаар дотогш оров. Ингэж л сансрын хүрдэнд байгаа энерги газрын татах хүчин, соронзон төвийг холбож, орон зай үүсгэн хүний оюун санаанд энерги өгдөг дэлхийн хоёр том энергийн төвийн нэгэнд ийнхүү зочлов. Харин нөгөө нэг нь Төвдийн цаст Гималайд байдаг гэлцэнэ.

Шамбалын орон хэмээгдэх Энергийн төвд ирсэн хүн бүр өөрийгөө аз жаргалын оронд ирснээр төлөөлж, тэр сайхан энергээрээ өөрийгөө ирснийг мэдэгдэн буцдаг жамтай аж. 
Шамбалын орон 3 хаалгатай.  Урд хаалгаар энгийн иргэд бид орно. Харин  баруун талын хаалгаар ихэс дээдэс буюу төр түшигчид орно. Зүүн хаалгаар харин бурхад морилдог аж.

“Шамбалын орон”-ы алтан хаалгаар энергийн  төв рүү орж “Бирдийн ходоод”-нд “Бие, хэл, сэтгэл гурваар үйлдсэн нүглийг минь арилгаж өгөөрэй” хэмээн шивнэлээ. Д.Данзанравжаа хутагтын сүнстэй уулзах, энерги авах, хүслийн уултай Хамрын хийдээс холбогдох учиртай “Цагийн хүрдэн”-д бас саатлаа. Хөтөч залуу “Та бүхэн Хутагтын аль нэг төрөлд шавь нь болж явсан хүмүүс учраас энд иржээ” хэмээн хэлэв. Ийм сайхан ерөөл тавилантайгаар энергийн төвд ирсэн бид тэндээс  Хүслийн уултай холбогдож, сэтгэл дотроо үргэлж тээж явдаг бүхий л сайн сайхан хүслээ бодож, залбирав.

Дараа нь энергийн төв хүйс болсон овоонд гарч “Үлэмжийн чанар” дууг аялгуулан дууллаа.
Ингээд сүүлд нь жинхэнэ энерги авдаг хэсэгт очлоо. Тэнд 20 минут хэртэй суусан юм. Шороо шуурсаар аманд аяндаа л элс амтагдаад ирэв. Гэхдээ үүнийг шамбалын орны хишиг хэмээн бодсугай хэмээн хөтөч маань хэлсэн учир ёсоор бодов. Угаас тэнд “пүү маа элс шороо” гэж хэлэх хүн ч алга.   Хамрын хийдэд очсон хүмүүс ар гэрийнхэн, найз нөхөд рүүгээ утсаар ярьж энерги дамжуулдаг ёсыг ч бид гүйцээлээ.

Хамрын хийд
Ингээд өдрийн наран хэвийх үед бид Хамрын хийдээр зочиллоо. 1821 онд анх байгуулагдсан уг хийдийг 1990 онд ахин сэргэсэн түүхтэй. Говийн тавдугаар ноён хутагтын 19 настайдаа байгуулсан Хамрын хийд буюу Шамбалын орон нь тухайн үедээ лам нарын бясалгалын гол төв байсан байна. 3 дугантай.

Хүслийн ууланд гарч хүслээ үлдээв
Ингээд аяллын төгсгөлд Хар уулд хүрлээ. Гэхдээ хүмүүс эл уулыг “хар уул" хэмээн нэрлэдгээс бус Хүсэл хүчний уул хэмээн хүндлэн  нэрлэх ёстойг нутгийнхан сануулав.
 
Хамрын хийдээс Зүүнбаян явах замыг хөндлөн давхиад л нутгийн шүтээн Хүслийн ууланд очлоо. Нутгийнхны сүсэг бишрэлийн оргил болсон Хүслийн ууланд очиход дээшээ өгсүүр ч гэлээ хүсэл биелүүлдэг гэж бодохоор бүсгүй хүн хүрч очих ёстой тэр л хэсэг хүртэл нь гарав.
Орой дээр нь том тахилгатай овоо байх аж. Тэнд мөргөж сүсэлнэ. Хадаг яндар, хамаг сайн сайхан зүйлийнхээ дээжийг өргөж, гуйж залбирах юмаа гуйдаг юм байна. Сайншанд, Зүүнбаянгийнхан бол Хүслийн уул руугаа хурдалж очоод гуйчихад бараг бүх зүйл бүтдэг гэнэ. Уулын дунд хэсэгт бэсрэг сүм, мөргөлийн газартай. Тэнд 3 хүслээ бичэн шатааваас хүсэл биелдэг гэнэ. Бид бас хүслээ бичээд л шатаав. Хэдийгээр салхи ихтэй байсан ч хүмүүс хүсэл бичсэн цаасаа шатаахын тулд бие биедээ нөмөрлөж, салхийг нь хааж өгнө Тэнд мөргөл үйлдээд эмэгтэйчүүдээ үлдээгээд эрчүүд нь дээшээ өгсөж оргилд гарна. Эмэгтэй хүн оргилд нь гарахыг цээрлэдэг юм байна.
Иймээс бүсгүйчүүд бид уулын хормойд үлдэж, хүссэн зүйлээ чулуугаар зураглан Хүслийн ууландаа үлдээлээ. Эрчүүд ч уулнаас ирэн бид Сайншандын зүг хүлгийн жолоо заллаа. Ийнхүү Догшин хутагтын догшин салхитай өдрийн аялал ийнхүү өндөрлөв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аль хаалгаар орсныг таацгаая 2015-05-12 11:01:01
    Баруун хаалгаар оров уу, бид гэсэн өгүүлбэр дэх хаалгаараа оров уу?
  • ЖИРГЭЭ 2015-05-12 01:16:30
    ЗӨВ ШҮҮ